Австрали улс ОХУ-ын Элчин сайдын яамны шинэ барилгын ажлыг зогсооно
Австралийн Засгийн газар үндэсний аюулгүй байдлын болгоомжлолын үүднээс парламентын байрны ойролцоо барихаар төлөвлөж байсан ОХУ-ын ЭСЯ-ны шинэ барилгын бүтээн босголтын ажлыг зогсоохоор болжээ. Канберрад барихаар төлөвлөсөн Оросын ЭСЯ-ны шинэ барилгын ажлыг зогсоох хуулийн төслийг Австралийн парламентаар оруулж буй юм байна. Австрали энэ шийдвэрийг аюулгүй байдлын байгууллагуудын зөвлөмжийн дагуу гаргажээ.
Парламентын ордонтой хэтэрхий ойрхон барихаар төлөвлөсөн Оросын элчин сайдын яамны шинэ барилгын аюулгүй байдалд учруулах эрсдэлийг үнэлсэн аюугүй байдлын маш тодорхой зөвлөмжийг Засгийн газар нь хүлээж авсан гэж тус улсын Ерөнхий сайд шийдвэрээ тайлбарласан байна.
Австралийн эрх баригчид түрээсийн газрыг дипломат төлөөлөгчийн газар болгохгүйн тулд шуурхай арга хэмжээ авч байгаа юм байна.
Австралийн холбооны шүүх төв төлөвлөлт хариуцдаг нийслэлийн захиргаанаас гаргасан Элчин сайдын яамыг нүүлгэн шилжүүлэх захирамжийг өнгөрсөн 7 хоногт хүчингүй болгожээ. ОХУ Канберра дахь дипломат хорооллын түрээсийн газрыг 2018 онд худалдан авч, барилгын зураг төслөө 2011 онд баталжээ. Гэрээний дагуу гурван жилийн дотор барилгын ажлыг дуусгах ёстой ч ЭСЯ-ны барилгын зарим хэсэг баригдаагүй хэвээрээ байгаа юм байна.
Иймээс хотын захиргаа дутуу баригдсан барилга дипломат төлөөлөгчийн газруудад зориулагдсан талбайн ерөнхий үзэмж, ач холбогдол, нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна гэсэн үндэслэлээр Оросын түрээсийн гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.
Австралийн Засгийн газар түрээсийн гэрээг цуцалсан нь парламентын байрнаас зайдуй орших Оросын хуучин ЭСЯ-нд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй гэж Австрали үзэж байна.
Оросын талаас Австралийн эсэргүүцлээс үл хамааран барилгын ажлыг дуусгана гэж өмнө нь мэдэгдэж байсан. Одоо Орос өөрөө тусгаар улсын нутагт халдан довтолж, дайн хийж байгаа учраас энэ барилгын асуудал дээр олон улсын хууль ярина гэж хүлээхгүй байгаагаа Австралийн тал мэдэгджээ. Австрали нь Украинд зэвсэг, батлан хамгаалахын техник зэрэг их хэмжээний туслалцаа үзүүлж байгаа НАТО-гийн гишүүн бус орнуудын нэг юм.
Сэтгэгдэл