SIPRI: Европ зэвсэглэж, ОХУ зэвсгийн зах зээлд байр сууриа алдаж байна
Өнгөрсөн таван жилд Европын орнуудын зэвсгийн импорт эрс нэмэгдсэн бол ОХУ дэлхийн хоёр дахь том зэвсгийн худалдагч хэвээр байгаа боловч жил ирэх тусам байр сууриа улам бүр алдаж байна гэж дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэн (SIPRI) тайландаа дурджээ.
Тайлангаас үзвэл, сүүлийн таван жилд Европын орнууд зэвсгийн импортоо 47 хувиар нэмэгдүүлсэн байна. SIPRI-ийн ахлан судлаач Питер Веземан энэ чиг хандлагын талаар тайлбарлахдаа, "дэлхий хэмжээнд зэвсгийн нийлүүлэлт багассан хэдий ч Орос болон Европын бусад ихэнх улсуудын хооронд үүссэн хурцадмал байдлын улмаас Европ руу нийлүүлэх зэвсгийн хэмжээ огцом нэмэгдсэн" гэжээ. ОХУ Украинд халдсаны дараа Европын орнууд зэвсгийн импортоо улам нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
ОХУ дэлхийн зэвсгийн зах зээлд эзлэх байр сууриа алдаж байна
Вашингтон, Москва хоёр зэвсэг ханган нийлүүлэгчдийн зах зээлд удаан хугацаагаар ноёрхож байсан боловч сүүлийн таван жилд АНУ-ын тэргүүлэх байр суурь нэмэгдэж, гуравдугаарт бичигдэж буй Франц улсын байр суурь ОХУ-аас мэдэгдэхүйц зөрүүтэй болжээ. АНУ-ын зэвсгийн экспорт 14 хувиар нэмэгдсэн бол ОХУ-ынх 31 хувиар буурсан байна. ОХУ таван жилийн өмнө зэвсгийн зах зээлийн 22 хувийг эзэлж байсан бол одоо 16 хувийг эзлэх болжээ.
Франц улсын хувьд мөн хугацаанд зэвсгийн худалдаагаа нэмэгдүүлж, зах зээлд эзлэх хувиа 7.1 -ээс 11 болгожээ. “Франц дэлхийн зэвсгийн зах зээл дэх байр сууриа улам бүр нэмэгдүүлсээр байна. Энэ нь Оросын зэвсгийн экспорт буурч байгаатай холбоотой бөгөөд 2022 оны эцэст Францын зэвсгийн экспортын дуусгаагүй захиалга Оросынхоос хамаагүй их байсан тул тус улсын байр суурь үргэлжлэн бэхжиж магадгүй" гэж П.Веземан хэллээ.
ОХУ гол худалдан авагч 10 орныхоо наймд нь экспортоо бууруулсан байна. Сүүлийн таван жилд тус улс хамгийн том худалдан авагч Энэтхэгт 37 хувиар бага зэвсэг худалдсан бол бусад долоон оронд хийсэн экспорт дунджаар 59 хувиар буурчээ. Үүний зэрэгцээ ОХУ сүүлийн таван жилд Хятад руу экспортын хэмжээгээ 39 хувиар, Египет рүү 44 хувиар нэмэгдүүлсэн байна.
Гэхдээ сүүлийн хоёр жилд ОХУ Египет рүү зэвсэг нийлүүлээгүй бол 2020-2022 онд Хятад руу нийлүүлсэн зэвсгийн хэмжээ 2018-2019 оныхоос хамаагүй бага байна. "Ойрын жилүүдэд энэ хоёр орны захиалгын хэмжээ буурах бүрэн магадлалтай" гэж SIPRI-ийн шинжээчид таамаглаж байгаа бөгөөд Бээжин Оросын зэвсгийн импортоос хамааралтай байдлаа улам багасгаж, өөрийн үйлдвэрлэлийг хөгжүүлж байгааг тэмдэглэжээ.
Украин руу халдан довтолсны улмаас ОХУ зэвсгийн экспортоо үргэлжлүүлэн бууруулж, өөрийн армийг зэвсгээр хангахыг тэргүүлэх чиглэл болгох төлөвтэй байна гэж шинжээчид үзэж байна. Дэлхийн зэвсгийн зах зээл дэх Оросын эзлэх хувь буурахад нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл бол АНУ болон түүний холбоотнуудаас гуравдагч орнуудад тавьсан хориг арга хэмжээ, шахалт болно гэж SIPRI -ийн тайланд дурдсан байна.
Украин зэвсгийн импортын хэмжээгээрээ гуравт орлоо
2022 онд Украин зэвсгийн импортын хэмжээгээр Катар, Энэтхэг улсуудын дараа дэлхийд гуравдугаарт жагсжээ. 2018 оноос хойших таван жилийн хугацаанд тус улс дэлхийн импортын хоёр хувийг эзэлж, энэ үзүүлэлтээр 14 дүгээрт орсон байна. Киевийн хамгийн том ханган нийлүүлэгчид нь АНУ (34 хув), Польш (17 хувь), Герман (11 хувь) улсууд байв.
Оросын довтолгооны дараа Украин руу АНУ-ын зэвсгийн экспорт огцом нэмэгдсэн хэдий ч Кувейт, Саудын Араб, Катар, Япон руу нийлүүлсэн хэмжээнээс доогуур хэвээр байна. Үүний шалтгаан нь АНУ эдгээр оронд байлдааны нисэх онгоц, агаарын довтолгооноос хамгаалах систем зэрэг илүү дэвшилтэт, үнэтэй зэвсгийг нийлүүлж байгаатай холбоотой гэж SIPRI бичжээ. Харин Украин голдуу хуучин зэвсэг, тэр дундаа Пентагоны агуулахаас зэвсэг хүлээн авсан байна.
Европ зэвсэглэж байна
ОХУ-ын бодлогын улмаас бүс нутгийн аюулгүй байдлын нөхцөл байдал муудсантай холбогдуулан НАТО-гийн Европын гишүүд сүүлийн таван жил зэвсгийн импортоо 65 хувиар нэмэгдүүлжээ. Дайн эхлэхээс өмнө өгсөн захиалга болон Украины дайнтай холбогдуулан худалдан авалтын үйл явцыг хурдасгасантай холбоотойгоор Европын зэвсгийн импорт ирэх жилүүдэд ч өссөөр байх болно гэж шинжээчид таамаглаж байна.
Тухайлбал, Польш улс 2018-2021 онд АНУ-аас 32 байлдааны нисэх онгоц, агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах дөрвөн систем захиалсан бол 2022 онд Орос Украин руу довтолсны дараа тус улсын эрх баригчид АНУ-аас 394 танк, 96 байлдааны нисдэг тэрэг, агаарын довтолгооноос хамгаалах 12 систем, түүнчлэн байлдааны нисэх онгоц 48-ыг, 1000 танк, 672 өөрөө явагч их буу, Өмнөд Солонгосоос зэрэг галлагч 288 тийрэлтэт систем захиалсан тухайгаа зарласан. "Украин руу хийсэн ОХУ-ын довтолгооны улмаас Европын орнууд илүү их зэвсгийг хурдан импортлохыг эрмэлзэж байна" гэж SIPRI -ийн шинжээчид дүгнэжээ.
Сэтгэгдэл