Бан Ги Мун: Дэлхийн эдийн засаг геополитикийн блок болон хуваагдаж байна

Aдмин / Гадаад мэдээ

Азийн улс орны удирдагчдыг нэгэн дээвэр дор цуглуулдаг Баогийн эдийн засгийн чуулга уулзалт Хайнанд өчигдөр эхэллээ. Ковидын хямралыг залгасан Орос Украйны асуудлаас үүдэлтэй дэлхий дахинд өрнөөд байгаа эдийн засгийн тогтворгүй байдлыг хэрхэн шийдэх, ирээдүйн чиг хандлага, хөгжлийн төлөөх хамтын ажиллагаа, түүнд тулгарч буй бэрхшээл зэрэг асуудлуудад энэ удаагийн форум гол анхаарлаа чиглүүлсэн байна.

Чуулга уулзалтад зохион байгуулагч улсаас гадна Монгол, Энэтхэг, Вьетнам, Малайз, Сингапур зэрэг Азийн 50 гаруй улс орнуудын нөлөө бүхий удирдагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид зэрэг 2000 гаруй оролцогч хүрэлцэн иржээ. Манай улсаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар уригджээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Азийн төлөөх Баогийн форумын Удирдах зөвлөлийн тэргүүнээр ажилладаг. Тэрээр энэ жилийн чуулганы нээлтийн өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “ Дэлхийн эдийн засгийн нэгдсэн систем задран, геополитикийн хилээр тусгаарлагдсан эдийн засгийн блокууд болж хуваагдаж болзошгүй байна” хэмээн анхааруулжээ.

НҮБ-ын тэргүүн асан Бан Ги Мун Орос-Украины хурцадмал байдлаас үүдэлтэй дэлхий нийтэд өрнөөд буй хүнс, эрчим хүчний үнийн өсөлтөд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. Энэ асуудал цаашид даамжирч дараагийн ноцтой хямрал үүсэх нөхцөл бүрдэж байгааг ч тодорхой хэлжээ. “Ялангуяа хөгжил буурай, орлого бага орнуудын хувьд үнийн өсөлт, түүхий эдийн хомсдол зэрэг нь томоохон сорилт болж байгаа. Энэхүү хямралт байдлаас шалтгаалж инфляци улам газар авч, “Гамшгийн байдалд хүрч болзошгүй байна” гэсэн байна.

НҮБ-ын тэргүүний хариуцлагатай албанд 2007-2016 онд ажиллаж байсан дэлхийн улс төрч тэрээр геополитикийн өнөөгийн адармаатай цаг үеийг даван туулах хүндхэн сорилт тулгараад буйг онцлон сануулжээ. Тиймээс дэлхийн улс орнуудад хандан эдийн засгийн нөхцөл байдал одоогийнхоос хүндрэхээс урьдчилан сэргийлэхийн тулд шаардлагатай арга хэмжээ авахыг уриалжээ. Мөн эдийн засагт тулгараад байгаа энэ хүндрэл бэрхшээл нь дотоодын гэхээс илүү гадаад асуудлын нөлөө, олон улсын геополитикийн сөргөлдөөнөөс ихээхэн шалтгаалж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Хэлсэн үгийнхээ төгсгөлд тэрээр эдийн засаг хэдий хэцүү байгаа ч Олон Улсын Валютын Сангаас таамаглаж байсан дэлхийн ДНБ-ий өсөлт 2.9 хувиас даваад байгааг сайшаасан байна.

Азийн Давос гэгддэг Баогийн чуулга уулзалт нь 2001 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай. Өнөө жилийн хувьд "Хөгжил дэвшил ба хүртээмжтэй байдал", "Үр ашиг ба аюулгүй байдал", "Бүс нутаг ба дэлхий дахин", "Одоо ба ирээдүй цаг" гэсэн дөрвөн үндсэн сэдвийн дор чуулж байна. Форумыг нээж Азийн төлөө Баогийн чуулгын Ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодонг үг хэлсэн юм.

Тэрээр "Өнөөгийн тодорхой бус ертөнцөд бид тодорхой байдлыг судалж, улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг хүсч байна. Энэ чуулганы үр дүнд дэлхий нийтэд тулгараад байгаа олон сорилтуудыг даван туулахад тус дөхөм үзүүлнэ гэж найдаж байна. Эдийн засгийг хөгжүүлэхийн тулд нээлттэй, хүртээмжтэй байдлыг бий болгохыг зорьж байна" гэж онцоллоо.

Ази тивийн улс орнуудын хамтын ажиллагаа, эдийн засгийн хөгжилд уриалсан энэхүү чуулгад 50 гаруй гишүүн орон нэгддэг. Дашрамд дурдахад, Азийн төлөөх Баогийн чуулганы Бага хурал Улаанбаатар хотноо 2019 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун манай улсад айлчилж байв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.