БНСУ-ын цагдаагийн газар: Итэвоны эмгэнэлт хэрэг явдлаас сэргийлж болох байсан
Итэвон гудамжинд олон хүмүүсийн бөөгнөрөл үүсч шахцалдан амиа алдсан хэрэг явдалд зохистой хариу арга хэмжээг шуурхай авч ажиллаагүй гэдгээ Өмнөд Солонгосын цагдаагийн газрын дарга хүлээн зөвшөөрчээ. Энэ эмгэнэлт хэрэг явдал болохоос урьдчилан сэргийлэх хэмжээнд хангалттай ажиллаагүй гэдгээ албаныхны зүгээс анх удаа ийнхүү мэдэгдсэн нь энэ болж байна. Болсон хэрэг явдлын гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардсан уриалга Өмнөд Солонгост улам бүр хүчтэй болж байна. Улмаар тус улсын Цагдаагийн газрын дарга Юн Хи Гын өнөөдөр албан ёсоор мэдэгдэл хийж, “нийтийн аюулгүй байдалд асар өндөр хариуцлага”-аа ухамсарлаж байгаагаа мэдэгдлээ.
Мөн хэргийн мөрөөр бүрэн төгс мөрдөн шалгалт явуулахаа амлаж, энэ зорилгоор асуудлыг дагнан шалгах тусгай байгууллага байгуулна гэж мэдэгджээ. Ковидын хөл хорионоос хойш анх удаа Хэллоуин баяр тэмдэглэх гэсэн хүмүүс Сөүлийн хөл хөдөлгөөн ихтэй Итэвон шөнийн гудманд олноор цугларсан бямба гарагийн үдэш энэ хэрэг гарсан.
Цагдаагийн газрын дарга мөн, асуудал ноцтой хэмжээнд хүрэхээс өмнө цагдаагийнхан олон тооны дуудлага хүлээж авсан атлаа хариу арга хэмжээ аваагүй болохыг мэдэгджээ. Сөүлийн цагдаагийн газраас БиБиСи-д мэдээлснээр, орон нутгийн цагаар 18 цаг 34 минутад буюу амь тэмцсэн шахцалдаан үүсэхээс хэдэн цагийн өмнө шуурхай албанд дуудлага очсон, улмаар түүнээс хойшхи 3 цаг хагасын туршид өөр 10-аад дуудлага очсон байжээ.
Цагдаагийнхны ийм хойрго хандлага “үнэхээр урам хугарам байна” гэдгийг цагдаагийн дарга хэлж, тухай бүр холбогдох ямар арга хэмжээ авсан, зөв зохистой үйлдэл хийсэн эсэхэд шуурхай бөгөөд нарийвчилсан мөрдлөг явуулж тогтоохоо мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёль мөн өнөөдөр эмгэнэлт явдал болсон газарт очиж амь эрсдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөжээ. Ерөнхий сайд Хан Док Су гамшигт ослоос үүдэн нийтийг хамарсан үйл ажиллагаанд засгийн газраас тавих хяналт зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэж мэдэгдлээ. Сөүл хотын дарга У Сэ Хүн, Дотоод хэргийн сайд Ли Сан Мин нар мөн, 156 хүний амь эрсдэж, 152 хүн гэмтэж бэртсэн энэ хэргийн төлөө ард иргэдээсээ уучлалт эржээ. Хохирогчдын дийлэнх хувь нь 20-од насны өсвөр үеийнхэн байгаа юм.
Сэтгэгдэл
Хохь [66.181.183.218] 2022-11-02 14:38:29
Хохь нь.