СҮХБААТАР: Шинэ цагийн илгээлтийн эзэд
Дэлхийн сайн дурын өдрийг тохиолдуулан Сүхбаатар аймгийн хэмжээнд 4 дүгээр сарыг “Сайн үйлсийн сар” болгожээ. Энэ хүрээнд шинэ цагийн илгээлтийн эздийг малчдын хотонд илгээсэн байна. Илгээлтийн эзэд буюу сайн дурынхан Баруун-Урт сумын наймдугаар багийн малчдын хотонд очиж хаврын ажилд нь тусалжээ.
Баруун-Урт сумын ЕБС-ийн хүүхдүүд өөрсдийн хүсэл сонирхлоороо нэгдэн сайн дурын ажилтнуудын бүлгийг байгуулсан. Тэд хонь хариулах, хурга ишиг угжих, хот хороо цэвэрлэх, ямаа самнах, үнээ саах зэрэг ажлыг хийжээ. Энэ нь хүүхдүүдийн хувьд сонирхолтой байсны зэрэгцээ богино хугацаанд ч гэсэн малчдад маш том туслалцаа болсон гэдгийг зохион байгуулагчид хэлж байлаа. Учир нь ойрын өдрүүдэд цаг агаар таагүй, салхи шуурга ихтэй байгаа учир малчдад хүн хүч хамгийн хэрэгтэй байгаа үе. Тийм ч учраас малчид ч мөн хүүхдүүдийн инээд хөөр, дуу хуур хотонд цангинаж, ид ажлын үед тус нэмэр болсон нь үнэхээр урамтай байсан гэж дүгнэжээ. Уг ажлыг аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжийн газар, Баруун-Урт сумын ЗДТГ, наймдугаар багийн ажлын албаныхан хамтран зохион байгуулсан байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
зочин [202.9.46.54] 2023-04-19 13:43:46
зөв ажил хийж ээ залуусыг хөдөлмөрт сургах нь нэн түргүүний ажил ажил хийж сжрсан хүн хана ч амьдраад явна