Ш.Майбаяр: Нислэгийн удирдагчаар 27 жил ажиллаад нийт САЯ гаруй онгоц хөөргөж, буулгасан байна

Aдмин / Нийгэм

Тэртээх 1925 оны 05-р сарын 25-ны энэ өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр Монголын нисэх хүчний түүх эхэлсэн байдаг. Энэ өдрийг тохиолдуулан монголын нисэх хүчинд өөрийн түүхээ 31 жил бичиж яваа Иргэний нисэхийн Ерөнхий газрын харъяа нислэг хөдөлгөөн үйлчилгээний албаны багш, нислэгийн удирдагч Ш.Майбаяртай ярилцлаа.

-Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргэе?. Агаар тэнгэрийн уудам орон зайд холын газрыг товчилж, хүмүүний цагийг хэмнэсэн нэгэн гайхамшигт бүтээл бол нисэх онгоц байдаг. Түүнийг удирдан жолоодож хүссэн газарт аюулгүй хүргэх үүрэгтэй олон мэргэжил байдгийн нэг нь нислэгийн удирдагч юм. Та яагаад нислэгийн удирдагч мэргэжлийг сонгох болсон бэ?

- Хүүхэд байхдаа нислэгийн удирдагч гэдэг мэргэжлийг огт мэддэггүй байлаа. Гэхдээ аав, ээж хоёр минь нисэхэд ажилладаг, нисэхийн хүмүүс байсан учир отгон хүүгийн хувьд нисэхийн удмыг таслалгүй, залгамжлан авч явъя гэж зориглон шийдэж байсан. Ийнхүү хүсэл, мөрөөдөлдөө хөтлөгдөж, 1996 онд ОХУ-д нислэгийн удирдагч мэргэжлээр суралцахаар зориг шулуудан шалгалт өгөөд тэнцэж байв. Тухайн үед шалгалт өгч тэнцсэн өөрөөрөө маш их бахархаж, одоо ч баярлаж явдаг даа.

Нийт 125 хүүхэд шалгалт өгснөөс ердөө 20 хүүхэд л тэнцсэн. Маш өндөр шалгууртай байсан учраас унасан ч яахав гэж өөрийгөө зоригжуулж байв. Тухайн үед аав, ээж хоёр минь бурхан болсон байсан хэдий ч ах минь маш их сэтгэлийн дэм өгч зоригжуулж байсан юм. Шалгалтандаа тэнцээд гараад ирэх мөчид үнэхээр өөртөө итгэж чадаагүй, маш их баяртай байсан. Тэр өдөр өнөөдөр л юм шиг тод санагдаж байна.

- Мэргэжлээ сонгоход яг юу нөлөөлсөн бэ. Аав, ээж, гэр бүл, хүүхэд байх үеийн дурсамж бий юу?

-Би иргэний нисэхийн системд орж ажиллаад нийт 31 жил болсон байна. Хамгийн анх 1992 онд “Чингис хаан олон улсын” нисэх буудалд мэдээллийн ажилтан мэргэжлээр ажилд орж байв. Тухайн үед мэдээллийн ажилтан болон цахилгаанчин гэсэн хоёр мэргэжлээр зэрэг ажиллаж байгаад хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн ОХУ-ын Красноярск хотод нислэгийн удирдагч мэргэжлээр суралцахаар явсан.

Өөрийн нэг түүхээ хуваалцъя. Би хүүхэд байхдаа аав, ээж хоёрынхоо ажил дээр маш их очдог байлаа. Тухайн үед том болоод нисгэгч болно гэж мөрөөддөг байв. Тэгээд аавдаа би нисгэгч болно, та намайг шалгаад өг гэж хэлсэн. Аав ажил дээр нь байдаг эргэдэг сандал дээр намайг суулгад эргүүлэв. Гэтэл миний толгой эргээд бууж ирсэн. Харин аав минь надад маш эелдгээр хүү минь онгоц маш өндөрт хөөрдөг, тэгэхээр миний хүү нисгэгч болж чадахгүй юм байна, толгой чинь өвдөнө гэж хэлж байв. Одоо эргээд бодоход аавын хэлсэн үг үнэн байсан.

Гэхдээ нисгэгч агаар дээр нисэж байхад, нислэгийн удирдагч цамхаг дээрээс тухайн нислэгийг хөөргөж буулгаж байдаг. Тэгэхээр нисгэгч, нислэгийн удирдагч хоёр хоорондоо салшгүй, нэг нь агаар дээр, нөгөө нь газраас нислэгийг удирддаг. Иймд би нислэгийн удирдагч мэргэжлээрээ маш их бахархдаг. Уг мэргэжлийг сонгсондоо баярлаж явдаг.

–Ажлын гараагаа анх хаанаас эхэлсэн бэ?

-1992 онд том хүүгээ төрсний дараа гэр бүлээ тэжээж, амьдралаа авч явахын тулд анхны ажлын гараагаа галчаас эхэлж байв. Галчаас мэдээллийн ажилтан, цахилгаанчин, нислэгийн удирдагч, багш гээд өнөөдрийг хүртэл 31 жилийн турш иргэний нисэхийн системтэй амьдралаа холбосон байна.