"Ногоон автобус"-ны хэргийн шүүх хурал дахин хойшилжээ

Aдмин / Нийгэм

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал /2024.10.21/ 10:00 цагт эхлэхээр товлосон ч шүүх хурал арваннэгдүгээр сарын 6-ны өдрийг хүртэл хойшиллоо.

Тус хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг анх энэ оны долоодугаар сарын 29-ны өдөр товлосон ч өмгөөлөгчдийн хүсэлтээр өнөөдрийг хүртэл ийн хойшилсоор байна. Энэ удаа зарим шүүгдэгчийн өмгөөлөгч гадаадад мэс засал хийлгэж байгаа, өөр шүүх хурал давхцсан зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан байна.

Яллагдагч А.Ганхуягийн өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны долдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр цагдан хоригдож байсан А.Ганхуяг нар гэртээ гарч гадуур байцаагдах болсон юм.

Хэргийг эргэн сануулбал, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, хэргийг шүүхэд хэрэг шилжсэн юм.


Сэтгэгдэл

100 жил мандтугай! [66.181.160.26] 2024-10-22 10:46:18

Улс тунхагласны 100 жилийн ойн Өршөөлийг л бүгд ХҮЛЭЭЖ байгаа байхгүй юудаа. Тэгээд түүгээр өршөөгдөх байлгүйдээ, наад зах нь ял хөнгөрнө, биеэр эдлэхийг нь тэнсэнгээр солино. Иймд өмгөөлөгч нар нь шүүгдэгч нарын мөнгөөр "өвдөөд л", гадаадад "эмчлүүлсэн" болоод амраад л, шүүхийн чихэнд сайхан "өргөдөл" өлгөөд л явж байгаа ш дээ. "Үгүй" гээч.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.