АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтаар Мьянмарын асуудлыг хэлэлцэнэ

Aдмин / Гадаад мэдээ

Зүүн Өмнөд Азийн орнуудын холбооны /АСЕАН/ удирдагчдын дээд хэмжээний уулзалт Камбожийн нийслэл Пномпень хотноо баасан гарагт эхэлнэ. Улс төрийн зөрчил мөргөлдөөн үргэлжилсээр буй Мьянмарын эсрэг илүү хүчтэй арга хэмжээ авах эсэх нь энэ удаагийн уулзалтын хамгийн маргаантай сэдэв байх төлөвтэй байна.

Энэхүү дээд хэмжээний уулзалтаар мөн БНАСАУ, БНСУ-ын хурцадмал байдал, Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн зөрчлийн талаар хэлэлцэнэ. Мөн эдийн засгийг коронавирусний цар тахлын үр дагавраас сэргээх үйл явц, Орос-Украины дайны нөлөө зэрэг сэдвийг хөндөн хэлэлцэх төлөвтэй байна.

АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтыг даргалагч Камбож улс нь Мьянмарын эрх баригч цэргийн хунт зөвхөн улс төрд хамааралгүй төлөөлөгчийг уулзалтад илгээх ёстой гэсэн байр суурийг баримталсан тул Мьянмар энэ удаагийн уулзалтад оролцохгүй бөгөөд тус улс үүнийг эрс эсэргүүцжээ.

Индонезийн Гадаад хэргийн сайд Ретно Марсуди лхагва гарагт Пномпеньд сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ, АСЕАН-ы удирдагчид “Мьянмарын нөхцөл байдалд, ялангуяа Мьянмарын цэргийн удирдагч амлалт өгөхгүй байгаатай холбогдуулан "таван заалт бүхий зөвшилцөл"-ийн дагуу арга хэмжээ авах боломжтой” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн онд Мьянмарын цэргийн хунтын удирдагч, генерал Мин Аун Хлаин тэргүүтэй АСЕАН-ы удирдагчдын тохиролцсон уг зөвшилцөлд цэргийн хунтын улс төрийн өрсөлдөгчид болон энгийн жагсагчдын эсрэг хүч хэрэглэхийг “тодорхой, бодитой арга хэмжээ авах замаар” таслан зогсоох тухай тусгажээ.

Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд даргалагчийн хийх мэдэгдлийн төсөлд, АСЕАН-ы удирдагчид “Мьянмарт улс төрийн хямрал сунжран үргэлжилж, түүгээр зогсохгүй сөрөг хүчний дөрвөн идэвхтэнд цаазын ял оноосонд санаа зовниж буйгаа илэрхийлж байна хэмээн тэмдэглэжээ. АСЕАН-ы нэрээ нууцалсан нэгэн дипломатчийн хэлснээр, дээд хэмжээний уулзалтын үеэр Мьянмарыг бүлгээс хасах эсвэл гишүүнчлэлийг нь түдгэлзүүлэх тухай асуудлыг хэлэлцэж магадгүй байна. АСЕАН нь Бруней, Камбож, Индонез, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам гэсэн 10 орноос бүрддэг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.