“Apple” Хятадад халдварын улмаас хязгаарлалт тогтоосон нь гар утасны үйлдвэрлэлд нөлөөлж байгааг анхааруулжээ
Хятадын Жэнжөү хотод “COVID-19” халдварын тархалтын улмаас хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор “Apple” компани “iPhone 14” гар утасны үйлдвэрлэлээ түр хугацаагаар бууруулсан талаараа ням гарагт мэдэгджээ.
“Foxconn” компани үйл ажиллагааг нь хариуцдаг угсрах үйлдвэр “хүчин чадлаа нэлээд хэмжээгээр бууруулсан” гэж “Apple” компанийн мэдэгдэлд дурдаад, энэ нь бүтээгдэхүүний гарцад нөлөөлж, улмаар хэрэглэгчдийн захиалгаа хүлээн авах хугацаа хойшилж магадгүйг анхааруулсан байна.
“Apple” хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг хангахад хүндрэл үүсэж, энэ оны дөрөвдүгээр улиралд цөөн тооны “iPhone” гар утас худалдаалж магадгүй болохыг энэ мэдэгдэл харуулжээ. Өнгөрсөн сард тус компани сүүлийн улиралд өсөлт саарч магадгүйг сэрэмжлүүлээд байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт Хятадын эрх баригчид “iPhone” гар утасны дийлэнхийг үйлдвэрлэдэг Жэнжөү хотод хөл хорио тогтоосон юм. Энэ нь угсрах үйлдвэрийн ажилтнуудыг үйлдвэрээс зугтан явахад хүргэсэн гэж “Reuters” агентлаг мэдээлжээ. Тус улсад “COVID”-ыг тэглэх бодлогыг үргэлжлүүлэн баримталж байгаатай холбоотойгоор Жэнжөү дэх “iPhone” гар утасны угсрах үйлдвэр зэрэг байгууламжуудыг ажилтнуудаа “хаалттай бүс”-д ажиллуулах шаардлага тавьж байгаа аж.
Одоогоор “Apple” компанийн цахим хуудаснаас захиалсан “iPhone 14 Pro” 31 хоногийн дараа хэрэглэгчдэд хүрч байгаа нь “iPhone” загварын хямд үнэтэй гар утаснуудаас дунджаар 2 хоногоор илүү байна гэж “JPMorgan” компанийн шинжээч Самик Чаттержи ням гарагт мэдээлжээ.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл