МАН-ын хямралд Үндсэн хууль БУРУУГҮЙ
Эрх баригчид дөрвөн сард багтан сонгуулийн хуульд яаралтай өөрчлөлт оруулахаар шулууджээ. Үндсэн хуульд ч санаа зовоод сонгуулийн тухай хуулийг ч шүүмжлээд буй төрийн өндөр албан тушаалтнуудын мэдэгдэлд улс орноо гэхээс илүү намынхаа эрх ашгийг тухайлбал фракцынхаа эрх мэдэлд санаа зовсон шинж илт мэдэгдэж эхэллээ.
Дотоод хагарал
Засгийн газрын тэргүүний эрх мэдэл 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэлээд ахиж АТГ, шүүх прокурорт тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай болсон нь эдийн засгийн ач холбогдлыг авлигатай тэмцэхтэй уялдуулах гэж чармайж буй өнөөгийн нөхцөл байдал. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн түшиг тулгуургүйгээр “Ш” ажиллагаа мэтийн зоригтой алхам хийгдэх бололцоогүй өдий хүрсэн. Авлигалын торыг задалж буй эл шинэ үзэгдлээс үүдэн эрх баригч намын дотоод хагарал гүнзгийрч, эдгэрсэн шарх сорви нь тун ч зовиуртай хөндөгдөх болов. Иймээс МАН-ын дотор мөнгө, эрх мэдэл тэнцүү 2-3 бүлэг фракцууд нэгнийхээ хоолойд хутга тулгачхаад буруу нүүдэл хийвэл хэрчиж арчихад бэлэн буй нь улам тодорсоор.
Эдийн засаг-сонгууль
Идэш уушаа хуваалцахдаа эр чадлаа баралцаж ядахуйд юу юугүй сонгууль хаяанд туллаа. 5,4 хувийн макро өсөлттэй эдийн засаг ч яваандаа үнийн өсөлт, санхүүгийн хомсдолд чөдөр болж чадах болов уу. Хамгийн хяслантай нь 2024 он эхлэхэд л аяндаа макро түвшний эерэг үзүүлэлтүүд ард иргэдийн амьдралд бодит нөлөөгөө тусгах аятай. Гэвч сонгуулийн амлалтаа ор тас мартаж, намын нэр хүнд нь шалаар нэг тарсан МАН-ынхан сөрөг хүчнээ сөхрүүлээд ч оноо авч дийлэхгүй болохоор хоёр хоногийн өмнө ч атугай халамж тараахаар ханцуй шамлах. Харин их санасан газар ес шөнө хоосон хонохын үлгэрээр төгсөхгүйн тулд стратеги, бодлогын түвшний улс төр, төрийн үйл ажиллагаанд бус сонгуульд зориулсан амлалтуудаар “Алсын хараа-2050” нь хүртэл будагджээ.
Эрх баригчдын хазаар-Үндсэн хууль-сөрөг хүчин
Түргэн түүхийгээс эмээлгүй хамаг ухаан, тэнхээгээ Сонгуулийн хуульд зориулж, шаардлагатай бол Үндсэн хууль өөрчлөх асуудлыг удаа дараа хөндөөд байгаа нь эрх баригчдын нам дотроо эвлэж, нэгдсэн шийдэл, зорилтод хүрч төвдөхгүй байгааг бэлхэн харуулах ч гэлээ Ардчилсан намын шүүхийн будилаанд гар бие оролцохгүйгээр механик хүч тарамдуулалтгүй болчих аюултай тул шүүхийн нэн төвөгтэй үйл явцыг тэнд зангидаж лав тушсан ч Л. Гантөмөрийг УДШ бүртгэснээс хойш харьцангуй намжмал байна. Харин эрх баригчдын хэт дураар авирлахад юу юунаас илүү хазаарлаж буй хүчин зүйл нь Үндсэн хууль. Тухайлбал “...1 жилийн дотор УИХ болон сонгуулийн тухай хууль батлах, нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно…”, “...”УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнө 6 сарын дотор Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй” гэсэн заалтууд намын эрх ашгийг тэнгэрээс дор газарт бүхнээс дээгүүр тавихыг бага ч болов хязгаарлаж буй юм.
Хэрвээ УИХ 152 гишүүнтэй байхаар шийдвэрлэх тохиолдол яаралтай Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай. Гэвч ингэхийн тулд “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хууль, УИХ-ын тухай хууль, сонгуулийн тухай хууль гэх мэтийн дагалдах олон хуульд засвар оруулах нөхцөл үүснэ. Гэвч хуульд заасан хориглох хугацаа болоход ганцхан сар дутуу.
Д.Энхбат
Сэтгэгдэл
Иргэн [139.5.219.149] 2023-04-19 06:42:06
Үндсэн хуулиар МАН хүүхэд шиг тоглох эрхгүй.
Иргэн [64.119.17.68] 2023-04-18 14:13:27
Үндсэн хуулинд хуулиа дээдэлдэггүй МАН,АНам түүний үе үеийн удирдлагууд ,хуулиа шудрагаар хэрэгжүүлдэггүй Шүүх засаглал,прокурор,цагдаа хүчний байгууллагууд,түүний удирдлагууд буруутай,бурууг Үндсэн хуулиасаа биш өөрсдөөсөө хай.
Зочин [124.158.68.175] 2023-04-18 11:17:37
АН минэээ та нар л хямарсан тамгаа ч олохгүй байж...