МАЛЧИН ӨРХИЙН 57 ХУВЬ НЬ ГАМШГИЙН ЭРСДЭЛ ДААХ ЧАДВАР ДУНДЖААС ДООГУУР ТҮВШИНД БАЙНА

Aдмин / Орон нутаг

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) малчин өрхийн гамшгийн эрсдэл даах чадварын дүн шинжилгээ хийж, үр дүнг танилцууллаа.

Энэхүү судалгаанд Улаанбаатар хот болон 21 аймгийн 330 сумын 10,023 малчин өрх хамрагдсан бөгөөд тэдний эрсдэл даах чадавхын дундаж түвшин 40.45 индекс оноотой гарсан байна. Нийт өрхийн 57 хувь нь дунджаас доогуур түвшинд байгаа бол дөнгөж 10 хувь нь эрсдэл даах чадавхын 70-аас дээш түвшний индекстэй гарч, 20 хувь нь 20-оос доош түвшний оноотой буюу эрсдэл даах чадавх маш бага гэсэн үр дүн гарчээ.

Эрсдэл даах чадвар муутай өрхүүд ихэвчлэн хөрөнгө, боловсролын түвшин, суурь үйлчилгээ авах боломжоор хязгаарлагдмал байгаагийн улмаас өвлийн бэлтгэлээ хангалттай бэлтгэх чадамжгүй байдалд ордог байна. Нэг удаагийн байгалийн цочир үзэгдэлд тэд амьжиргаагаа залгуулдаг мал хөрөнгөө алдан ядуурлын доод шугам руу буух эрсдэлтэй ажээ.

Малчин өрхийн цочрол, стрессийг даван туулах чадварт нөлөөлж болох хүчин зүйлүүд:
• Орлогын төрөлжилтийн хязгаарлагдмал байдал
• Хоол хүнсний нэр төрлийн хязгаарлагдмал байдал
• Орон нутгийн малчдын бүлэг, хоршоон дахь оролцоо бага
• Мэдлэг, ур чадвар нэмэгдүүлэх сургалтад хамрагдах байдал бага
• Малын индексжүүлсэн даатгалд хамрагдалт бага
• Боловсролын түвшин
• Өвлийн бэлтгэлд хангалтгүй байх

Малчин өрхийн цочрол: "Ковид-19" цар тахлын хорио цээрийн дэглэмд байсан 2021 оны 4-5 дугаар сард судалгааны өгөгдлийг цуглуулжээ. Судалгаанд хамрагдсан өрхүүдийн амьжиргаанд сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн их нөлөөлсөн цочрол нь Ковид 19 цар тахал (75.6 хувь), дараа нь ган/зуд (48 хувь), энэ хоёр цочролоос үүдэлтэй мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс тэжээлийн үнийн хэлбэлзэл (37.2 хувь) байжээ.

Даван туулсан стратеги: Зудын сөрөг нөлөөллийг бууруулахын тулд судалгаанд хамрагдсан өрхийн 45 хувь нь банкнаас зээл авч өвс тэжээл худалдан авахад зарцуулсан, 34 хувь нь зарим малаа зарж үлдсэн малдаа өвс тэжээл худалдан авсан гэж хариулсан бол 17.7 хувь нь бог малын нийлүүлгийг хязгаарласан, 16.6 хувь нь бэлчээрийн нөөцтэй бүс нутагт отор хийх замаар даван туулсан байна.

Уг судалгааны зорилго нь Монгол Улсын малчин өрхийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэхэд шаардлагатай хэрэгцээг ойлгож мэдэх, түүнд тулгуурласан дэмжлэгийг тодруулах юм. Судалгааны үр дүнд зудын эрт арга хэмжээний зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох, цаашлаад эмзэг бүлгийн малчин өрхүүдэд үзүүлэх хүмүүнлэгийн болон нийгмийн хамгааллын үйл ажиллагааны үр нөлөөг дүгнэхэд ашиглах боломж бүрдэж байна.

Энэхүү судалгааг НҮБ-ын “Малчдын нийгмийн хамгааллыг өргөжүүлж, цочролд хариу үзүүлэх бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” хамтарсан хөтөлбөрийн хүрээнд олон улсын RIMA аргачлалыг анх удаа ашиглан гүйцэтгэсэн. Энэ аргачлал нь цочрол, стрессийг зарим өрхүүд яагаад, хэрхэн бусдаас илүү сайн даван туулж байгааг шинжилж, тайлбарладгаараа онцлог юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ


Сэтгэгдэл

Зочин [59.153.114.220] 2023-05-25 21:17:54

Мал маллана гэдэг чинь ухааг бх ёстой ухаангүй оркууд нь зуданд сшйрдэгийн ш дэ

зочин [43.228.130.66] 2023-05-25 10:47:13

хувьдаа малаа авчихаад яагаад төрөөс янз бүрийн зүйл шаардаад байдаг нь их сонин....ажилтай хүн хаана ч юу ч хийсэн сайхан амьдардаг, амжилт ч гаргадаг.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.