Энэтхэгт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт бага байна
Энэтхэг улс хүн амын тоогоороо Хятадыг гүйцэх тун дөхсөн. Дээрээс нь эдийн засаг нь дэлхийд хамгийн хурдацтай өсөж байгаад тооцогддог. Гэвч ажиллах хүчинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь сүүлийн жилүүдэд улам буурсаар дэлхийд хамгийн доогуур үзүүлэлттэй 20 орны тоонд оржээ.
Тодруулбал, хөдөлмөрийн насны хүн амын тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь ойрын жилүүдэд Энэтхэгийн эдийн засаг өсөх гол хүчин зүйл болно гэж тооцдог. Гэхдээ ингэж эрчимтэй өсөж байгаа хүн амынхаа, ялангуяа эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн асуудлыг шийдэж чадахгүй бол энэ нь буцааж хүн ам зүйн хямрал болох эрсдэлтэй гэж шинжээчид болгоомжилж байна.
2004 онд Энэтхэгт эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт 35 хувьд хүрч дээд үзүүлэлтэд хүрч байсан бол, өнгөрөгч 2022 онд 25 болтлоо унасныг энэтхэгийн Азим Премжи их сургуулийн эдийн засагч албан мэдээнд тулгуурлан дурджээ. 2022 онд энэтхэгийн ажил хөдөлмөр эрхлэх насны эмэгтэйчүүдийн дөнгөж 10 хувь нь л ажил эрхэлсэн эсвэл ажил хайсан дүн гарсныг Энэтхэгийн эдийн засгийн мониторингийн төвийн мэдээ харуулсан байна.
Энэ нь тус улсын ажиллах хүчинд 361 сая эрэгтэйчүүдтэй мөр зэрэгцэн 39 сая эмэгтэйчүүд хөдөлмөрлөж байгаа гэсэн үг болж байгаа юм байна. Энэтхэг дэх ажил эрхлэлтийн энэ хямралд нөлөөлөгч нэг гол хүчин зүйл нь эмэгтэйчүүд гэртээ сууж, гэр бүлийн гишүүдийг гол халамжлагч нь байх ёстой гэж үздэг, гэрээс гадуур ажил хөдөлмөр эрхлэхийг нь таашаадаггүй соёл, ёс заншлын тогтсон сэтгэлгээтэй холбоотой гэж шинжээчид үздэг.
Улмаар Энэтхэг, АНУ-ын хүн амын тооноос хоёр дахин олон хөдөлмөрийн насны эмэгтэйчүүдтэй байна. Хэрвээ Энэтхэг улс энэ том ан цавыг бөглөх арга сийлж чадвал асар том боломж болох талтайг шинжээчид хэлж байна. Эмэгтэйчүүдийн ажиллах хүчинд эзлэх хувийг 10 хувиар өсгөхөд Энэтхэгийн ДНБ-ий хэмжээ 552 хувиар нэмэгдэх боломжтой гэсэн “Маккинзи” хүрээлэнгийн 2018 оны судалгаа байдгийг тэд мөн сануулжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.9.47.31] 2023-04-16 14:23:17
Олон тэрбум хүн амын өсөлт, олон тэрбум хүний ус хоол хүнсний хэрэглээ, хог хаягдлыг дэлхий даахгүй.