Оросын эсрэг хориг арга хэмжээ дэлхийн хүнсний хямралыг улам хурцатгаж буй тухай

Aдмин / Гадаад мэдээ

Өлсгөлөнд нэрвэгдээд буй улс орнуудад хүнсний хомсдол улам их газар авч байхад Барууны орнууд дэлхийн хүнсний томоохон экспортлогчдын нэг болох ОХУ-ын эсрэг хэрэгжүүлэх хиймэл хязгаарлалтуудаа нэмэгдүүлсээр байна.

Оросын ханган нийлүүлэгчид жил гаруйн хугацаанд урьд өмнө хэзээ ч байгаагүй өргөн цар хүрээний хориг арга хэмжээнүүдийн дарамт дор ажиллаж байна. Олон улсын банк санхүүгийн болон тээвэр, логистикийн компаниуд нь ОХУ-аас нийлүүлэх хүнс, бордоог даатгалд хамруулах, зээл олгох болон бусад үйлчилгээ үзүүлэхээс татгалзаж байна. Гадаад боомтын терминалууд нь Оросын бүтээгдэхүүнд хориг тавьж, гацааж байна. Россельхозбанкны эсрэг хориг арга хэмжээ авсны улмаас экспортлогчдын санхүүгийн гүйлгээ хүндрэлтэй тулгарч байна. Гадаадын хөдөө аж ахуйн техник, эд ангиудыг Орост нийлүүлэхэд мөн хүндрэл учраад байна.

Олон улсын байгууллагууд ч ийм төрлийн хориг арга хэмжээнүүд нь хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буйг хүлээн зөвшөөрч байна. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 3-р сарын «Европ, Төв Азийн хүнсний аюулгүй байдал, хоол тэжээлийн бүс нутгийн тойм» тайланд Оросоос хүнс, бордоо болон түлшний экспортыг хязгаарласан нь дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөн нэмэгдэхэд нөлөөлсөн гэжээ.

Оросын үр тариа, бордоо экспортлогчид Барууныхны «хориг арга хэмжээнээс хэсэгчлэн чөлөөлөх» арга хэмжээний үр дүнд бус зөвхөн өөрсдийн хүчин чармайлтын үр дүнд дэлхийн зах зээлийг хангасаар байна. Оросын экспорт дэлхийн эрэлт нийлүүлэлтийн балансыг тэнцвэржүүлэн тогтворжуулж байгааг статистик баталж байна. Тодруулбал, ХХААБ хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс 2023 оны 3-р сард өмнөх сараас 2.1 хувиар, жилийн өмнөхөөс 20.5 хувиар буурсныг тэмдэглэжээ. Үр дүнд нь хөдөө аж ахуйн үндсэн нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ 2021 оны түвшинтэй дүйцэхүйц хэмжээнд хүрлээ. Оросын цэргийн тусгай ажиллагаа нь хүнсний үнэ өсөхөд хүргэсэн, харин Орос улс дэлхийн хүнсний зах зээл дэх хямралын гол шалтгаан болоод байна хэмээн Барууны орнуудын тарааж буй мэдэгдлүүдийг эдгээр тоо баримтууд үгүйсгэж байна.

Бараа бүтээгдэхүүний үнэ ерөнхийдөө буурч эхэлсэн ч хөгжиж буй орнуудын хүнсний хүртээмжийн асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Хүнсний түүхий эд боловсруулалт, даатгал, тээвэр, логистикийн зардлын хөөргөдөл, өндөр инфляц зэрэг нь хэвийн ажиллаж буй механизмын ажиллагааг тогтворжуулахад саад болж байна. Байгалийн хийн өндөр өртөг нь бордооны үнэ өсөхөд ихээхэн нөлөөлж байна. Үүний зэрэгцээ улс орнуудын дөрөвний гурав нь бордооны импортоос 50 ба түүнээс дээш хувиар хамааралтай байна.

Үүний хажуугаар Европ Африкаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хямд үнээр худалдан авч, «байгаль хамгаалал, экологийн стандартад нийцүүлэн» боловсруулж, маш өндөр нэмүү өртөгтэй эцсийн бүтээгдэхүүн буцаан нийлүүлэх бодолтой байгаагаа нуухгүй байна. Үнэн хэрэгтээ Европын боловсруулах үйлдвэрлэлийн ашигт ажиллагааг хангахын тулд Африкийг хямд түүхий эдийн эх үүсвэр болгон ашиглах санаатай байгаа юм. Украинаас Европын холбоонд нийлүүлж буй хүнсний бүтээгдэхүүнийг мөн ийнхүү загвараар ашиглаж байгаа юм. Уг харилцааны загвараа Европын холбоо мөн Азийн орнуудад тулгаж байна. Бодит байдал дээр ЕХ нь неоколоничлолын хараат байдлын шинэ хэлбэрийг бий болгохыг эрмэлзэж байгаа бөгөөд үүний зорилго нь Европын компаниудад ашиг олох боломжийг олгохын тулд ядуу орнуудын нөөцийг сорон шавхах явдал юм.

Нэг талын хориг арга хэмжээнүүд нь Оросыг эдийн засгийнх нь хувьд туйлдуулахын оронд ядуу буурай орнуудын хүнсний хямралыг улам хурцатгалаа. Гол ханган нийлүүлэгчдийн нэгийг дэлхийн хүнсний зах зээлээс зориудаар шахан гаргаж байгаа нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудтай зөрчилдөж, дэлхийн нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх хугацааг улам хойшлуулж байна.

Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Эмээ [202.21.107.35] 2023-06-22 15:02:10

Оросын эсрэг бүлэглэсэн хоригоо зогсоовол дайн ч энхийн хэлэлцээрт шилжих болов уу гэж горьдож сууна, дайнгүй амьдармаар байна

зочин [66.181.160.17] 2023-06-24 09:46:31

Харин тиймээ. Европын холбооны улсууд АНУ-ын дарамтанд орж, өөрсдөө ч баларч байгаа тухай барууны хэвлэлүүд мэдээлээд л байх юм.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.