Онцгой байдлын аврагчдыг Австрали улсад сургах, мэргэшүүлэх боломжтой
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад төлөөлөгчид 3 дугаар сарын 6-10-ны өдрүүдэд Австралийн Холбооны Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын эхний өдөр тус улсын Парламентын гишүүн, Мэргэжлийн ур чадвар, сургалт хариуцсан сайд Брэндан Оконнортой уулзлаа.
VET буюу мэргэжлийн ур чадварын сургалт нь практик ур чадвар олгоход голчлон анхаардаг. Шууд ажиллах сонирхолтой ахлах ангийн сурагчдад болон мэргэжлээ өөрчлөх, ур чадвараа ахиулах хүсэлтэй насанд хүрэгчдэд зориулсан байдаг.
Харин техник мэргэжлийн боловсролын сургуульд улирлаар богино хугацааны сургалт хэлбэрээр эсвэл багц хөтөлбөрөөр суралцаж болдог байна. TAFE сургалт нь илүү уян хатан байдаг учраас ажиллангаа суралцах, эсвэл коллеж, их сургуульд биечлэн суралцах боломжгүй хүмүүст тохиромжтой.
Мэргэжлийн боловсролын сургалтын гуравны нэгийг холбооны засгийн газар, үлдсэн хэсгийг муж бүс нутгийн төсвөөс санхүүжүүлдэг байна. Засгийн газрын санхүүжилт нь үндэсний хэмжээнд тэргүүлэх ач холбогдол өгч байгаа мэргэжил, ур чадварыг санхүүжүүлэхэд чиглэдэг.
2022 оны байдлаар мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад гадаадын 273 мянган оюутныг сургаж байна. Гадаад оюутнуудын сургалтын төлбөр 6000-66000 Австрали доллар байна.
Уулзалтын үеэр хоёр орны сайд нар өөр өөрийн орны мэргэжлийн боловсролын салбарт баримталж байгаа бодлого, цаашдын зорилгоо танилцуулсан. Улмаар хоёр улсын мэргэжлийн сургалтын үйлдвэрлэлийн төвүүд туршлага харилцан солилцох, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлж ажиллахаар боллоо. Мөн онцгой байдлын аврагчдыг мэргэшүүлэх, дахин сургах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтийг манай талаас илэрхийлсэн юм гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Zocnin [174.90.223.8] 2023-03-08 03:02:41
Yostoi zow awstralid surgaj yum uzej nud tailuulah heregtei . Angli helnii surgaltiig bas awstralid hiilgesen deer . Pagalwa pilippin bol hogshdee