Сураггүй алга болсон гурван иргэнийг ЭСЭН МЭНД ОЛЖЭЭ
Цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор орон нутагт сураггүй алга болж байгаа иргэд нэмэгдсэн бөгөөд өчигдөр гурван иргэн сураггүй алга болжээ.
Тодруулбал, Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан баг, “Хамрын даваа” гэдэг газар иргэн Х, Б нар малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд сумын Хамрын даваа гэдэг газраас Шургадгийн сай гэдэг газрын чиглэлд малаа тууж яваад сураггүй болсон иргэн Х /45 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 05:05 цагт тус сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т “Мөстийн хөтөл” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгжээ.
Завхан аймгийн төвөөс баруун зүгт 125 км, Эрдэнэхайрхан сумын төвөөс баруун зүгт 20 км/-т “Шийрийн баруун-Өвдөг” гэдэг газар малчин Б нь малаа хотлуулах гэж гараад сураггүй алга болжээ. Иймд сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд иргэн Б/27 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 01:45 цагт гэрээс нь баруунд зүгт 7 км-т “Шийрийн баруун Дөрөлж” гэдэг газраас эсэн мэнд олсон байна.
Дундговь аймгийн Луус сумын Буянт баг, ‘”Улаан толгойн говь” гэдэг газар малчин О нь суудлын автомашинаар адуундаа яваад төөрсөн тухай дуудлагыг ОБЕГ-т ирүүлжээ. Иймээс аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид төөрсөн иргэн О/45 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 10 км-ийн тойрогт зохион байгуулж ажилллажээ. Төөрсөн иргэн 03:10 цагт гэртээ ирсэн гэж ар гэрээс нь мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
Сэтгэгдэл