Ховдын тарвас, Булганы жимс, жимсгэнийг газарзүйн заалтад оруулна
Ховд аймаг 3200 гаруй тариаланчтай. Тэдний 80 хувь нь тарвас тариалдаг. Тарвас болон Булганы жимс жимсгэний тариалалтын хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байгаа юм. Ховдын брэнд болсон эдгээр бүтээгдэхүүнийг газарзүйн заалтад оруулахаар төлөвлөж байна.
Тус аймгийн тариаланчид энэ жил л гэхэд 530 гаруй га талбайд тарвас тариалж, 6300 гаруй тн-ыг хураан авчээ. Харин жимс жимсгэнийн 500 гаруй га талбайтай. Хаврын тариалалтаар үүний 90 гаруй га-д нь жимс жимсгэнэ тариалж, 200 гаруй тн жимс хураан авсан байна.
Сүүлийн жилүүдэд тарвас, Булганы жимс, жимсгэнийг түлхүү тариалах тариаланчдын тоо ч нэмэгдэж байна. Энэ хэрээр бүтээгдэхүүний үнэ цэнэ, чанар байдал нь алдагдахад хүрч болзошгүй байгаа юм. Тиймээс Ховд аймаг нутгийн брэнд болсон тарвас, Булганы жимс жимсгэнийг газарзүйн заалтад оруулахаар ажиллаж байгаа аж.
Дээрх бүтээгдэхүүнийг газарзүйн заалтад оруулахын тулд тариаланчид нэгдэх шаардлагатай болж байгаа юм. Ингэхийн тулд орон нутгийнхаа хөрсөнд дасан зохицож, ургах чадвартай жимсний модыг тарьж ургуулах, нэг сортын тарвасыг тариалж зохистой дадал нэвтрүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай юм байна.
Ховдын тарвас, Булганы жимс, жимсгэнийг газарзүйн заалтад оруулах зорилтын хүрээнд тус аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас салбарын мэргэжилтэн, эрдэмтэн докторуудтай хамтран эрдэм, шинжилгээ, судалгааны ажлыг эхлүүлж боловсон хүчнээ бэлтгэхэд анхаарч байна.
Мөн онол, үйлдвэрлэлийн бага хурлыг хоёр ч удаа зохион байгуулжээ. 2023 оны хаврын тариалалтын ажил эхлэхийн өмнө энэ асуудлаар эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, үр дүн, цаашдын зорилтоо тодорхойлохоор төлөвлөөд байна.
Эх сурвалж: "Монголын мэдээ" сувгийн Ховд аймаг дахь сурвалжлагч Х.Алтантуяа
Сэтгэгдэл
зочин [139.5.216.18] 2022-11-02 05:32:30
Шинжилж дүгнэлт хийхгүй бол Ховдын тарвасны амт хятад тарваснаас ч амтгүй болчихсон байх юм. Буянт суманд Казак. Чантуу Мончоого гээд ястанууд үеийн үед тариалдаг байсан Одоо тэдний дараачийн үе Хятад үрээр тариалдаг. их хэмжээний ургамал хамгааллын химийн бодис хийдэг болсон байна. Дөвийлгөх нэг хэрэг.