Э.Макрон дайныг зогсоохын тулд Кремльд нөлөөлөхийг Хятад улсад уриаллаа

Aдмин / Гадаад мэдээ

Бээжинд төрийн айлчлал хийж буй Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон пүрэв гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпинд хандаж, Украины дайныг зогсоохын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд үзүүлэх нөлөөгөө ашиглахыг уриаллаа. “ОХУ-д нөлөөлж, талуудыг хэлэлцээний ширээний ард дахин суулгана гэдэгт танд найдаж болно гэдгийг би мэднэ” гэж Э.Макрон Ши Жиньпинд хандан хэлсэн байна.

Хариуд нь БНХАУ-ын дарга хэлэхдээ, талууд энхийн хэлэлцээг аль болох хурдан хийж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд Хятад, Франц хоёр улсад дэлхийн энх тайвныг хамгаалах "чадвар, хариуцлагын аль аль нь бий" гэжээ.

Э.Макронын хэлэхдээ, өнөөгийн хямрал нь дэлхийн томоохон гүрнүүд хоорондоо дайсагнасан блокуудад хуваагдах аюул учруулж байна гэлээ.

Энэ зуур Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков Украины нөхцөл байдал нь "тайван замаар шийдвэрлэх хэтийн төлөвийг харуулахгүй байна" гэж пүрэв гарагт дахин мэдэгджээ. Харин Украины Ерөнхийлөгчийн засаг захиргааны дарга Андрей Сибига үүнээс өмнө “Financial Times” сонинд ярилцлага өгөхдөө, хэрэв тус улсын Зэвсэгт хүчин байлдааны ажиллагааны явцад Крымийн хойгийн хилд хүрвэл Киев уг хойгийн асуудлаар Москватай хэлэлцээ хийхэд бэлэн байна гэжээ.

Э.Макрон мягмар гарагт Бээжинд хүрэлцэн очсон бол Европын комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен лхагва гарагт иржээ. Францын Ерөнхийлөгч ЕК-ын тэргүүнийг Хятадын даргатай хийх гурван талын хэлэлцээнд оролцохыг урьсан юм.

Хятадад хийж буй Э.Макроны айлчлалыг олон улс онцгой анхааралтай ажиглаж байна. Учир нь сүүлийн жилүүдэд Бээжин болон Өрнөдийн орнуудын харилцаа тасралтгүй муудсан. Хятад улс мөн Орос Украинд халдан довтолсныг шууд буруушаахаас татгалзсан билээ. Үүнээс гадна, Э.Макрон Хятадтай худалдааны харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд түүнийг Францын бизнесийн төлөөлөгчдөөс бүрдсэн томоохон баг дагалдан явж байна.

Энхийн төлөвлөгөө ба цөмийн зэвсэг

Пүрэв гаргийн үдээс хойш Э.Макрон Ши Жиньпинтэй хаалттай хаалганы цаана хэлэлцээ хийхээсээ өмнө Бээжинд цэргийн сүрлэг парадыг үзжээ. Хятад, Францын албаны хүмүүс хоёр улсын удирдагчдын яриа хэлэлцээг "илэн далангүй" бөгөөд "нөхөрсөг" болсон гэж тодорхойлсон байна. Хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр Ши Жиньпин Украины дайны талаар ярьж, "Хятад улс энхийн хэлэлцээг дэмжиж, мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхийг эрэлхийлж байна" гэжээ. Тэрбээр мөн олон улсын хамтын нийгэмлэгт болж буй үйл явдалтай холбогдуулан "ухаалаг тайван" байхыг уриалав.

Хоёрдугаар сард Хятадын ГХЯ "Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах талаар байр сууриа илэрхийлсэн" баримт бичгийг нийтэлсэн. Бээжингийн “энх тайвны төлөвлөгөө” гэж нэрлэж буй 12 заалт бүхий уг баримт бичгийнхээ талаар Ши Жиньпин саяхан Москвад айлчлах үеэрээ мөн хэлэлцсэн юм.

Өрнөдийн орнууд болон Украины эрх баригчид Хятадын санал болгож буй төлөвлөгөөг энх тайвныг тогтоох тодорхой механизм байхгүй бөгөөд энхийн төлөвлөгөө гэхээсээ илүүтэй дайны талаарх Бээжингийн үзэл бодол гэж мэдэгдсэн юм. АНУ ч мөн хэдийгээр ямар нэгэн шинж тэмдэг ажиглагдахгүй байгаа ч Хятад улс ОХУ-д зэвсэг нийлүүлж эхлэх вий гэж болгоомжилж байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн. Э.Макронтой хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын удирдагч мөн энэ дайнд цөмийн зэвсэг ашиглах ёсгүй гэдгийг дахин мэдэгджээ.

Гуравдугаар сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Беларусийн нутаг дэвсгэрт тактикийн цөмийн зэвсгээ байрлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм. Москвад болсон уулзалтын дараа В.Путин, Ши Жиньпин нар "цөмийн бүх гүрэн нутаг дэвсгэрээсээ гадна цөмийн зэвсэг байрлуулах ёсгүй бөгөөд гадаадад байрлуулсан бүх цөмийн зэвсгээ эргүүлэн татах ёстой” гэж дурдсан тунхаглалыг баталсан.

Э.Макрон мэдэгдэхдээ, Украиныг түрэмгийлэн эзэлж байгаа цагт “Европ аюулгүй, тогтвортой байх боломжгүй” гэжээ. Тэрбээр НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн болох ОХУ энэ байгууллагын Дүрмийг зөрчиж байгаа нь хүлээж зөвшөөрч болшгүй нөхцөл байдал гэв. Украины нөхцөл байдал нь "тайван замаар шийдвэрлэх хэтийн төлөвийг харуулахгүй байна" гэж Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков пүрэв гарагт дахин мэдэгджээ.

Макроны найрсаг өнгө аяс, фон дер Лейений хатуу ширүүн мэдэгдлүүд

Хэвлэлийн бага хурлын үеэр Э.Макрон Хятадын удирдагчтай найрсаг харьцаж, түүнд шууд хандаж байсан бол Ши Жиньпин хэвлэлийнхэнтэй нэлээн тайван ярилцаж байсныг ажиглагчид анзаарчээ. Харин ЕК-ын дарга тусдаа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэд хэдэн хатуу мэдэгдэл хийжээ. Тухайлбал, Бээжин ОХУ-д зэвсэг нийлүүлбэл олон улсын эрх зүйг зөрчиж, ЕХ, БНХАУ-ын харилцаанд "ихээхэн хохирол учруулна" гэжээ.

Тэрбээр "Хятад улс шударга энх тайвныг тогтооход хувь нэмэр оруулах үүрэг гүйцэтгэнэ” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Киев эзлэгдсэн нутаг дэвсгэртээ хяналтаа тогтоосноор дайн төгсгөл болгох хувилбарыг Украины Барууны холбоотнууд “шударга энх тайван" гэж нэрлэж байгаа юм. Фон дер Ляйен мөн Оросын цэргийг бүрэн гаргахыг шаардсан Украины удирдагч Владимир Зеленскийн энхийн төлөвлөгөөг дэмжиж байгаагаа мэдэгджээ.

В.Зеленский Ши Жиньпинтэй шууд хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа урьд нь мэдэгдсэн ч Хятадын дарга энэ саналд одоогоор албан ёсоор хариу өгөөгүй байна.

Фон дер Ляйений хэлснээр, Ши Жиньпин В.Зеленскийтэй "тохиромжтой цаг хугацаа, нөхцөл нь бүрдвэл" ярилцахад бэлэн гэдгээ яриа хэлэлцээний үеэр баталжээ. Пүрэв гаргийн орой Хятадын эрх баригчид Э.Макронд зориулж хүндэтгэлийн оройн зоог зохион байгуулсан бол баасан гарагт Франц, Хятадын удирдагчид өмнөд нутгийн Гуанжоу хотод айлчилж, дахин хамтдаа зоог барих боловч энэ удаад хувийн хэлбэрээр зоог барих юм.

Э.Макроны айлчлал яагаад чухал вэ

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятадын удирдагч Балид болсон “G20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, тэнд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзсанаас хойш энэ нь Ши Жиньпин болон Өрнөдийн орнуудын удирдагчдын нэг хооронд тогтоож буй үлэмж чухал холбоо харилцаа учраас Э.Макроны энэ удаагийн айлчлал чухал ач холбогдолтой юм.

Үүнээс гадна, Э.Макрон олон улсын энхийг сахиулагчийн хувиар нэр хүндээ бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд тэрбээр одоо Украины мөргөлдөөний бүх гол оролцогчидтой биечлэн уулзсан удирдагч болж байна. Э.Макрон өмнө нь В.Путин, В.Зеленский нартай нэг бус удаа уулзаж байсан билээ.

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.247] 2023-04-07 20:35:08

Европын холбоо эхнээсээ гуйж эхлэв гэж ойлгов.Өөрсдөө гуйхаас ичээд ХЯТАДын саналыг зөв гэв.УКРНАЦИСТУУД ч бараг зөвгөөрөх шиг боллоо


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.