Г.Уянгахишиг: Үндсэн хуулийн өөрчлөлтөөр сонгуулийн дүрмийг тодорхой болгох хэрэгтэй
Гончигдоржийн Уянгахишиг
Боловсрол:
1985-1994 онд Нийслэлийн 10 жилийн лаборатори нэгдүгээр дунд сургууль
1994-1998 онд – МУИС-ийн эрх зүйн бакалавр
1999-2002 онд – ХБНГУ-ын Бонн хотын их сургуульд эрх зүйн магистр хамгаалсан.
Ажилласан байдал:
2002-2010 онд-“Цэц” хуулийн фирм өмгөөлөгч болон партнер
2010-2012 онд-“Си энд Жи” партнерс хуулийн фирмийг үүсгэн байгуулсан
2012-2014 онд-“Шунхлай” групп ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирал
2015-2018 онд-“Голомт банкны хуулийн хэлтсийн захирал
2018-2022 онд-“Инвескор” капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал
2022 оноос -“Инвескор Капитал ҮЦК”-ийн ТУЗ-ийн дарга, ХҮН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байна.
“Сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой”
-Манай нам анх Зүүн төвийн буюу социал демократ үзэл баримтлалтай байсан. Улс төрийн нам гэдэг өөрөө олон нийтийн байгууллага. Цаг үе, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан үзэл баримтлал өөрчлөгдөж болно. Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн чиглэлд нэлээд судалгаатай хандсан. Одоогийн нийгэмд дундаж давхаргаа нэмэгдүүлэх, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих асуудал дутагдаж байна. Тиймээс либерал тал руугаа үзэл баримтлал маань чиглэж байна. Мөн эмэгтэйчүүдийн манлайлал чиглэлд “ХҮН-50:50” гэсэн хөтөлбөр хэрэгжүүллээ. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн эрхийг хангах биш. Нийгэмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ижил тэгш эрхийг хангах зорилготой хөтөлбөр. Гэвч энэ хөтөлбөр маань улс төрийн тогтолцоо талаас яалч үгүй “хана” мөргөж байна. Өнөөдөр сонгууль ямар системээр явж байгаа билээ. Би 2020 оны сонгуульд нэр дэвшиж байлаа. Өмнө нь аавынхаа сонгуулийн штабуудад ажиллаж байсан.
Одоогийн сонгуулийн тогтолцоогоор бол өөрчлөлтийг хийнэ гэдэг ёстой "хана"мөргөж байгаатай л адил зүйл. Сонгуульд нэр дэвшихэд мөнгө санхүү их орно. Мөн одоогийн тогтолцоогоор бол хувь хүнийхээ хувьд танигдсан хүн л сонгогдох боломжтой. Энэ нь эмэгтэйчүүд болон залуучуудын сонгогдох эрхийг хааж байдаг. Тэгээд л нөгөө олны танил бөх, тамирчин, дуучин, бизнесийнхэн парламентад сонгогдож орж ирээд байгаа биз. Уг нь парламент гэдэг хууль баталж, бодлого тодорхойлдог, хуулийн хэрэгжилтээ хянадаг газар. Энэ чиглэлийн мэдлэг боловсрол туршлагатай хүмүүс сонгогдох ёстой. Гэтэл сонгуулийн тогтолцоо, сонгогдох процесс нь өөрөө буруу байгаа учраас өнөөдрийн парламентын чадавхи хангалтгүй түвшинд байна.
“Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хэлбэр манайд илүү тохирно”
-Тэгэхээр бид Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт хийж, сонгуулийн тогтолцоогоо илүү ардчилсан болгох ёстой. Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хэлбэр манайд илүү тохирно гэж үзээд байгаа. Бид энэ тогтолцоогоор 2012 онд сонгууль явуулж байсан туршлага бий. Үр дүнд нь 2012 оны сонгуулиар 11 эмэгтэй УИХ-д сонгогдсон. Эмэгтэй гишүүдийн зургаа нь мажоритар тойргоос, таван нь намын жагсаалтаар сонгогдсон байдаг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн 6.3 хувь нь сонгогдсон гэсэн үг. Мөн бие даагч нарт илүү боломж гарч ирсэн. Түүнчлэн намын жагсаалтаар парламентын гишүүн болно гэдэг эргээд хариуцлагын асуудал сайжирна. Гадаадад байгаа иргэд маань сонгох эрхээ эдэлж чадсан.
Энэ тогтолцоогоо бид алдахгүйгээр хэрэглэсэн бол улс төрийн намууд төлөвших чиглэлд өөрчлөлт гарах байсан. Дээрээс нь зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөөд энэ асуудал шийдэгдэхгүй. Төрийн эрх мэдлийн хуваарилалтад байгаа алдааг засах хэрэгтэй. Мөн улс төрийн намын болон сонгуулийн хуулиа зөв болгож өөрчлөх ёстой. Ингэж цогцоор нь авч үзэх өөрчлөлтийг л бид шаардаад явж байна. Одоо сонгуулийн тогтолцоог органик хуулиар зохицуулж болох гарц шийдэл бий гэж ярьдаг.
Гэхдээ зөвхөн Сонгуулийн тухай хуулиараа биш Үндсэн хуульд өөрчлөлт хийж зааж сонгуулийн дүрмийг тодорхой болгох хэрэгтэй. Органик хуулиар шийдэхээр сонгуулийн хуулийн дүрэм маань тогтворгүй болно. Нэг сонгуулийг нэг тогтолцоогоор дараагийн сонгууль болохын өмнө дахиад нэг тогтолцоогоор гэдэг байдлаар явсаар бид төлөвшиж чадсангүй.
Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд алдаа оноотой явж ирлээ. Хөгжлийнхөө томоохон боломжуудыг алдсан буруу замналаасаа гарч чадахгүй гэдэг асуудал бий. Тиймээс олонхийг төлөөлөх тогтолцоо цаашид манай улсад тохирохгүй, хөгжлийн бодлогыг гацаагч, тойргийн төсвийг тойглож, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг үр дүнгүй болгож, улсаа өрийн хавханд оруулж байна. Цаашид сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхгүйгээр парламентын ардчилал бэхжихгүй гэдэг дээр эрдэмтэн, судлаачид, улс төрийн намуудын дийлэнх нь санал нэгдэж байна. Хөгжиж байгаа, амжилттай байгаа парламентын ардчилалтай Бүгд найрамдах улсуудын дийлэнх нь хувь тэнцүүлэн сонгох буюу пропорционал тогтолцоог хэрэглэж байна. Өөрөөр хэлбэл, улс төрийн намд өгсөн саналд нь хувь тэнцүүлж парламентын суудлаа хуваарилдаг тийм зарчим руу оройтсон ч гэсэн явахаас өөр аргагүй.
“19 гишүүн дэмжихэд л хууль батлагдаж байна”
-Анх 1992 онд Үндсэн хууль баталж байх үед нэг сая гаруйхан сонгогчтой байлаа. Харин өнөөдөр 2.3 сая сонгогчтой болж өссөн. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхгүй бол төлөөллийн ардчиллын зарчим хангагдахгүй байна. Мөн нэг гишүүний саналын жин их байгаа учраас аливаа асуудлыг шийдвэрлэхэд их нөлөөтэй байна. Энэ нөлөөгөө авлига, хээл хахуульд ашиглах, тойргийн төсөв ярих, тендерт нөлөөлөх, элдэв лобби нөлөөлөлд автах зэрэг сөрөг талууд илэрч байна. Улмаар Засгийн газартаа дарамт шахалт учруулах, Засгийн газраас оруулж ирсэн хөгжлийн бодлогыг гацаах, төсвийн хөрөнгийг тарамдуулах асуудал парламент дээр байнга үүсч байна. Дэлхийн амжилттай хөгжиж буй парламентын ардчилалтай улсуудын жишиг, болон улс төр, эрх зүйн шинжлэх ухааны судалгаануудыг авч үзэхэд Монгол Улс яалт ч үгүй гишүүдийн тоог нэмэх ёстой. Тэгж байж байж хуйвалддаггүй, нөлөөнд автдаггүй, чанартай хууль баталдаг парламенттай болно. Энэ нь хүмүүсийн ойлгоод байгаа шиг олуулаа идэж уух гээд байгаа асуудал биш.
Одоо бол 19 гишүүний кноп байхад л хууль баталчихаж байна. Мөн олон байнгын хороо бий. Тэр болгонд гишүүд хуваарилагдаж, 2-3 байнгын хорооны гишүүн болно. Гэтэл салбар бүр өөр. Өөрийнх нь ажил мэргэжлээс өөр чиг үүргийн байнгын хорооны гишүүн болж байна. Мөн төрөл бүрийн хуулиуд орж байна. Гишүүд ажлын ачаалал нэмэгдэж, хууль бус бүр дээр ажиллаж, анализ хийж чадаж байна уу. Тэгэхээр парламентын гишүүнийг улс төрийн эрх мэдэл гэхээс илүүтэй ажил үүрэг талаас нь харвал үнэхээр ачаалалтай байна. Тэгэхээр гишүүдийн тоог нэмэгдүүлэх ёстой.
Монгол Улсын хүн амтай харьцуулахад манай парламент 140-150 гишүүнтэй байх нь илүү тохиромжтой гэж үзэж байна. Гэхдээ хосолсон тогтолцоог хэрэглэх тохиолдолд дор хаяж 50 хувийг нь намын жагсаалтаар буюу пропорциональ тогтолцоогоор сонгох хэрэгтэй. 152 гишүүнтэй боллоо гэхэд талыг нь жижигрүүлсэн тойргоосоо олонхийн тогтолцоогоор сонгоод нөгөө 76-г нь пропорциональ тогтолцоогоор сонгоод явбал Монголын улс төр нэлээд цэгцэрнэ. Улс төрийн намууд ч төлөвшинө. Үндсэн хуульд дээрх хоёр асуудлаар буюу сонгуулийн тогтолцоо, гишүүдийн тоог нэмэгдүүлэх өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Үүний дараа дараагийн асуудлыг шийдэх нь зүйтэй байх.
“Үндсэн хуулийг шинэчлэн найруулах биш нэмэлт өөрчлөлт хийх хэрэгтэй”
-Зөвлөлдөх санал асуулгын хүрээнд Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл яригдаж байна. Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Манай намын хувьд Үндсэн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулах шаардлага үүсээгүй, нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэж үзэж байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Үндсэн хуулийн 68, 69 дүгээр зүйл болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулна. Харин тус хуулийн 1.3 болон 2.4-т зааснаар Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалыг өөрчлөх буюу нийт зүйлийн 35, түүнээс дээш хувийг өөрчлөх, эсхүл түүнтэй тэнцэх тоо хэмжээний нэмэлт оруулахаар байвал Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх буюу хянан үзэх гэдэгт хамааруулж, энэхүү харилцааг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар зохицуулахгүй байхаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийг бүхэлд нь хянан үзэж шинээр батлахтай холбогдсон харилцааг зохицуулах Үндсэн хуулийн болон хуулийн зохицуулалт одоогоор байхгүй. Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх цаг үеийн шаардлага бий гэдгийг бол ойлгож байна. Яагаад гэхээр одоогийн байгаа парламентын чадавхи, шүүх засаглалын үйл ажиллагаа, улстөрчдийн ёс зүйн асуудал бий. Гэхдээ энэ нь өөрөө үнэхээр Үндсэн хуулийн бүтцийг өөрчлөх хэмжээнд байна уу. Үндсэн хууль өөрчлөөд хоёр танхимтай боллоо гэхэд ямар зохицуулалт байх юм. Энэ бүхнийг ард түмэндээ сайн тайлбарлах хэрэгтэй. Ер нь эхлээд хүмүүсийн сонгогдох процессыг л өөрчлөөд үзвэл яасан юм бэ гэсэн санал байна. Цаашлаад улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтын тухай хууль гэсэн хоёр хуулийн төслийг парламент удахгүй хэлэлцэх байх. Энэ төсөлд манай намаас өөрийн саналаа хүргүүлсэн. 2019 онд эрх баригч нам Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийсэн. Энэ хүрээнд 2020 ондоо багтаж нэлээд олон хуулийг өөрчлөх ёстой байлаа. Гэвч батлахгүй байсаар маш их цаг алдаж байна. 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эрчийг алдагдуулж байна. Одоо бид тэр дутуу хийсэн нэмэлт, өөрчлөлтийг гүйцээх, парламентын ардчиллаа бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог шинэтгэх замаар улс төрийн намуудыг төлөвшүүлэх, төрийн тогтолцоон дахь суурь алдаануудаа засахын тулд Үндсэн хуульдаа дахин нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгараад байна. Мөн Улс төрийн намын тухай хууль, Улс төрийн намын санхүүжилтын тухай хуулиуд нэлээд сайн өөрчлөгдөж орж ирэх ёстой. Энэ хуулиудаар 100 жил болсон, 30 жил болсон намтай, өнөөдрийн залуус маань, шинэ намууд тэгш гараанаас гарч өрсөлдөх боломжийг нээж өгөх хэрэгтэй.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл
zochin [203.91.115.247] 2023-01-23 13:37:36
gonchigdorjiin huuhed amidral medeh uu
зочин [103.57.93.153] 2023-01-23 13:15:46
Зөвхөн тогтолцоог өөрчилж гишүүдийн тоог нэмсэнээр Их хурал хуулийнхан сонгогчдод хяналттай болох уу. Олон гишүүнтэй болсоноор жижиг намууд орж хяналттай болох ямар баталгаа байна. Намуудыг толгой дээрээ залдаг нь 76 гишүүн л байг хуулиа тогтоогоод маргалдаад яваг харин төлөөллийн байгууллага орон тооны бус байнгын хяналт тавьдаг ажлыг нь дүгнэдэг байхгүй бол 4 жил хяналтгүй байдаг.