С.МОЛОР-ЭРДЭНЭ: САЙХАН ЦАГ ИРЭХГҮЙ. ТҮҮНИЙГ АВЧИРДАГ

Aдмин / Нийгэм

Философич С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хүүхдээ 18 нас хүрэв үү, үгүй юу “Хүнтэй суу” гэнэ. Хорь гарчихвал “Чи оройтлоо” гээд хүүгээ, охиноо ямар ч хамаагүй айлын хүүхэдтэй бушуухан гэрлэхээс өөр аргагүй зам руу түлхдэг. “Миний охин, миний хүү эхлээд боловсор, хорвоог, өөрийгөө тань. Яаран битгий гэрлэ” гэж байгаа эцэг эх цөөн?

-Хүнийг хүн гэж хүндлэх хүндлэл монгол хүнд байдаггүй л дээ. 18 нас хүрсэн хүүхдээ хүндлэхгүй байгаа юм.

Ерөнхийдөө цаагуураа “Чи гараад яаж ийгээд л хулгай хийж ир” гэсэн юмаа ойлгуулчихаж байгаа юм. Яаж ийгээд амьдар, хажуугаар нь биднийг харж үз, мөнгө явуул гэнэ. 18, 19 нас хүрээд өнөө хүүхэд чинь амьдралтай ид зөрчилдөж эхэлж байгаа байхгүй юу. 25 нас хүртэл нь хүүхдийг гэрээсээ гаргах хэрэггүй юм байгаа юм. Яг ээж аавын дэргэд хоол ундыг нь идүүлээд. Монгол амьдралд.

Яахав тэр, барууны хөгжчихсөн газруудад өөр л дөө. Манайд бол хүүхдээ 25 нас хүртэл нь гэртээ байлгах ёстой. Даанч ээж аавууд өөрсдөө осолтой учраас ээжээс холдсон нь дээр, охид. Уул нь болдог бол ээж аавууд нь хүүхдээ дэргэдээ хоол унд, мөнгө төгрөгөөр хангаад учир зүггүй наймаа ярихгүй, хариу нэхэхгүй 25 нас хүртэл нь тайван байлгачихаад гэрээсээ гаргавал шууд, яаран хүнтэй сууж, шууд айлын гэрт орохгүй юм байгаа юм. Айлын гэрт орно гэдэг чинь орон сууц хайж л орж байна гэсэн үг шүү дээ.

Тийм тийм.

-Өөрөө орон сууцгүй учраас.

-Тийм жишээ олон мэдэх юм.

-Эмэгтэйчүүд бол бушуухан нэг эрэгтэйг барьж авахгүй бол манайд ялангуяа хүнтэй суугаагүй эмэгтэйчүүдийн хүчирхийлэл их учраас тэр хүчирхийлэлд автахгүйн тулд бушуухан нэг залууг дэгээдээд авдаг. Тэгж байж хүчирхийллээс холдож байгаа юм. Эрчүүдийн дур тачаалын хүчирхийлэл их. Эмэгтэй хүнийг харлаа, тэгээд л ойлгомжтой. Ажилд нэг шинэ эмэгтэй орж ирлээ, шууд ойлгомжтой.

-Адгууслаг.

-Адгууснаас долоон дор. Адгуус чинь өвдөнө, ичнэ, зовно шүү дээ. Монгол хүн чинь ичиж зовохгүй, тийм аймаар байна аа гэдэг чинь адгуусны түвшний ч ёс суртахуунгүй байна.

Тэгэхээр бид чинь маш их асуудалтай. Энэ асуудлаа шийдэх ёстой. Хийх ажил их байна. Философийг төрийн хэмжээний түвшинд аваачих шаардлага байна. Би хэлээд байгаа шүү дээ, Бал дарга сууж байсан хуучин хоёр давхар байгаа шүү дээ. Нэгдүгээр сургуулийн хажуу талын хашаан дотор. Хоёр давхар цагаан байшингууд байдаг даа.

-Байдаг байдаг.

-Одоо тэр байшин хоосон. Тэнд намайг суулгачих ёстой байхгүй юу. За, Монголын философийг наанаа сууж байгаад гаргаж ир гээд хоолны л мөнгө өгчихнө биз. Тэртээ тэргүй миний хэрэгцээ дууссан. Миний хэрэгцээ дуусчихсан шүү дээ. Гадаад явах сонирхол дуусчихсан, олон орноор явчихсан. Янз бүрийн юм идэж уугаад дуусчихсан. Илүү дутуу янз бүрийн хувцас хунар өмсөөд дуусчихсан. Одоо зүгээр л философио л хийх юмсан. Тайван, чөлөөтэй. Монголын төлөө. Монголын философио л хийх юмсан, өөр юм байхгүй. Энэтхэгт Энэтхэгийн философи хийж, хятадууд Хятадын философио хийж, Иран нь Ираныхаа, Араб нь Арабынхаа философийг хийж, Казахстан нь Казахстаныхаа философийг хийж байна. Тэгвэл Монголын Молор-Эрдэнэ би яагаад Монголын философио хийгээд сууж болохгүй гэж, яг эд нартай адилхан. Дээр дурдсан орны философичдыг хаан нь, төр нь хамгаалалтдаа авчихсан. Би чинь ямар ч хамгаалалтгүй. Надтай ямар ч хүн яриад, уулзаад мэтгэлцэх гээд байгаа шүү дээ. “Молор-Эрдэнэ гуай, тантай сайхан суугаад ярилцчих юмсан” гэдэг. Хятад, Солонгос, Япон, Араб, Казахстан зэрэг орнуудын ард түмэн чинь философичидтойгоо хамаагүй хүнийг уулзуулдаггүй. Холхон бай, чи энэ хүнтэй уулзаж ярихын тулд ядаж хоёр, гурван ном уншчихсан бай гэдэг. Тэгээд тэр хоёр, гурван номыг нь унших гэхээр 10 жил хэрэгтэй. Надтай уулзахын тулд, нэг түвшинд ярилцахын тулд тэр хүнд 10 жил хэрэгтэй байхгүй юу. Тэгэхээр манайд, төр ч юм уу, дээгүүр байгаа нөхөд “Молор-Эрдэнэ гуайг орлочих хүн байна уу” гээд хайвал байхгүй. “За тэгвэл чи хурдхан шиг философи сураад тэр хүний түвшинд яриадах” гэвэл тэр хүнд 10-15 жил хэрэгтэй. Тэгэхээр Молор-Эрдэнийн түвшний хүнтэй болохын тулд 15 жил хүлээх нь байна шүү дээ. Тэгж цаг алдаж, мөнгө үрэх хэрэг байна уу.

-Таны “Өдрийн сонин”-д 10 жилийн өмнө өгсөн ярилцлага фэйсбүүкт одоо ч явж л байх юм?

-Сэтгэгдэл дээр нь “Энэ их сайхан залуу” гэчихсэн байгаа юм чинь. Би одоо залуу байхаа больчихсон шүү дээ (Инээв). Үс мүс минь бууралтчихсан байгааг харж байгаа биз дээ.

-Таны ярилцлагыг хэсэгчилж аваад, эш татаад гаргаж ирээд байна гэдэг нь Монголын нийгэмд, монголчуудад С.Молор-Эрдэнийн хэрэгцээ байна аа гэсэн үг дээ?

-Байхгүй яах юм. Ганц философич нь юм чинь. Түүхэндээ ганц удаа, анх удаа Монголын ард түмэн нэг философичтой танилцсан. Уул нь үүндээ баярлах ёстой. Яахав эхний үед уурласан. Одоо бол яах юм. Бууж өгөхөөс өөр аргагүй. Мэдлэг гэдэг чинь, хүний эрдэм гэдэг чинь ийм хүчтэй байхгүй юу. Надад улс төрийн ямар ч эрх мэдэл байхгүй. Ямар ч боссын хэдэн сая долларын хөрөнгө байхгүй. Надад цэрэг арми байхгүй. Би зүгээр л ганцаараа, тусалж дэмждэг залуучуудтай, номоо бичээд сууж байна. Энийг чинь жинхэнэ эрх мэдэл гэдэг байхгүй юу (Инээв). Үүнийг power гэдэг. Оюуны power гэдэг чинь ийм хүчтэй байхгүй юу. Би зөвхөн толгой доторхио л зараад явж байгаа хүн шүү дээ. Өөр юм байхгүй.

-Тэр сэтгэгдлүүд дунд “Би Молор-Эрдэнийн ярилцлагыг унших дуртай. Энэ нийгэмд ингэж ярьдаг ганц ч болтугай хүн байгаад баярладаг” гэх утгатай үгсийг хүмүүс олон бичсэн байдаг?

-Хэл гэдэг чинь ийм чухал. Бид хэлийг дэндүү муухай хэрэглэж, дэндүү бохир болгож байгаа л даа. Дээр үеийн хэдэн эрдэмтэд нь монгол хэлийг бүр баллаад хаячихсан, эзэгнэчихсэн. Хэл гэдэг чинь хоёр гурван хүний өмч биш шүү дээ. Чи, бидний өмч. Чи, биднийг ярьж байгаа цагт монгол хэл амьдарна. Нөгөө талаар монгол хэлийг философийн түвшинд ингэж гаргаж ирж болж байна шүү дээ. Олон ард түмнүүд, нүүдэлчдийн холимог хэл учраас философидож болж байна.

-Монголчууд ярьдаг шүү дээ, цус хол тусмаа сайн гэж. Тал бүрээс нүүж ирсэн ард түмнүүд, нүүдэлчид нэгдэж Монголыг үүсгэсэн юм бол хэрвээ нэгдэж чадвал маш оюунлаг түвшний хүмүүс гарч ирэх нь дээ?

-Хөндлөн гулд хоорондоо сууцгаагаад л хүүхэд гаргацгаасан. Социализмын үед чинь баруун, зүүн тийш аймгууд руу илгээгээд холилдуулдаг байлаа шүү дээ. Тэр бол маш сайн. Одоо чинь тэгэхээ болиод хажуу талын айлынхтайгаа суучихдаг болсон. Цус ойртсон сумд ч бий. Ингэж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Энийг төр засч янзлах ёстой. Цус ойртоод байгаа нь аргагүй шүү дээ, худал үг, худал зан заншил, худал уламжлал, худал монгол ёс яваад байна. Худал монгол ёс бол хүнийг идэвхигүй, бүдүүлэг болгож, доод түвшинд аваачиж байна. Бид XXI зуунд байна шүү дээ. Бид соёлжих, соёлтой болох ёстой. Тийм учраас чи бид хоёрын арван жилийн өмнө хийсэн ярилцлага өнөөдрийн бидний асуудлыг хэлээд л байна, хуучраагүй байна. Тэгэхээр энэ 10 жил дотор ямар ч, нэг ч алхам урагшлаагүй байна. Энэ ард түмэн, энэ улс орон чинь. Бараг л хойшоо ухарсан байна. Бөхчүүд үзэгчид рүү боорцог цацаад байна гэдэг чинь 150 жилийн өмнө оччихлоо гэсэн үг. Түрүүлсэн морины хөлсийг долоох гээд гүйж байна, цагдаа хамгаалаад дийлэхгүй байна. Тэрийг долоож яах гээд байгаа юм. Нэл хир, хөлс долоож яах гээд байгаа юм. Амьдрал нь яачихсан болоод, гэр орон нь яачихсан болоод тэгдэг юм.

-Хийморио сэргээнэ гээд тэгээд байдаг шүү дээ?

-Тийм хийморьгүй амьтан юм уу. Өөрийнхөө хийморийг өөрөө сэргээдэг болохоос биш хөлс долоож хийморь сэргэдэг юм уу. Хир новш, шороо, нян долоовол хийморь сэргэх байтугай уруудна шүү дээ (инээв). Шороонд даруулж соёлжино гэж хаашаа харсан юм байдаг юм. Усанд орох хэрэгтэй. Усанд орвол соёлжино. Хийморио сэргээе гэвэл тоосонд орж байснаас усанд орсон нь дээр.

Хөлс долоосноос хөлсөө угаасан нь дээр. Тэр хачин хачин монгол ёс гэдэг юм дотор нөгөө л хачин хачин мухар сүсэг чинь яг хэвээрээ. Мухар сүсгийг өдөөдөг гурав, дөрвөн төрлийн хүмүүс байна шүү дээ. Лам нар, улс төрчид, яруу найраг, шүлэг бичдэг баахан нөхөд байгаа шүү дээ, чи мэднэ дээ. Еэ бурхан минь. Зохиолчид мохиолчид гээд түүхэн роман бичээд л хачин хачин нөхөд бий. Тэд чинь мухар сүсгийг өдөөж өгч байна. Энэ гурвыг яаж дийлэх вэ. Яруу найрагч, зохиолчдыг урлагийнхан л гэчихье л дээ. Хамгийн боловсролгүй хүмүүс шүү дээ. Бүдүүлэгтэх гэж байгаагаа урлаг гэдэг. Дээр нь лам нар байна. Ядаж л шашинлаг байсан бол лам нар туранхай байх байсан. Лам хоол бага иддэг, ховдог байж болдоггүй. Хүсэл, шунал нь аль эрт дарагдчихсан байх ёстой байсан. Бүх шашинууд сэтгэлзүйн цэвэрлэгээнүүд хийдэг. Манайд мухар сүсэг болоод ороод ирчихсэн. Салсан нөхрийг минь авчирч өгөөч гээд уйлагнаад байдаг. Ийм хачин болчихсон. Мөнгө ярина, орлого ярина гэдэг шашинтай огт хамаагүй байхгүй юу. Азийн зарим оронд лам нар нь сав барьчихсан ард түмнээс өгсөн хоолыг иддэг. Өөрөө хоол олж идэх шаардлагагүй гэж байгаа шүү дээ. Тэр ямар гоё вэ.

-Монголчууд хэр боловсролтой ард түмэн бэ?

-Боловсрол ярих ямар ч боломжгүй.

-Яагаад?

-Монгол Улсад боловсрол байх ч үгүй. Юун Боловсролын яам, юун Боловсролын сайд. Тийм инээмдэмтэй юм ярьж болохгүй.

-Юу! Бүр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай шүү?

-Шинжлэх ухаан бол тэртээ тэргүй Монголд байхгүй. Яахав гадаадын энд тэндхийн лабораторид ганц хоёр жил болчихоод, гадаадынхнаас ганц хоёр юм сонсч, цээжилчихсэн хүмүүс байгаа. Гэхдээ Монгол Улсын, Монгол орны шинжлэх ухаан байх ёстой. Бидний шинжлэх ухаан, бидний философи байх ёстой. Тэр байтугай би хэлээд байгаа шүү дээ, Бидний Буддизм байх ёстой. Төвөдүүд аваад Төвөдийн Буддизм болгочихсон. Японууд аваад Японы Буддизм болгочихсон. Солонгосууд аваад Солонгосын Буддизм болгочихсон. Хятадууд аваад Хятадын Буддизм болгочихсон. Бид ч бас тэгэх ёстой. Монголын Буддизмтай болох ёстой.

Боловсрол гэхээр зүгээр л диплом. Дипломын л төлөө байна шүү дээ. Дипломоо л авах гээд байна. Тэр хичээл, ном яах вэ, дипломоо л авах нь чухал. Тэр хичээлийг зааж байгаа багш нь ч тэр инээдэмтэй. Би Хөвсгөлд явж байгаад хоёр залуутай уулзсан. Нэг нь зах дээр наймаа хийгээд мөнгөтэй болчихсон. Нөгөөх нь ШУТИС төгссөн. Уулзаж юм ярьж байгаад “Чи тэрийг уг нь мэдэх ёстой доо, ШУТИС-ийг төгссөн, дипломтой хүн” гэсэн чинь “Мартчихжээ” гэж байгаа юм. Тэгэхээр нь “Тэгвэл чи зах дээр наймаа хийж амьдарч байгаа энэ залуугаас ямар ялгаатай байгаа юм” гэж асуусан. Сурсан эрдэм байсан бол мартахгүй шүү дээ. Сая нааш ирэхдээ таксины жолоочтой үг солилоо. Арван жилийн сургуулиа төгсөөд шууд ажил дээр гарсан гэж байна. “Чи нэгээс аравдугаар анги хүртлээ юу юу сурч байснаа санаж байна уу” гэж асуутал “Ёстой санахгүй байна” гэж байгаа юм. Тэр 10 жилийн боловсрол нь хааччихав. ШУТИС-д сурсан залуугийн дөрөв, таван жил хаачсан бэ? Энийг юу гэж ойлгох вэ?

-Диплом л авах ганц зорилготой ёстой байсан.

-МУИС, ШУТИС чинь 18 нас хүрсэн залуучуудын өдөр өнжүүлэх газрууд. Зөвхөн ирцээ бүртгүүлээд явах нь чухал. Хичээл дээрээ чихэвчээ зүүчихнэ. Ирцийн кредитийн оноо нь ороод ирэхээр түүн дээрээ цээжилчихсэн жаахан юмнуудаа огьж гараад л явчихаж байгаа шүү дээ (инээв).

-Таныг саяхан Төрийн ордонд явж байгааг харсан. Зөвлөлдөх санал асуулгад төлөөлөгчөөр сонгогдсон юм уу даа гэж таамагласан л даа?

-Тэрэнд орсон шүү дээ. Намайг хараагүй юм уу. Үндэсний телевизээр гарсан. Анх удаагаа Үндэсний телевиз намайг гаргалаа. Гоё байлаа. Ихэвчлэн хувийн хэвшлийн телевизийнхэн ирж яриа авдаг байсан бол энэ удаад Үндэсний телевиз ярилцлага авсан. Андуурсан уу, яасан. Цаанаасаа тушаалаа сонссонгүй юу, тэнд нэг алдаа гарсан байх аа (инээв).

-Та юу ярьсан юм?

-Ерөнхийдөө шударга ёсыг ярьсан. Уул уурхайгаас орж ирж байгаа энэ их орлогыг яаж ард түмэндээ хуваарилах вэ. Шударга ёсоор хуваарилах ёстой. Хэнд хэрэгтэй байна вэ, тэдэнд хурдан мөнгө өг. Тэр их чухал. Нэгэнт мөнгөтэй бололцоотой баячуудад мөнгө өгөх хэрэггүй. Бололцоо багатай хүмүүст өгөх чинь шударга ёс. Түүнээс биш Монголын хүн болгонд өгнө гэдэг утгагүй. Маш их мөнгөтэй хүнд нэмж мөнгө өгөөд яах гээд байгаа юм. Хэрэгцээтэй хүнд нь өг.

-Шударга ёсыг яаж тогтоох вэ?

-Хүмүүсийнхээ орлогоор л тогтоочихно. Сүүлийн 10 жилийн орлогыг нь хараад л, дансны орлого, зарлагыг нь харахад л дороо гараад ирнэ. Наад айлдаа, наад залуудаа хурдан өгөхгүй бол хэцүүдлээ гээд бүх юм тодорхой байх болно.

-Жагсаалын үеэр залуустай уулзахад “Монголд шударга ёс байхгүй учраас эх орноосоо явах шийдвэрт хүрч байна” гэж ярьцгаасан. Тэдний амнаас мөнгө хэрэгтэй байна, өлсөж байна гэсэн үг биш, шударга ёс хэрэгтэй байна гэсэн үг гарч байсан?

-Yes!

-Шударга ёс байхгүй учраас бид эх орноосоо явж байна гэсэн?

-Шударга ёс гэж хэнд юу ногдсон, тэрийг нь өгөх ёстой. Тэр залуус чинь авлагатай хүмүүс байхгүй юу. Шударга ёс гэдэг чинь өгөө, аваа тэнцэх ёстой. Өгсөн бол авна, авсан бол өгнө. Ард түмний баялгийг авчихсан байна. Одоо тэд яах ёстой вэ. Өгөх ёстой. Гэтэл өгөхгүй байна. Тийм учраас шударга ёс биелэгдэхгүй байна. Өгөө аваа тэнцэх ёстой. Хайр дээр ч гэсэн тийм байх ёстой. Би хэн нэгнийг нэг жил хайрлалаа, хариуд нь тэр хүн хайрлах ёстой. Үгүй гэвэл, баяртай. Би хэн нэгний асран хүмүүжүүлэгч юм уу, би эмээ нь юм уу. Тэр л байхгүй юу. Шударга ёс бол тэр. Авах ёстой бол авах л ёстой. Өгөх ёстой бол өгөх л ёстой. Тийм учраас энэ уул уурхай нүүрсний хулгайч нар байна шүү дээ, та нар авч болсон. Одоо өгч болох л байх. Өгөө аваа тэнцэх л ёстой. Авсан шигээ өгч болно. Өгсөн шигээ авч ч болно. Түүнээс биш зөвхөн авдаг, өгдөггүй. Эсвэл өгдөг, авдаггүй бол шударга ёс алдагдаж байгаа юм. Тийм учраас тэр залуучууд маш их авлагатай залуучууд байсан. Авлагыг нь өгөөгүй учраас “За явлаа”. Явахаас өөр арга байхгүй.

-Сүүлийн үед монголчууд гадагшаа маш ихээр гарч байна, ажил хийж, мөнгө олох гэж тэр шүү дээ?

-Гадаад руу гарсан хэдэн зуун мянган монголчууд бол гомдолтой хүмүүс байхгүй юу. Төрдөө, улс орондоо гомдож явдаг хүмүүс. Доголон нулимстай л явж байдаг хүмүүс. Дотор нь байгаа бидэнд нулимс гарах ч зав алга (Инээв).

-Сайхан цаг ирнэ ээ л гэж бодож дотор нь явж байна даа?

-Сайхан цаг ирэхгүй. Сайхан цагийг авчирдаг байхгүй юу.

-...

-Сайхан цагийг авчирна аа. Шаардана аа.

Эх сурвалж: Өдрийн сонин


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.100] 2023-05-13 16:58:03

Хүүхдийн мөнгийг ялгаж өгөх нь шударга ёс

зочин [43.228.130.66] 2023-05-11 14:56:10

тэр байшинд суухгүйгээр философоо түгээж болдоггүй л юм байхдаа ...........

Болохгүй [192.82.78.72] 2023-05-13 09:50:44

Авлагатай учраас шударга ёс хэрэгтэй учраас юмаа авах гээд гэж өөрийнх нь үгээр хариулъя

Хошного [202.126.88.142] 2023-05-11 14:47:11

Хүн адгууснаас дор гээд адгуус дээр гэсэн үг биш. Хүн гэгч амьтан адгууснаас ялгардаг амьтан. Зарим үндэстэн гүйцэт хүн болоогүй амьтанлаг хүмүүс

Хүн адгууснаас дор [192.82.78.72] 2023-05-13 09:52:56

Хүн адгууснаас зарим талаараа дор байна гэдэг дор л гэсэн үг. Тийм дор хүмүүсийг гэгээрүүлж чадахгүй байна гэдэг нийтээрээ доош унаж байгаа хэрэг

Зочин [202.126.88.142] 2023-05-11 13:11:19

Лам хүн ажил хийж болдоггүй. Эхнэр авч болдоггүй. Тэгвэл бузартдаг

Зочин [202.126.90.86] 2023-05-09 23:16:15

Үнэн юм ярихаар хүмүүс дургүй байдаг бх. Мухар сүсгийн талаар үнэн, зөв л ярьж бна. Нээрээ хир, хөлс долоогоод яаж хийморь сэргэх үү, шал тэнэг биз дээ.

Зочин [66.181.161.64] 2023-05-09 22:01:03

Энэ үнэхээр шинжлэх ухаантай ярьдаг хүн дээ!! Ийм хүн ховордоо!! Ийм болно гэдэг ч бэрх дээ!! Даанч Монголд хэрэглэхгүй л дээ!!

Зочин [64.119.16.157] 2023-05-09 16:42:54

Shizotoi yum shig hurts ug helleg ashiglahgui bol tsochrohoo baichihsan ene hunees hed dahin dor setgehuitei 1-2 saya har mass ene ulsiig ustgah geed bn. Ihenh n MAH-d sanalaa ugdug yaduu garuud bn

Зочин [64.119.16.157] 2023-05-09 16:44:07

Bas idej hanadaggui ulsturchid turuus hulgaildag turiin alban haagchid tedniigee tahin shutsen ar ger n

Зочин [64.119.16.86] 2023-05-09 13:30:43

latsdah bish bur musun haa

Зочин [43.242.242.59] 2023-05-09 12:35:31

Мэдрэл муутай хүнээс юу асуудаг байнаа. Номын цагаан солио туссан юм биш үү

Зочин [172.104.145.104] 2023-05-09 13:23:11

Чи ооро солиотой амьтан болохоор ухаантай хуний кгийг ойлгохгуй

Зочин [202.9.40.79] 2023-05-09 07:55:31

Хүмүүс минь дээ юу юуны туханд хүрэлгүй шүүмжилж амаа билүүдэхээ хэзээ зогсоох вэ.Энэ их шүүмжлэл доромжлол бол өөрсдийгөө л хэн гэдгийг батлаад байна нийтэд нь дүгнэхээр яг энэ хүний хэлсэн шиг ард түмэн болжээ гэхэд хилсдэхгүй .Бодоцгоо та минь.

Зочин [172.104.145.104] 2023-05-09 13:23:45

Яг унэн

Зочин [202.21.107.27] 2023-05-09 08:53:40

Таны философи тааллагддаг.

Зочин [192.82.72.178] 2023-05-08 22:39:17

Өмхий хужаа

Зочин [192.82.71.42] 2023-05-08 20:29:38

Чингис чингис гээд л бас Монголчууд дэлхийн талыг эзэлсэн гээд байхаас илүү гарч сэтгэхгүй байгаа болохоор уригшаа яаж ахих юм.

Зочин [192.82.78.72] 2023-05-13 09:55:23

Чингис хааныхаа өлмийгөөс дээш гарахгүй байна.Нэрийг нь ядаж архин дээрээс авч хаяж байж.Тийм хүндлэл үзүүлж байж хөлийнх нь чигчий хурууны дайны болно

Зочин [122.201.22.142] 2023-05-08 17:17:07

Өнөөдөр харин овоо ярьчихжээ. Зартмдаа ч шизотой байх гэмээр санагддаг шүү.

нт [66.181.160.47] 2023-05-08 14:55:29

Энэ хүн нарцист буюу өөртөө дурласан, дээр нь Ницшегийн бүтээлийг уншаад хагас дутуу ойлгосон бн.

Munke [103.254.123.133] 2023-05-08 16:40:32

Ta haana ymar surguuli togsson be?

Сайхан хэлж [139.5.216.40] 2023-05-08 13:58:02

Сайхан цаг ирэхгүй. Түүнийг авчирдаг .... Яг оносон ...

иргэн [192.82.66.11] 2023-05-08 13:48:40

шар хаданд өрөөг нь өгөөчдээ хөөрхийд

Munke [103.254.123.133] 2023-05-08 16:41:12

Camd l naad oroo cni heregtei baih hahhh

Чадах болов уу? [192.82.89.33] 2023-05-08 13:42:22

Монголчууд ойрын үед ухаанаа цэгцэлж жигд алхахгүй бол задгайраад СУЛ үндэстэн болно. Тэгээд хөршүүддээ идэгднэ. Идэгдэх идэгдэхдээ УРД хөршийн аманд орох талтай. Иймд ЧАНГА байж үндэсний ухамсраа дотоод зөрчилгүй ЛОГИКТОЙ байлгах ёстой. Тийм байлгаж ЧАДАХ УУ?

Зочин [192.82.70.99] 2023-05-08 13:46:05

Тийм байж чадах ёс суртахуун байхгүй.

Зочин [192.82.70.99] 2023-05-08 12:55:11

Мангар монголчууд монгол хэзээ хөгжих бол гэж хүлээж суугаа бол монгол орон чинь орк монголчууд хэзээ өөрчлөгдөх бол гэж хүлээж байгаа.


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.