Дуранд буусан гурван ертөнц

Aдмин / Нүүр

Тухайн орчин, цаг хугацааг хадгалан хэдэн зууны тэртээд ч түүчээлэх мөн чанар гэрэл зурагт оршдог. Энэ орон зайд тод түүхийг бичилцэж, шувуу, шавьж, амьтны гэрэл зургийг буулгадаг гэрэл зурагчин Л.Жаргалсайханыг “Зууны мэдээ” сонин “Урлаг” буландаа онцолж байна. Дуранд буусан зураг бүхэн давтагдашгүй түүх, үнэ цэнийг агуулдаг. Дугаарын зочин маань гэрэл зурагт буусан гурван бүтээлийнхээ талаар ийн өгүүлсэн юм.

“Үнэгний нүд, хэлний өнгө зургийг тодотгодог”

сонин mn

Дорноговь аймгийн Их нартын байгалийн цогцолбор газарт хоёр аманд л булаг урсдаг юм. Хавар, намар шувуудын нүүдэл эхлэх, буцах цагт би энэ газрыг зорих дуртай. Шувууны зураг авахаар өглөө нар мандахын үед булгийн дэргэд очоод хүлээж суулаа.

Жижиг шувууны зургийг дарахын тулд өглөө эрт очихгүй бол хожигдоно. Учир нь жижиг шувуунууд урьд орой нь үр, жимс их идээд унтдаг учраас бодисын солилцоо нь их хурдан явагддаг. Тиймээс өглөө их цангадаг учраас ус ууж, сөдөө угаадаг онцлогтой.

Булгийг тойруулж барьсан торон хашаатай. Би хашаан дотор суугаад жижиг шувууг ус уухыг хүлээж нэлээд удаан суулаа. Амьтны зураг авахын тулд тэвчээртэй хүлээх л их чухал. 11:00 цагийн үед тэр булагт янгир, гэрийн мал ирж ундаална. Тэгээд хүлээгээд сууж байтал нэг үнэг нааш цааш хараад их болгоомжтой булагт дөхөж ирлээ. Энэ зургийн хамгийн үнэтэй зүйл бол амьтан айж, сандарсан зүйлгүй өөрийнхөө зөнгөөрөө байгаа нь. Би булгийг тойруулж барьсан нарийхан төмөр торны цаана ногоон хувцастай, толгой дээгүүрээ юм нөмөрчихсөн байсан учраас намайг хараагүй байх. Бас янгир орж ирэхийг хүлээж байсан учраас хамаг анхаарлаа тийш нь хандуулсан байлаа. Үнэгний нүд, хэлний улаан өнгө энэ зургийг тодотгодог. Би амьдралдаа нэг л удаа гэрэл зургийн уралдаанд оролцсон. Энэ зураг маань 2017 онд Монголын гэрэл зургийн холбооны оны шилдэг байгаль амьтны зургаар тодорсон.

сонин mn

“Цэвдгийн ууль шөнө хоносон газраасаа холгүй байв”

сонин mn

Цэвдгийн ууль нь хойд туйлаас өвөлдөө орж ирдэг цагаан шувуу юм. Шувууны идэшний олдоц муудахаар дулаахан, үлийн цагаан оготно ихтэй газрыг зорьдог. Шувуу судлаачид, гэрэл зураг сонирхогч залуус цэвдгийн ууль шувууг хайж их явдаг юм. Гэвч манай улс асар уудам нутагтай учраас олоход хэцүү. Одоогоос 7-8 жилийн өмнө аравдугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Хэрлэнгийн хөвөөнд цэвдгийн уультай нэг хүн ойрхон таарлаа гэсэн сураг дуулсан юм. Тэгээд тав дахь өдөр ажлаа тараад хэдэн найз нартайгаа гараад ням гарагийн үдээс хойш хот руу буцдаг байлаа. Сүүлдээ жолоочтойгоо хоёулаа явдаг болов. Ингэсээр таван долоо хоног амралтын өдрүүдээр явсан. Цэвдгийн ууль цагаан өнгөтэй учраас цасанд харагддаггүй.

Бямба гарагийн орой. Зорьсон газраа очоод шувуугаа хайлаа. Тэгсэн нэг зүйл сүүдэрлэж харагдлаа. Ойртоод очтол цэвдгийн ууль байв. Тэгээд судлаач найз нар руугаа утастаад шөнөдөө яаж хонодог тухай асуухад буусан газраа хонодог. Өглөө, оройны бүрийд ан гөрөө хийдэг гэлээ. Тэгээд Өндөрхааны буудалд очиж хоноод өглөө нь ирээд шувуугаа хайлаа бас л олдсонгүй.

Үд боллоо. Маргааш ажилтай тул хот руу буцахаар болж жолоочтойгоо машин дотроо цайгаа уулаа. Тэгээд машинаасаа буугаад байж байтал урд нэг юм хөдлөх шиг боллоо. Гэтэл цэвдгийн ууль урьд шөнө хоносон газраасаа холгүй байлаа. Өдрийн гэрэлд нүд гялбаад харагдахгүй байж. Тэгээд камераа аваад 20 гаруй кадр дарлаа. Үдээс хойш цасны униар эхэлчихсэн болохоор юу ч харагддаггүй. Ойртохоор нисээд явчих гээд байдаг. Тэгээд жолоочтойгоо хувцсаа дулаалж өмсөөд, машиныхаа бүх цонхыг онгойлгож байгаад шувуунд 40-50 метр ойртоод зурагаа дарлаа. Бас л гялбаад харагддаггүй. Тэгэхээр сүүдэр талаас дөхөж байж хэдэн кадр буулгаж, цэвдгийн уулийг дурандаа буулгах мөрөөдлөө биелүүлж билээ.

“Зургийг илүү амьд болгож байгаа нь нүдний гал”

сонин mn

Хоёр шаргачины төлийн зургийг өнгөрсөн намар дарсан юм. Би Говьсүмбэр аймгийн Чойрын Богд уул руу явах их дуртай. Амьтад аж төрөхөд ээлтэй байгалийн тогтоц бүрдсэн сайхан нутаг. Мөн нутгийн иргэд ч гэсэн амьтдыг айлгаад байдагггүй учраас тайван амгалан байдаг. Нэг удаа гэрэл зургийн найз нартайгаа явж байгаад аргалийн хэдэн зураг дарсан. Чойрын Богдын урд талаар нь тойртол зээр харагдав. Тэгээд ойртохоор үргэчих вий гэж бодоод хуучин нурсан байрны сүүдэр бараадаад зогслоо. Гэрэл зурагчин зураг дарах зохиомжийг дотроо гаргачихсан байдаг. Би тэр үед харайж байгаа, урдуур урсаад өнгөрч байгаа зээрийн зураг сарниулж авах юмсан гэж бодож очсон юм. Биднийг ийн суух зуур зээрийн хоёр төл идээшлээд ойртсон. Дуу чимээ гаргаагүй учраас хүн байгааг ч анзаарсангүй. Сүүлдээ ойртоод бүр машины урд руу дөхлөө. Ингэж л хоёр шаргачин миний дуранд буусан юм. Хоёр шаргачны зургийг илүү амьд болгож байгаа зүйл нь нүднийх нь гал. Бас амгалан тайван байдал. Амьтны зургийг давхардуулж авах их гоё байдаг.

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зараа [124.158.64.71] 2023-04-17 11:27:42

аргагүй л мэргэжилдээ дуртай хүн юм, бидний харааг мялааж байхын тулд бодол нь биежиж хүсэл нь бүтээл болж байг ээ, амжилт!


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.