Амралтын өдөрт: Гайхамшигт Япон орны тухай
Наран улсыг үзэх юмсан гэсэн бодол надад анх бүр хүүхэд байхад төрж билээ. Би тэр үед бага сургуулийн жаахан хүүхэд байсан. Тэртээх 1990-ээд онд Японы алдарт "Ошин" олон ангит уран сайхны киног үзэж байсан юм. Энэ бол миний үзсэн анхны япон кино байв. Ээж минь миний талаар ярихдаа “Ошиныг үзээд л уйлаад байдаг хүүхэд байж билээ” гэдэг юм. "Ошин" киногоор би Япон орныг хэдэн жил төсөөлж билээ. Япон улсын хөгжил дэвшил нүд ирмэхийн зуурт хувьсан өөрчлөгдөж байсан. Ахлах сургууль, их сургуулиа төгсөж, ажилд орсны дараа ч Япон улс руу явах хүсэл тэмүүлэл хэвээрээ л байв. Харин энэ боломж тохиож 2019 онд арлын Японыг зорих болсон ч ковидын улмаас хойшлогдсон юм. Харин энэ сарын 6-13 ны өдрүүдэд Монголын 40 залуучууд Япон улсын шинжлэх ухаан, технологи, уламжлалт соёлоос суралцаж, япон айлд зочлох боломж нээгдэв. Тодруулбал, Зүүн Азийн XXI зууны хүүхэд залуучуудын харилцааг өргөжүүлэх зорилгоор Япон улсын засгийн газраас “JENESYS” (Japan-East Asia Network of Exchange for Students and Youths) хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ хөтөлбөр нь хоёр орны харилцааны ирээдүйг залгамжлан, мэдээллийг идэвхтэй түгээх чадвартай залуучуудыг Японд урьж Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Японы гадаад харилцаа болон түүхэн дурсгалт газар зэргийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй таниулан сурталчлах зорилготой хөтөлбөр юм.
Ингээд бид долоо хоногийн турш Япон улсын үндэсний уламжлал, соёл, ёс заншилтай танилцах аялалдаа гарсан нь энэ. Монгол орны хатуу ширүүн хүйтэн уур амьсгалаас гэнэт л зөөлөн бороо шивэрсэн намуухан Токиод хөл тавив. Зөөлөн шиврэх бороо, шаргал, ногоон навчсын өнгө тунамал байх аж. Зам зуур ногоон мод, барилга байгууламж үргэлжилсээр. Нэг цаг орчим автобус давхисаар Токио хотын төвд орж ирлээ. Автобусны цонхоор Токио хот гайхалтай харагдана. Тэнгэр баганадсан өндөр барилгууд, өргөн гудамж, ногоон цэцэрлэг, толь шиг дардан зам, өдөр шиг гэрэл гэгээтэй их хотын гудмууд. Хамгийн эхэнд төрсөн сэтгэгдэл маань ахмад настай хүмүүс энд ямар их ажилладаг юм бэ гэх бодол. Энэ бодол маань ч буруу байсангүй. Японд ахмад хүмүүс нийгмийн амьдралд ихээхэн идэвхтэй байх юм билээ. Учир нь бидний аялал Япон айлд гэр бүлийн гишүүн нь болж нэг өдрийг өнгөрөөх байв. Бид Отавара мужид амьдрах айл өрхүүдэд нэг өдрийг өнгөрөөсөн юм. Отавара муж тэр чигтээ тариалангийн бүс. Айл өрх бүрт хүнсний ногоо, жимс гэх мэт хүлэмжийн талбай бий. Япон хүмүүсийн дайчин, шургуу хөдөлмөрийг гайхахгүй байхын аргагүй. Бидний 40 залуу 3,4-өөрөө баг болж хөтөлбөрийн дагуу ирсэн япон ээж, аавуудаа даган машинд суух нь тэр. Ингээд М.Ичинхорлоо, О.Энэрэл бид гурав нэг баг болж Рейто эмээгийн машинд суув. Эмээ бидэнд бүсээ зүүхийг сануулан, салхи татуулан давхих нь тэр. 73 настай гэхэд машиныг тийм сурцтай барьж байгаа нь биднийг гайхшируулсан юм. Бид гурав харих замдаа үзсэн хэдэн япон киноныхоо дууг дуулж эмээ ч даган дуулсаар явлаа. М.Ичинхорлоо маань Японоор сайхан дуулна. Рейко эмээ Ичког дахиад дуулаарай гэсээр гэрт хүрэв. Биднийг тунчиг тансаг амттай кофе, цай барьж, өөрийн алдартай гарын хоол карригаараа дайлав. Рейко эмээ 73 настай, нөхөр нь 72 настай. Тэд гурван охинтой. Охид нь тусдаа гарч Рейко эмээ гэр бүлийн хүний хамт ногоо тарьж амьдрахаас гадна цай, кофены мухлагаа ажиллуулна. Япон хүмүүс монголчуудыг Асашёорюү Д.Дагвадоржоор мэдэх аж. Монголчууд их хүчтэй хүмүүс гэх нь тэр. Бидний яриа өргөн дэлгэр өрнөж, дуутай хууртай нэг өдөр өнгөрсөн. Биднийг үдэж зогсоход Рейко эмээ "Бид нэг л тэнгэртэй, хэзээ нэг өдөр дахин уулзана гэж найдаж байна, эрүүл байж биеэ бодоорой" гэж хэлэхэд нь нулимс цийлэгнээд ирж билээ. Эмээ бидэнд оригами ээмэг бэлэглэж, гараа даллан хоцорсонсон.
Оригами гэдэг үгний утга нь ори буюу нугалах, гами буюу цаас гэсэн хоёр үгийг нийлүүлснээр цаас нугалах гэсэн үгийг үүсгэдэг аж. Эдогийн үе буюу 1603-1867 оны үед бие даасан соёл болтлоо энэ урлаг хөгжиж иржээ. Олон улсын Оригами холбооны дарга, ноён Казуо Кобаяши 78 настай бөгөөд, тэрээр Японы уламжлалт цаас, оригами урлагийг түгээн дэлгэрүүлж байгаа нэгэн гэнэлээ. Казуо Кобаяши ярихдаа оригами урлагийг дөрвөн үеэрээ таниулж ирснээ дуулгасан юм. Тэрээр оригами нь нэг үгээр бол математикийн ухаан гэдгийг онцолсон. Оригами хийх нь эрүүл мэндэд, тэр тусмаа ой тогтоолтод тун сайнаар нөлөөлдөг төдийгүй хурууны үзүүрийг байнга хөдөлгөснөөр зөнөх өвчнөөс урьдчилан сэргийлдэг гэдгийг ч дуулгав.
Бидний аялал ЖАЙКА-ийн төвөөр зочилсноор үргэлжлэв. Япон Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ихэнх хүмүүсийн мэдэж байгаачлан Япон бол Монголын хувьд хамгийн том донор орон. Орчин үед Япон улс Монголд их хэмжээний зээл тусламж өгсөн байдаг. Өрнөдийн хандивлагч орнуудаас Монголд хамгийн их тусалсан нь Япон улс. ”Говь” ноолуурын үйлдвэрээс эхлээд Нарны зам, Нарны гүүр, Хөшигтийн шинэ нисэх онгоцны буудал, эмнэлэг, сургууль, Жайка байгууллага, өвсний үндэс гээд яривал тоолж баршгүй. Гэхдээ хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн нэг талт биш юм. Хоёр улсад “Харилцан туслалцах үзэл санаа” баттай оршдог. Монгол Улс болоод Монголын ард түмэн Японд болсон 1995 оны Ханшин-Аважи, 2011 оны Зүүн Хойд бүс нутагт болсон хүчтэй газар хөдлөлтөд түргэн шуурхай тусламжийн гараа сунгасан. Урьд өмнө тохиож байгаагүй зовлон бэрхшээлд гэнэт нэрвэгдсэн япончуудад хэчнээн их дэм болсныг Жайка-ийнхан онцолж байв.
Эдүгээ Наран улс нэг жилд 6.1 триллион ам.долларын дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь 39 243 ам.долларт хүрчээ. Япон улс 1956 оноос эрс хурдтай хөгжиж эдийн засаг нь жил бүр 10 гаруй хувиар өсөж байж. Япончуудын 80 хувь нь Шинто шашин, 67 хувь нь Буддын шашин шүтдэг аж. Бидний баг хамт олон Шинто шашны сүм, Бурхны шашны сүм болох Цүкижи Хонгванжи сүмээр зочилж, хүслээ шивнэсэн юм. Сүмийн гаднах болоод дотоод орчин маш цэвэр цэмцгэр. Эдгээр сүмийн тухай түүх сөхөхөд, Мэйжи Жингу бол Японы Токио хотын Шибуяа хотод байрладаг Шинто шашны сүм юм. Сүнсэн бурхад нь эзэн хаан Мэйжи, хатан хаан Шокен нар бөгөөд 1920 оны арваннэгдүгээр сарын 1-нд эзэн хаан Мэйжи нас барсны дараа байгуулагджээ. Их ой модоор хүрээлэгдсэн энэ сүмийн ой модыг эх орны өнцөг булан бүрээс хандивласан гэнэлээ. Энэ сүмд Япон болон гадаадаас жуулчид жил бүр ирдэг бөгөөд шинэ жилээр зочлох мөргөлчдийн тоо Японд хамгийн өндөр байдаг аж. Мэйжи жингу гэр бүлийн аз жаргалын төлөө залбирах, хайр дурлалд амжилт гаргах, сайныг олох, мууг хөөх, шалгалт өгөх зэрэг олон төрлийн адислалуудыг өргөдөг аж. Харин Буддын шашны сүм болох Цүкижи Хонгванжи бол Канто мужийн Жодо Шиншу Хунгванжи сургуулийн суурь аж. Одоогийн гол танхимыг 1934 онд Кантогийн их газар хөдлөлтийн дараа сэргээн босгосон бөгөөд Токиогийн эзэн хааны их сургуулийн гавьяат профессор, архитектурын түүхч Чута Ито дизайныг нь гаргажээ. Төмөр бетоноор хийгдсэн хэдий ч өрлөгийн гадна тал нь Энэтхэгийн эртний буддын шашны архитектураас санаа авсан аж. Төв хэсгийн хоёрдугаар давхрын гол танхим нь Шиншү шашны уламжлалт хэв маягийг хадгалсан. Цүкижи Хонгванжи сүмийн үндсэн барилгын гадна тал нь эртний Энэтхэгийн буддын шашны архитектурыг үндэслэж гаргасан бол дотоод засал нь Японы уламжлалт дизайны элементүүдийг тусгасан байх аж.
Үүний дараа Япон улсад заавал үзэх газруудын нэг бол Асакуса. Асакуса нь эртний Токиогийн уур амьсгалыг хадгалж үлдсэн, түүхэн Сенсожи сүмийн ойролцоох Накамисе гудамжинд байрлана. Сенсожи сүм нь Асакусагийн жуулчдын сонирхлыг татдаг газруудын нэг хэсэг нь. Хэайны үед баригдсан энэ сүм нь 1400 орчим жилийн түүхтэй бөгөөд Токиогийн хамгийн эртний сүм. Сэнсожи сүм дэх Омикүжи аз авчирдаг гэсэн яриа хөвөрдөг юм билээ.
Түүнчлэн бидний баг хамт олон Токиогийн нэрийн хуудас болсон 798 метр үргэлжлэх Солонгон гүүрээр дамжин Одайба хиймэл аралтай танилцсан. Анх 1850 онд Токио хотыг гадны дайралтаас хамгаалах гэж өөрсдийн гараар хог ашиглан Одайба хиймэл арлыг барьсан түүхтэй. Тухайн үед тус арлыг усан онгоцны үйлдвэр болон боомт хэлбэрээр нээсэн бөгөөд энд АНУ болон Японы хамтарсан усан боомт байсан гэдэг. Тиймээс ч тус арал дээр хоёр улсын эв нэгдлийг бэлгэдэж, эрх чөлөөний хөшөөний хувилбарыг босгосон аж. Хүний гараар бүтээгдсэн энэхүү арал өдгөө жуулчдын хамгийн ихээр сонирхож очдог газруудын нэг болсон байна.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Зочин [128.1.195.124] 2022-12-26 03:28:22
ene 40 zaluuchuudiig yamar shalguuraar songosiim boloo