Трамп Зеленский одоог хүртэл "энхийн гэрээний төсөл"-ийг уншаагүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин дахь тусгай ажиллагааны зохицуулалтын талаар Америкийн засаг захиргаанаас боловсруулсан энхийн гэрээний төслийг Владимир Зеленский одоог хүртэл уншаагүй байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв.
АНУ-ын ерөнхийлөгч, Жон Кеннедийн нэрэмжит Гүйцэтгэх урлагийн төвд сэтгүүлчдэд “Зеленский одоог хүртэл санал болгосон баримт бичгийг уншаагүй байгаад би бага зэрэг урам хугарсан гэдгээ хэлмээр байна” хэмээн мэдэгджээ.
Трампын хэлснээр, Зеленскийн хүрээлэл нь АНУ-ын талын саналыг ихэд эерэгээр хүлээн авчээ.
Мөн тэрбээр Зеленский Вашингтоны саналд үнэхээр сэтгэл хангалуун байгаа эсэх нь тодорхойгүй бөгөөд “яагаад Зеленский одоо хүртэл хэлэлцээрийн нарийн ширийнийг судлаагүй байгаа талаар хэн нэгэн тайлбар өгөх шаардлагатай болно” гэж нэмж хэлсэн байна.
Өнгөрсөн арваннэгдүгээр сард Вашингтон Украины асуудлыг зохицуулах 28 зүйл бүхий төлөвлөгөө дэвшүүлсэн. Энэ баримт бичиг нь Киев болон Европын зарим түншүүдийнх нь дургүйцлийг төрүүлж, тэд уг төлөвлөгөөг нэлээд өөрчлөхийг оролдсон.
Арваннэгдүгээр сарын 23-нд АНУ ба Украин Женевэд зөвлөлдөх уулзалт хийсэн. Дараа нь Трамп эхний хувилбар нь Москва болон Киевийн байр суурийг харгалзан боловсронгуй болсныг, зөвхөн хэдхэн маргаантай асуудал үлдсэнийг мэдэгдсэн билээ.
Арваннэгдүгээр сарын 30-нд Флорида дахь АНУ, Украины төлөөлөгчдийн зөвлөлдөх уулзалтаар мөргөлдөөнөө зогсоох арга зам, эдийн засаг ба аюулгүй байдлын урт хугацааны шийдлүүд, Украинд сонгууль явуулах боломж, нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцжээ.
Арванхоёрдугаар сарын 3-ны шөнө Москва хотод ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Америкийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Стивен Уиткофф болон Трампын хүргэн, бизнесмэн Жаред Кушнер нартай уулзав.
Оросын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаковын хэлснээр, Украины асуудлаарх энэхүү уулзалт бүтээлч, агуулгатай болж өнгөрсөн бөгөөд талууд хэд хэдэн энхийн төлөвлөгөөг, тэр дундаа нутаг дэвсгэрийн асуудлыг хэлэлцэж, цаашдын холбоо улам үргэлжлэхээр тохиролцжээ.
Өмнө нь Флорида мужид АНУ ба Украйны төлөөлөгчдийн гурван өдрийн хэлэлцээ дууссан. Хэлэлцээний дараа Уиткофф ба Кушнер нар Владимир Зеленскийтэй утсаар ярьсан байна.
Axios-ын мэдээлснээр, АНУ Украинтай хийсэн хэлэлцээний явцад нутаг дэвсгэрийн асуудлыг шинэ аргаар зохицуулах боломж эрэлхийлж байгаа аж.
Эх сурвалж: TASS






























































Сэтгэгдэл