С.ОТГОНГЭРЭЛ: УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ТАНГАРАГ ӨРГӨХ ХУГАЦААГ ХУУЛЬЧЛАХГҮЙ БОЛ 20 ЖИЛИЙН ӨМНӨХ ШИГ ГУНИГТ ТҮҮХ ДАВТАГДАЖ БОЛЗОШГҮЙ
Хууль зүйн ухааны доктор, профессор С.Отгонгэрэлтэй ярилцлаа.
-Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой юм бэ. Эерэг болон сөрөг талыг нь та хэрхэн харж байна вэ?
-Энэ шинэчилсэн найруулгаар олон шинэ зохицуулалт орж ирж байгаа. Одоогийн үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулийн зохицуулалт нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Үүнийг улс төрийн гол хүчин болох АН-ын сүүлийн дөрвөн жилийн гунигтай түүхээс харж болно. Өөрөөр хэлбэл, энэ алдаатай, хийдэлтэй хуулиар сүүлийн 10, 20 жил улс төрийн намуудыг зохицуулж ирсэний гор нь АН-аар илэрч байна шүү дээ. Тэгэхээр шинэчлэн найруулж буй Улс төрийн намын тухай хуулиар олон эерэг зохицуулалт орж ирж байгаа. Уг хууль батлагдсанаар Монголд дараагийн 20, 30 жилд улс төрийн намын байр суурь арай өөр түвшинд очих суурийг тавина гэж найдаж байна.
-Намуудын санхүүжилтийг шилэн болгоно гэж байгаа шүү дээ. Эндээс ямар үр дүн хүлээж болох вэ?
-Улс төрийн намуудыг улсын төсвөөс санхүүжүүлэх заалт бол маш зөв. Улсын төсвийн санхүүжилтийг намд хангалттай өгөх ёстой. Яагаад гэвэл өнөөдөр манай улс төрийн намуудын санхүүжилт нь ил тод биш. Аль нэг хувийн компаниудын халаасанд орчихоод байна шүү дээ. Сонгуульд өрсөлдөхдөө бүгд компаниудаас хандив дэмжлэг авдаг Америк загвар бидэнд тохирохгүй юм байна гэдгийг өнгөрсөн 30 жилийн хугацаанд харлаа.
Ялангуяа сүүлийн жилүүдэд улс төрийн намуудын санхүүжилт далд хэлбэрт орчихсон байна. Санхүүжилт авсан тухайн нам сонгуульд ялсны дараа өнөөх хандив өгсөн компанийн захирлууд сайд болдог. Энэ бол цаашаа явахгүй. Энэ нь одоо асуудал дагуулаад байна. Тэгэхээр намуудыг улсын төсвөөс санхүүжүүлдэг европ хувилбар хамгийн зөв. Сайн бодлогоо гаргасан намыг иргэд сонгогчид дэмжиж гаргаж ирдэг байх ёстой.
Намын санхүүжилтийн 50-иас доошгүй хувийг улсын төсвөөс хангалттай гаргаж өгөх хэрэгтэй. Энэ нь татвар төлөгчдийн мөнгө учраас намууд санхүүжилтээ буцаагаад тайлагнадаг болно. Улс төрийн намуудын санхүүжилт шилэн болох нь том зургаараа ач холбогдолтой. Тэр тусмаа УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахыг Үндсэн хуульдаа анх удаа оруулж баталгаажууллаа. Улс төрийн намын санхүүжилтийг шилэн, ил тод болгох нь энэ хуулийн шинэчилсэн найруулгын амин сүнс гэж бодож байна.
-Намуудад төрөөс санхүүжилт олгосноор өрсөлдөөний ижил нөхцөл бий болно гэж хууль санаачлагчид тайлбарладаг. Гэтэл энэ нь эрх баригчид намуудыг халаасандаа оруулах боломж гэж зарим судлаач үзэж байгаа юм билээ. Учир нь намуудын санхүүжилтийг СЕХ хянадаг болох юм гэсэн. Харин таны хувьд ямар байр суурьтай байна вэ. Бусад улсад ямар байдаг вэ?
-Европын холбооны гишүүн орон болох Польш гэхэд улс төрийн намын тухай хуульдаа санхүүжилтийг олгох, СЕХ-ны улс төрийн намд тавьж байгаа хяналтыг илүү нарийвчилж зааж өгсөн байдаг. Хэрэв улс төрийн нам нь хуулийн хэрэгжилттэй холбоотой ямар нэгэн санал, гомдол байвал Улсын дээд шүүхэд гомдол гаргаж шийдвэрлэдэг. Манай улсын хувьд улс төрийн намтай холбоотой асуудлыг Дээд шүүх бүх шүүгчдийнхээ хурлаар авч шийддэг. Тэгэхээр Польш улсын хувьд ийм асуудлыг Дээд шүүхийн долоохон шүүгч л шийдчихдэг байх жишээтэй. Тус улсад намууд төсвөөс санхүүжилт авч илт тод байдлыг хангах шаардлагаа жил болгон СЕХ-ндоо тайлагнадаг. Дараах тохиолдолд улс төрийн намын санхүүжилтийг зогсоодог. Нэгдүгээрт, хугацаандаа тайлангаа ирүүлээгүй бол. Хоёрдугаарт,СЕХ тайланг алдаатай, хуулийн шаардлага хангаагүй гэж үзсэн бол. Гуравдугаарт, Дээд шүүх СЕХ-той холбоотой гомдлыг хүлээж аваагүй тохиолдолд санхүүжилтийг нь нэг жилийн хугацаатай зогсоодог. Өөр нэг сайн жишээ гэвэл тухайн нам байнгын ажиллагаатай сонгуулийн сан байгуулахыг үүрэг болгодог. Өөрөөр хэлбэл, сонгуульд оролцоход тэр намын санхүүжилтийг хариуцдаг. Мөн улс төрийн намын хуулиараа тухайн намын дэргэд шинжээчийн сан байгуулахыг шаарддаг. Энэ сангийн хөрөнгийн ихэнх хэсэг нь улсын төсвийн бус хандив, татвар зэргээс бүрдэнэ. Улсын төсвөөс авсан санхүүжилтийнхээ 5-15 хувийг энэ сандаа зориулдаг. Шинжээчдийн сан нь хууль, улс төр, нийгэм, эдийн засгийн, боловсрол, соён гэгээрүүлэх чиглэлийн зардалд зарцуулагддаг. Энэ сан нь тусдаа данстай байдаг. Тэрийгээ тогтмол тайлагнадаг.
-Хуулийн төсөлд төрийн захиргааны буюу удирдах дээд албан тушаалтнуудыг улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэхгүй, хориглох зохицуулалтыг огт тусгаагүй гэж сөрөг хүчин шүүмжилж байсан л даа. Энэ тухай та юу хэлэх вэ?
-Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 2-т заасан хүнийг арьс өнгө, нийгмийн гарал, албан тушаал зэргээр ялгаварлан гадуурхаж болохгүй гээд заачихсан байгаа шүү дээ. Мөн Үндсэн хуулийн 16.9-д заасан төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн асуудал болно.
-Намуудыг ижил тэгш гараанаас өрсөлдүүлнэ гэсэн хэрнээ ийм зохицуулалт төсөлд оруулаагүй байна гээд эсэргүүцэх хүн цөөнгүй байсан?
-Өөрсдөдөө ашигтай байдлаар тайлбар хийж болохгүй л дээ. Үндсэн хуульд Монгол Улсад оршин суугаа хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гээд заасан байгаа. Тэгвэл энэ зарчмыг давхар зөрчинө шүү дээ. Аливаа нам, эвсэл, улс төрийн хүчин, судлаачид попрох маягаар зөв явж байгаа хуулийн төслийг мушгиж, тайлбар өгч болохгүй. Өнөөдөр ийм асуудал ярьж байгаа сөрөг хүчин маргааш эрх баригч болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр хууль гэдэг хийдэлгүй, алтан дунджийг баримталж, алсын хараатай бичигддэг. Ингэхдээ Үндсэн хуулийг зөрчихгүй байх ёстой. Иймд энэ хуулийн төслийг улстөржүүлж унагааж болохгүй л дээ.
-ҮХӨ-өөр олон намын оролцоотой парламент бүрдүүлнэ гэлээ. Ер нь нам байгуулж зардаг бизнес гаарна гэх юм. Жижиг намууд үнэд орж ашгийн төлөө болж хувирах уу?
-Улс төрийн нам гэдэг бол нийгмийн хэсэг бүлэг хүмүүсийн итгэл үнэмшил, үзэл санааны нэгдэл. Гэтэл үүнийг бизнес болгож харах нь утгагүй л дээ. Тийм боломж ч байхгүй. Монгол Улсад хүн бүр Үндсэн хуулийн 16.10-т олон нийтийн байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрх нь нээлттэй. Хуулийг шүүмжилж болно. Гэхдээ Үндсэн хуулиар олгосон үндсэн эрхүүдийг хязгаарлаж болохгүй. Энэ тохиолдолд энэ хуулийн заалт нь Цэц дээр очоод унана.
-Судалгаанаас харахад ард иргэд улс төрийн намд итгэх итгэл үнэмшил унасаар байна. Тэгэхээр нам яавал зөв бүтэц, зохион байгуулалттай болох вэ. Энэ талаар хуульд хэрхэн зохицуулах ёстой юм бол?
-Энэ ерөөсөө намын санхүүжилттэй л холбоотой. Тэр тусмаа намын ил тод байдалтай холбоотой. Намын санхүүжилт ил тод биш учраас иргэдийн итгэл алдрах нь ойлгомжтой. Сүүлийн 30 жилийн түүхээс харвал улстөрчид нь, улс төрийн намууд нь ийм болгосон байна. Тэгэхээр улс төрийн намуудын санхүүжилтийг шилэн болгосноор нам зөв голдиролдоо орно. Намууд бодлогоороо өрсөлдөж иргэдийн итгэл үнэмшлийг авч чадна.
-Намууд нэр дэвшигчдэдээ ямар шалгуур тавих ёстой вэ. Одоо УИХ-д гарсан хүмүүс төрийн том том хулгайд холбогдох юм байна шүү дээ. Тэгэхээр хуульд гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой ямар зохицуулалт орсон байна вэ. Нэр дэвшигч хууль зөрчсөн үйлдэл гаргаж сонгуульд явбал эргүүлэн татдаг механизмыг энэ хуульд суулгах ёстой юм биш үү?
-Хамаагүй цензурдэж болохгүй. Тэгвэл Үндсэн хуулиа зөрчих болно. Парламентын бие даасан автономит байдлыг хангахын тулд халдашгүй бүрэн эрхийг хуулиар олгодог. Жишээлбэл, Ерөнхий сайдыг сонгох юм уу огцруулах асуудалд санал хураалт явах гэж байна гэж бодъё л доо. Гэтэл парламентын гишүүнийг хууль хүчний байгууллага замд нь саатуулаад барьж саатуулах тохиолдолд тухайн гишүүн санал хураалтад оролцох боломжгүйд хүрнэ. Энэ нь Ерөнхий сайд огцрох эсвэл парламентын үйл ажиллагаа доголдох үр дагавартай. Ийм учраас халдашгүй байдлыг бий болгож өгсөн. Тэрнээс эргүүлэн татах асуудал байж болохгүй. Социалист биш, ардчилсан нийгэм шүү дээ. Сонгогчид сонгосон, дөрвөн жилийнхээ хугацаанд ажиллах ёстой. Хэрэв эргүүлэн татдаг заалтыг оруулчихвал парламентыг ажил хийлгэхгүй. Байсхийгээд тойрог дээр нь санал асуулга явуулна. Энэ бол хууль тогтоогчдын хувьд байж болохгүй асуудал. Тэгэхээр европын орнуудад эргүүлэн татах асуудлыг хотын мэр юм уу, орон нутгийн захиргааны удирдлагуудад түлхүү хэрэглэдэг. Тэд ажлаа хийж чадахгүй бол эргүүлэн татаж, дахин сонгууль явуулдаг. Харин парламент бол ард түмнийг төлөөлж хууль тогтоож байгаа шүү дээ. Үнэхээр эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдож сэжиглэгдэж байвал бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хуулийн зохицуулалт нь бий. Гэхдээ халдашгүй бүрэн эрхтэй болохоор мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явуулахад хүндрэлтэй болдог талтай. Ийм учраас Улсын ерөнхий прокурор парламентад хүсэлт тавиад бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж шалгадаг.
Улс төрийн нам хэнийгээ сонгуульд нэр дэвшүүлж яаж гаргаж ирэх нь өөрсдийнх нь сонголт. Хэл аманд орсон хүмүүсээ гаргаж ирээд сонгуульд ялагдана уу, нэр цэвэр хүмүүсээ дэвшүүлээд ялалт байгуулж олонх болно уу гэдэг нь улс төрийн намуудын лидерүүдийнх нь шийдвэр. Ер нь сонгуульд ялагдал хүлээсэн намын дарга нь хариуцлага хүлээдэг асуудлыг ямар нэгэн байдлаар зохицуулж оруулж өгөх ёстой. Уг нь заавал хуулиар зохицуулаад байх шаардлагагүй. Ёс суртахууны хариуцлага хүлээгээд явдаг л асуудал юм.
-ҮХӨ-өөр 126 гишүүнтэй болохоор баталлаа. Парламентын гишүүдийн тангараг өргөх асуудлыг яаж зохицуулах ёстой вэ. Одоогийн хуулиар 76 гишүүнтэй байхад дөрөвний гурав нь тангараг өргөвөл парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжтай гэдэг шүү дээ?
-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай болно. УИХ 126 гишүүнтэй болох гэж байгаатай холбоотой маш чухал асуудал юм. Хуучин бол 76 гишүүний 57 нь тангараг өргөж байж парламентын бүрэн эрх идэвхижлээ гэж үздэг. Одоо 126-гийн дөрөвний гурав нь буюу 95 гишүүн тангараг өргөж байж парламент ажиллах болчихоод байгаа юм. Тангараг өргөхтэй холбоотой өөр нэг чухал асуудал бол хугацаа. УИХ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2020 оны тавдугаар сарын 7-нд баталсан. Уг хуулийн зургадугаар зүйлийн 2-т УИХ-ын ээлжит сонгуулийн дараа нийт гишүүдийн дөрөвний гурав буюу 57-гоос доош гишүүн сонгогдож тангараг өргөсөн бол УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэлдэхүүнтэйд тооцно гэж байгаа. Тэгэнгүүт УИХ-ын гишүүд ямар хугацаанд хэзээ тангараг өргөх нь тодорхойгүй, байхгүй. Одоо 126 гишүүнтэй болох юм чинь энэ хуулийг өөрчлөх ёстой. Дээрээс нь энэ заалтыг далимдуулаад нэг нам нь 64 суудлаар сонгуульд ялчихлаа гэхэд парламент шууд ажлаа хийх ёстой. Гэтэл энэ заалтын дөрөвний гурав нь тангараг өргөсөн байх шаардлага нь УИХ-ын үйл ажиллагааг гацаахад хүргэж болзошгүй. 2024 онд сонгууль хаяанд ирсэн үед энэ заалтыг өөрчлөх ёстой.
-Хэрэв хуульд өөрчлөлт оруулахгүй бол ямар асуудал үүсэх юм бэ?
-Дээр хэлсэнчилэн аль нэг нам нь 64 суудлаар ялчихлаа гэж үзье. Тэгэнгүүт ялагдсан нам нь тангараг өргөхгүй бол түүх давтагдах гээд байна л даа. Жишээлбэл, нэг нам өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа парламентад дийлэнх олонх болж байсан. 1992-1996, 2000-2004 онуудад МАХН, 2016-2020, 2020-2024 онд МАН парламентад дийлэнх олонхын суудал авч байсан учраас тангараг өргөхтэй холбоотой маргаан гараагүй. Мөн 2012 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга сонгуулийн дараа Монголд ирсэн. 2008 онд долдугаар сарын 1-ний үймээн болсон учраас асуудалгүй тангараг өргөцгөөсөн. Харин 2004 онд тангараг өргөх асуудлыг ашиглаж улс төрийн шантаажийг жинхэнэ утгаар хэрэглэсэн. Тухайн үед хоёр парламент зэрэг хуралдах оролдлого хүртэл гарч байсан. Ялагдсан нам нь тангараг өргөхгүй, УИХ-ын аль нэг танхимд ороод хуралддаг байсан үе. Гурван сар хэрэлдэж байгаад Эвслийн Засгийн газар байгуулж байсан даа. Үндсэн хуулийн 32 дугаар зүйлд Ерөнхийлөгч сонгогдсоноосоо хойш 30 хоногийн дотор УИХ-д тангараг өргөнө гэж заасан байдаг. Тэгсэн хэрнээ УИХ-ын гишүүд сонгогдсоноосоо хойш хэдэн хоногийн дотор тангараг өргөх нь Үндсэн хуульд байхгүй. Хэрэв 2024 онд энэ заалт нь хэвээр байх юм бол яг 20 жилийн өмнөх шиг Засгийн газар ч томилогдохгүй, УИХ ч ажлаа хийж чадахгүй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй.
-Олон улсад ямар практик байдаг юм бэ?
-Европын холбооны орнуудад парламентын гишүүд нь дунджаар 30 хоногийн дотор буюу сонгуулийн дараахь анхдугаар чуулганд тангаргаа өргөх ёстой гээд заачихсан байдаг. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай анхдугаар чуулгандаа ирж чадаагүй бол сонгуулийн дараа 30 хоногийн дотор эхний оролцсон чуулган дээрээ тангаргаа өргөдөг гэсэн үг. Гэтэл манайх сонгуульд ялагдсан нам нь тангаргаа өргөхгүй парламент дээр гацаа үүсгэчихдэг. Дэлхийд байхгүй ийм хуулийн заалтыг улстөрчид өөртөө хэрэгтэй үедээ ашиглана гээд байлгаад байдаг. Тэгэхээр үүнийг заавал засах ёстой. Европын орнуудад парламентын гишүүд нь заасан хугацаанд тангаргаа өргөхгүй бол мандат нь автоматаар хүчингүй болдог. Харин манайд дээрх заалтыг ашиглаад эрх баригч болчихоод байна. УИХ-ын гишүүд сонгогдоод нэг сарын дотор тангаргаа өргөнө гэдэг заалтыг Үндсэн хуульдаа оруулдаггүй юм аа гэхэд энгийн хуулиар зохицуулах ёстой.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл