НҮБ-ын тэргүүн айлчлалын төлөвлөгөөгөө өөрчилжээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгыг хамгаалж авч үлдэхэд анхаарлаа хандуулахын тулд айлчлалын төлөвлөгөөгөө өөрчлөхөөр шийдсэн талаар түүний хэвлэлийн төлөөлөгч ням гарагт мэдээлжээ. ОХУ Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнууд руу нь халдсантай холбогдуулан тус тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгад оролцохоо зогсоож буйгаа бямба гарагт мэдэгдсэн байна. Гэрээний эхний хугацаа 120 хоног байсан бөгөөд 11 дүгээр сарын 19-ний өдөр дуусах байжээ. Улмаар аль нэг тал татгалзаагүй тохиолдолд автоматаар сунгах тохиролцоонд талууд хүрээд байсан юм.
“Ерөнхий нарийн бичгийн дарга Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгын эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдалд ихэд санаа зовниж байна. Иймд Алжирт болох Арабын лигийн дээд хэмжээний уулзалтад оролцох төлөвлөгөөгөө хойшлуулахаар шийдсэн” гэж хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлжээ.
“А.Гутерриш Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгыг хамгаалж авч үлдэхийн тулд эрчимтэй яриа хэлэлцээ хийж байна. Мөн Украины хүнс, бордооны экспортыг хөнгөвчлөх санаачилгыг шинэчлэх, бүрэн хэрэгжүүлэх, Оросын хүнс, бордооны экспортод тулгарч буй саад тотгорыг арилгах чиглэлд ажиллаж байна” гэж мэдэгдэлд дурдсан байна. А.Гутерриш даваа гарагт Арабын лигийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Алжирыг зорихоор төлөвлөж байжээ.
Сэтгэгдэл
Зочин [203.91.119.138] 2022-11-01 03:38:19
Энэ нэг эрх мэдэл ч үгүй, том гүрнүүдийн өшиглөх бөмбөг болчихсон хөөрхий амьтаны нөлөө дэлхийн энх тайвны үйлсэд нөлөө бараг алга дөө...зайлуул... өөр эрч хүчтэй удирдагч хэрэгтэй болсон нь тодорхой харагдах болсон шүү дээ