Д.Амарсайхан: Хатуу цаг бэрхшээл ихтэй л гэхээс биш мал маллах сайхаан сайхан

Aдмин / Орон нутаг

"Алтан хурганы эзэн", Аймгийн сайн малчин, Аймгийн алдарт уяач, Төв аймгийн Борнуур сумын малчин Д.Амарсайханыг урьж ярилцлаа.
-“Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн сар шинийн баяраар “Алтан төлийн эзэн”, Аймгийн сайн малчин болсонд тань баяр хүргэе.
-Баярлалаа. Би 1972 онд Төв аймгийн Борнуур суманд Дондовын дөрөв дэх хүү болж төрсөн. 1992 оноос 31 жил мал маллаж амьдарч байна. Би 2014 онд Аймгийн алдарт уяач болсон. Туулай жилийн сар шинийн баярын босгонд "Алтан төлийн эзэн" болсондоо маш их баярлаж байна. Мөн Аймгийн аварга малчин болсон. Шагналын хур буусан сайхан жил болж байна.
-Өмнө нь малчид малын тоо толгойг чухалчилдаг байсан бол бэлчээрийн даац хэтрэх асуудал тулгарсантай холбоотойгоор малын өндөр ашиг шимд илүү анхаардаг болсон. Та ч энэ тал дээр нутаг орондоо манлайлж байгаа юм билээ?
-Манай өрхийн хувьд Улаанбаатар хоттой ойр мал маллаж буй учир эрчимжсэн мал аж ахуйг тэргүүлэх чиглэлээ болгосон. Тодруулбал, нэг малаас авах ашиг шимийг өндөр байлгахыг хичээж байгаа. Учир нь манай нутаг орон бэлчээрийн даац багавтар. Тиймээс өндөр ашиг шимтэй мал маллахыг хичээж байна. Манайх удам дамжсан малчин айл. Манай ээж Аймгийн аварга төлчин. 400 үнээний ферм гэж байхад Аймгийн аварга тугалчин болж байсан. Би багаасаа л мал, малын захад өссөн. Өвгөд, хөгшдийнхөө малч ухааныг орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт, шинэ технологиор баяжуулж бэлчээрийг зөв зохистой хэрэглэх тал дээр анхаарч байна. Манайх баянцагаан, Дорнодын барга үүлдрийн хонь өсгөж байгаад ОХУ-аас оруулж ирсэн эдильбай хониор сүүлийн дөрвөн жил эрлийзжүүлж байгаа. Эдилбай хонь хурга, төлгөндөө өндөр ашиг шим өгдөг. Монголын цаг агаарын эрс тэс уур амьсгалтай адилхан цаг уурт байдаг, уулын хонь юм билээ. Хуучин нэг төлөг 25 кг татдаг байсан бол эрлийзжүүлсээр одоо 29.5 кг, шүдлэн хонь 34-35 кг болсон. Ноос үс сайтай, махны гарц өндөр, онд орох чадвар сайтай, төлөрхөг хонь юм байна лээ. Эдилбай хонь монгол хонийг бодвол сүү ихтэй байдаг юм байна. Сүү их болохоор төл нь хурдан бойжиж, тарга тэвээрэг сайн авдаг. Манайх гуравдугаар сарын 15-н хавьд хонио төллөхөөр гадаа төллүүлчихдэг. Хурганууд ч өлчир байдаг. Эдилбай их ч ихэрлэдэг юм билээ. Манайх 100 хонь тутмаас 110-120 төл авдаг. Хэрэгцээний эрлийзжүүлэг гэж байдаг юм билээ. Манайх энэ эрлийзжүүлгийг хийж байгаа. Энэ жилээс мөн Францын суффолк үүлдрийн хуц тавьсан. Суффолк хуц тавьснаар хурганы амьдын жин өндөр гардаг.
Мөн бэлчээрийнхээ хажууд ногоон тэжээл тарьдаг. Цасан шуургатай өвлийн хатуу өдрүүдэд ногоон тэжээлээ малдаа өгснөөр мал хорогдох эрсдэл бага. Ер нь манай нутаг оронд цас их унадаг учир өвөлжилтийн бэлтгэлээ сайн хангахыг хичээдэг.


-Аливаа мэргэжил бүрт жаргал, тодорхой хэмжээнд зовлон байдаг. Малчин хүний жаргал, зовлон нь юу вэ?
-Өнгөрсөн бар жилийн хувьд мал хуй, малын бүтэц, малын чанар болон малчны чанарыг ч гэсэн шалгасан жаахан хатуу жил байлаа. Ийм хатуу үед цаг наргүй хөдөлмөрлөдөг. Хатуу цаг үеүд бэрхшээл ихтэй л гэхээс биш мал маллах сайхаан сайхан. Манайх 6000 шахуу боодол өвстэй байсан. Бэлтгэл сайн хангасан байсан болохоор энэ өвсөөрөө ажрахгүй сайхан давлаа. Малчин хүн байя гэвэл цаг наргүй хөдөлмөрлөх л хэрэг гардаг. Хөдөлмөрлөж чадсан нь л үр шимээ үзэж байдаг. Аль дутуу хөдөлмөрлөж, муухан бэлтгэлтэй байвал хэцүү. Ер нь тэгээд малчид цагийн бэрхшээлийг давж амьдардаг даа. Цаг сайхан байвал л малчин хүнд сайхан, цаг хатуурхвал цагийн байдлыг дагаж хөдөлмөрлөж байдаг.
-Малчид олон хүнийг, өрх айлыг малтай болгодог. Та, танай өрх айл хэр олон хүнийг малтай болгосон бэ?
-Манайх байнгын туслах малчид ажиллуулдаг. Туслах малчдынхаа амьдрал ахуйг сайжруулах журмаар мал хуй тасданаа. Манайх 200-300 гаруй бог өгсөн байхаа. Мал хуйгаас гадна туслах малчнаа таван ханатай сайхан гэртэй болгоод үдэж байсан. Унаа тэрэг ч аваад л өгч байсан. Мал маллахад дан нэг хүний, нэг өрхийн бус туслах малчны үүрэг роль их орно.
-Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган, халуун дулаан яриа өрнүүлсэн танд баярлалаа. Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе гэж бодлоо.
-Малчдынхаа нийгмийн асуудал, амьжиргааны түвшин болсон арьс шир, ноос ноолуурын үнэ ханшийг аятайхан болгоосой. Хөдөө орон нутаг руу чиглэсэн бодлого явуулаасай гэж хүсдэг юм. Өөр юм байхгүй ээ.
Танай радио, телевиз, сайтын хамт олонд ажил амьдралд нь өндөр амжилт хүсье.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Эх сурвалж: Монголын мэдээ


Сэтгэгдэл

ган [202.72.243.174] 2023-03-07 15:12:34

Хэрэг нь болоход нөгөө муусайн малчдын хөдөлмөрөөр бүтсэн 5 хошуу мал л хэрэг болдог. Гадагшаа гаргахыг нь нэг их дэмжихгүй, тэгээд мал махыг нь багахаан үнээр зах зээлээ хамгаалахад л хэрэгтэй болдог доо. малчид минь,

Зочин [202.179.24.115] 2023-03-07 10:37:55

Шагнал цолд хүмүүс дуртай, урамшуулал кайф авдаг эд шүү. Малчдаа урамшуулахад яагаад болохгүй гэж. АНУ-д ч оны тэргүүний үхэрчин тугалчин гээд муж улсууд нь шалгаруулж, малын үүдэр угсаа, мах сүү үржлийн малын уралдаан тэмцээн байнга л зохиогдож малчдаа урмашуулдаг юм билээ шүү. Шагнал цол олгоход яагаад буруутгаад байгааг ойлгодоггүй юмоо.

Зочин [192.82.80.212] 2023-03-05 14:39:04

Энэ аварга, сайн малчин энэ тэр гэсэн хоосон шоуг больмоор юм, хувийн малаа маллаж буй малчин малаа есгене уу, ухуулнэ уу еерийнх нь л хэрэг ш дээ, улсад ямар ч хуртээлгуй хэрэг баймаар юм


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.