Үр тариа тээвэрлэх гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасанд талархал илэрхийлжээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд хүчин чармайлт гаргасан Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд лхагва гарагт талархал илэрхийлжээ. “Үр тарианы гэрээг хамгаалж авч үлдэхэд идэвхтэй оролцож, Украины бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжиж ирсэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганд талархал илэрхийлье” гэж В.Зеленский “Twitter” хуудсандаа нийтэлсэн байна. ОХУ Украины үр тариаг Хар тэнгисээр экспортлохыг зөвшөөрөх гэрээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиролцсон талаар Р.Эрдоган лхагва гарагт мэдэгдсэнийг Туркийн төрийн мэдлийн “Anadolu” агентлаг уламжилсан юм.
Украин, Оросын талууд Турк, НҮБ-ын зуучилсны дагуу Украины боомтуудаас хүнс, бордоог олон улсын зах зээлд нийлүүлэх тухай баримт бичигт Истанбул хотноо долоодугаар сарын 22-ны өдөр гарын үсэг зурсан билээ.
Харин Орос улс Украиныг Хар тэнгисийн флотын хөлөг онгоцууд болон үр тарианы коридорын аюулгүй байдлыг хангаж байсан онгоцнуудад “террорист халдлага” үйлдсэн хэмээн буруутгаж, Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгад оролцохоо зогсоож буйгаа мэдэгдсэн талаар Украины “Ukrinform” агентлаг 10 дугаар сарын 29-нд мэдээлээд байв. “НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Орос улс Хар тэнгисээр үр тарианы экспортыг хөнгөвчлөх гэрээг хэрэгжүүлэхэд эргэн оролцох тухай мэдэгдлийг сайшааж байна” гэж түүний хэвлэлийн төлөөлөгч мөн лхагва гарагт мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл