НҮБ-ын аюулгүйн зөвлөл ОХУ үр тариа экспортлох хэлэлцээрийг зогсоосон асуудлыг хэлэлцэв
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даваа гарагт Оросын талын хүсэлтээр шуурхай хуралдсан байна. Москва “Хар тэнгисийн үр тарианы санаачилга” хэлэлцээрт оролцохоо зогсоож байгаагаа зарласны маргааш нь энэ хуралдаан боллоо. Улмаар Аюулгүйн зөвлөлийн гишүүд Хар тэнгисээр дамжуулж Украины үр тариаг экспортод гаргах тухай хэлэлцээрт эргэж нэгдэхийг ОХУ-д уриалсан байна. НҮБ болон Туркийн зуучлалтайгаар энэ хэлэлцээр байгуулагдсан. НҮБ-д суугаа Оросын байнгын төлөөлөгч Василий Небензя энэ хуралдааны үеэр, оросын Хар тэнгисийн флот өнгөрөгч бямба гарагт Украины талаас нисгэгчгүй онгоцууд ашигласан халдлагад өртсөн. Тус флот “үр тарианы коридор”-ын аюулгүй байдлыг сахиулахад оролцдог гэсэн Москвагийн байр суурийг дахин илэрхийлсэн байна. Улмаар Украины тал хэлэлцээрийг ийнхүү зөрчсөн тул Орос улс иргэний усан онгоцуудын аюулгүй байдалд баталгаа өгөх аргагүй болж хэлэлцээрт оролцохоо тодорхойгүй хугацаагаар зогсоохоос аргагүй болсон гэж мэдэгджээ.
АЗ-ийн хуралдааны үеэр АНУ болон Европын орнуудын элч төлөөлөгчид хэлэлцээрийг Орос дангаараа зогсоосныг буруутгажээ. Мөн африкийн орнуудын төлөөлөгчид энэ санаачилга хэлэлцээр дэлхий нийтийн хүнсний хямралаас сэргийлэхэд зайлшгүй шаардлагатайг мэдэгдэж байжээ. Кенийн суурин төлөөлөгч Мартин Кимани тухайлбал, хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоох нь Украины дайнаас хол хөндий байгаа сая сая хүмүүсийн амь амьдралыг аюулд оруулна гэж мэдэгдсэн байна.
НҮБ-ын Енбд-ын Хүмүүнлигийн асуудал эрхэлсэн орлогч бөгөөд яаралтай тусламжийн зохицуулагч Мартин Гриффитс тус хуралдаан дээр мэдээлэл хийхдээ, тухайн халдлага болсон бямба гарагийн шөнө нэг ч усан онгоц аюулгүйн коридороор зорчоогүйг нотолсон байна. Гэхдээ Оросыг хэлэлцээрт оролцохоо зогсоож байгаагаа зарласнаас хойш ч Украинаас үр тарианы экспортын тээвэрлэлт үргэлжилсээр байгаа гэж НҮБ-ын энэ төлөөлөгч нотолсныг “Дойче велле” уламжилж байна. “Тиймээс хэлэлцээр болоод хэлэлцээрийн хэрэгжилт хүчинтэй хэвээр байгаа гэж бид ойлгож байна” гэж Мартин Гриффитс Нью-Йорк хотноо АЗ-ийн хуралдаан дээр мэдэгджээ.
Тэр бас, Орос улс Үр тарианы санаачилга хэлэлцээрээс гарсан бус, гагцхүү хэрэгжүүлэлтэд оролцохоо түр зогсоож байна гэж мэдэгдсэн нь бидэнд маш их итгэл найдвар төрүүлж байна” гэж хэлсэн байна. Түүний хэлснээр, даваа гарагт гэхэд 12 хөлөг онгоц украины боомтуудаас замд гарсан бол, 2 хөлөг ачаа авахаар Украин руу нэвтэрчээ.
Түүнээс гадна Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Таип Эрдоган өнгөрсөн 3 сарын хугацаанд Украинаас 9 сая гаруй тонн үр тариа экспортод гаргасан хэлцлийг үргэлжлүүлж хүнлэг ёсонд үйлчлэхэд Турк улс шийдвэр төгс байна гэж мэдэгджээ. Тэгвэл Оросын Ерөнхийлөгч Путин өнөөдөр Сочи хотноо Армен, Азербайжаны удирдагчидтай хийсэн уулзалтынхаа дараа хэвлэлийн хурал дээр дээрх хэлэлцээрээс түр гарах оросын шийдвэрийн тухайд тайлбар хийлээ. Үүнд тэрээр Орос улс энэ санаачилгад анхнаасаа нэн ядуу буурай орнуудын эрх ашгийг бодож нэгдсэн боловч эндээс тээвэрлэлтэд гарсан үр тариа хамгийн хэрэгцээтэй улсууд руу хүргэгдээгүй гэж ярьсан байна.
Сэтгэгдэл