“Түүхийн зөв талд” хамтдаа зогсохыг Пакистанд уриалжээ
Дэлхий дахинд тодорхойгүй байдал улам нэмэгдэж байгаа энэ үед Хятад, Пакистан улсууд "түүхийн зөв талд зогсож", олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар нягт хамтран ажиллаж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпин Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шарифтай лхагва гарагт уулзахдаа мэдэгдлээ. Пакистаны Ерөнхий сайд Шабхаз Шариф БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны урилгаар 11 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийсэн байна. Ши Жиньпин лхагва гаргийн өглөө Бээжин дэх Ардын их хурлын ордонд Ш.Шарифыг хүлээн авч уулзжээ.
Ши Жиньпин мэдэгдэхдээ, "тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хөгжлийн ашиг сонирхол болон үндэсний нэр төрийг хамгаалахад, түүнчлэн тогтвортой байдал, эв нэгдэл, хөгжил, цэцэглэлтэд хүрэхийн тулд гаргаж буй Пакистаны хүчин чармайлтад Хятад улс баттай дэмжлэг үзүүлнэ" гэсэн байна.
Исламабад Хятад улстай найрсаг хамтын ажиллагааг тууштай хөгжүүлж байгааг Бээжин өндрөөр үнэлж, хамгийн чухал асуудлаар Хятад улсыг дэмжиж байгаад Пакистаны талд талархаж байна гэж тэрбээр хэлжээ. "Хятад улс үерийн гамшигт нэрвэгдсэн Пакистаны ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байна. Хятад улс яаралтай тусламж нэмж үзүүлж, байгалийн гамшгийн дараа Пакистаныг сэргээн босгоход тусалж, Пакистанд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг сэргээхэд дэмжлэг үзүүлж, Пакистантай гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн уршгийг бууруулах хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ” гэж Ши Жиньпин нэмж хэлсэн байна.
Тэрбээр “дэлхий дахинд тодорхойгүй байдал улам нэмэгдэж байгаа энэ үед хоёр тал хоёул түүхийн зөв талд зогсож, олон улсын олон талт механизмын өндөр түвшний хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар нягт хамтран ажиллаж, жинхэнэ олон талт үзлийг, мөн олон улсын шударга ёс, алагчлалгүй байдлыг өмгөөлөн хамгаалж, хөгжиж буй орнуудын нийтлэг ашиг сонирхлыг хамгаалах ёстой” гэж цохон тэмдэглэжээ.
"Хятад улс Пакистаны талтай хамт дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгын хэрэгжилтийг урагш ахиулах, дэлхийн эдийн засгийн засаглалын тогтолцоог бүх чиглэлд илүү тэгш, оновчтой, ашигтай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, "хүн төрөлхтний нийтлэг хувь заяаны нийгэмлэг" байгуулах, хоёр орны хөгжлийн найдвартай баталгааг хангах, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, нийтлэг хөгжил цэцэглэлтийг хадгалахад илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байна" гэж Хятадын удирдагч онцолсон байна.
Сэтгэгдэл