COP27: Далайн түвшин хоёр дахин нэмэгдэж, 10 сая хүнд аюул учирлаа
Өнгөрсөн найман жил хүн төрөлхтөний түүхэн дэх хамгийн халуун цаг үе байсныг НҮБ-ын тэргүүн Антонио Гутерриш Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт “COP27”-ийн үеэр мэдэгдлээ. Энэ нь дэлхийн дулаарал эрчимтэй өрнөж байгаагийн тод илрэл болохыг тэрбээр онцолжээ. Дэлхий нийтээр дулаарлыг 1.5 градуст тогтоон барина гэж байсан ч өдгөө 2.7 градус болоод байгаа юм. Халуун өдрүүдийн тоо нэмэгдэж, мөсөн голууд хайлж, их хэмжээний бороо орсноос байгалийн гамшгийн давтамж ихэссэнийг Антонио Гутерриш Египетийн Шарм Эль-Шейх хотноо болж байгаа “COP27”-ийн нээлтийн үеэр анхааруулжээ. Тэрбээр “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалт “COP27”-ийн энэ удаагийн уулзалтаар бид дэлхий ертөнцийн илгээсэн гамшгийн дохионы талаар хэлэлцэнэ” гэдгийг тодотгов.
Дэлхийн 200 орчим орны удирдагч Египетэд цугларан Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөлөөс (IPCC) зөвлөсний дагуу агаарын температурын өсөлтийг 1.5 хэмд хэрхэн барих талаар хэлэлцэх юм. Зарим шинжээч энэ зорилтод хүрэх боломжгүй хэмээн үздэг.
Дэлхийн цаг уурын байгууллагын тэргүүн Петтери Таалас “Уур амьсгалын өөрчлөлтийн бүх үзүүлэлт муу байна.Бид хүлэмжийн хийн үндсэн агууламж, нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азотын ислийн ялгарлын дундаж түвшинг хэдийнэ давчихсан. Эдгээр сэрэмжлүүлгийн үр дүнд бид өнөөдөр хурал хийхээр цугларлаа” гэж “Aljazeera” сайтад ярьжээ.
Сүүлийн 30 жилийн хугацаанд мөсөн бүрхүүл, мөсөн голууд хурдацтай хайлсан учир далайн түвшин хоёр дахин нэмэгдээд байна. Ингэснээр далайн эргийн нам дор газар амьдардаг 10 сая хүнд аюул учраад байгаа юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл