Их Британи ирэх оноос Оросын шингэрүүлсэн байгалийн хийг импортлохоо зогсооно
Их Британийн Засгийн газар ОХУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн импортыг 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хориглох шийдвэр гаргасныг тус улсын Гадаад хэргийн яам мэдэгджээ. “Их Британи 2023 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн Оросын шингэрүүлсэн хийн бүх импортыг зогсоож, дэлхий даяар Оросын хийнээс хараат байдлыг бууруулахад дэмжлэг үзүүлнэ" гэж тус яамны твиттер хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна. Үүний өмнө тус улсын эрх баригчид мэдэгдэхдээ, оны эцэс гэхэд ОХУ-аас шатахуун импортлохоо зогсооно гэсэн юм.
2021 онд Их Британийн зах зээлд нийлүүлсэн хийн тал орчим хувийг Хойд тэнгис дэх Их Британийн эргээс олборложээ. Тус улсад хий экспортлогч хамгийн том орон бол Норвеги юм. Үүний зэрэгцээ импортын хийн 17 орчим хувийг байгалийн шингэрүүлсэн хий эзэлж байгаа бөгөөд ихэнх хэсгийг Катар, АНУ, ОХУ нийлүүлдэг байна.
Өнгөрсөн онд Их Британи Оросоос 3.12 тэрбум шоо метр хий импортолсон нь энэ төрлийн түлшний нийт хэрэглээнийх нь 4 хувийг эзэлжээ. Энэ оны зургаадугаар сард тухайн үед Их Британийн бизнес, эрчим хүч, аж үйлдвэрийн стратегийн сайдын албыг хашиж байсан Кваси Квартенг хэлэхдээ, тус улс ОХУ-аас импортолдог хийн хэмжээгээ 2021 онтой харьцуулахад 75 хувиар бууруулсан гэжээ.
Сэтгэгдэл
Зочин [124.158.67.41] 2022-10-31 08:59:10
Их гүрний дээрэлхүү занд ард түмэн нь чирэгдэж үхнэ