НАТО Шведийг гишүүнчлэх асуудлыг дээд хэмжээний уулзалтаасаа өмнө хэлэлцэнэ

Aдмин / Гадаад мэдээ

НАТО Швед улсыг гишүүнчлэх асуудлыг саатуулж байгаа Турк улстай хамт энэ асуудлаар хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Ирэх сард болох эвслийнхээ дээд хэмжээний уулзалтаас өмнө ийм хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа талаар НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга даваа гарагт мэдэгджээ. Йенс Столтенберг НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын наана Брюссельд өндөр түвшинд уулзалт зохион байгуулахаар Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдогантай ярилцаж, тэр ч зөвшөөрсөн гэж мэдээлсэн байна.

“Энэ уулзалтад Гадаад хэргийн сайд нар, тагнуулын албадын дарга нар болон үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүд оролцоно. Энэ уулзалт Шведийг НАТО-д элсүүлэхийг эцэслэх үйл явцад ахиц гаргах зорилготой” гэж Йенс Столтенберг ярьсан байна.

Ирэх долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд НАТО-гийн дээд хэмжээний уулзалт болох Литвийн нийслэл Вильнюст сэтгүүлчидтэй уулзах үедээ Йенс Столтенберг энэ тухай мэдээлсэн байна.

Швед улсын тухайд 2022 оны зургаадугаар сард НАТО-д элсэх “урилгаа” авсан боловч энэ талаарх хүсэлтийг нь тус эвслийн гишүүн бүх 31 улсаар соёрхон батлах ёстойгоос Турк, Унгар улс хаалт тавьж, батлаагүй байгаа юм. Харин Турк улс өөрийн тавьсан шаардлагууд дээр хатуу зогсож, “хангалттай биш” арга хэмжээнд цаг үрж байгаад Шведийн эрх баригчдыг шүүмжилдэг.

Туркийн Ерөнхийлөгч Реджеп Тайип Эрдоганы тухайд өнгөрөгч сард багагүй хүчин чармайлтын эцэст улиран сонгогдсоноор дипломатын энэ асуудалд байр сууриа зөөллөх болов уу гэсэн хүлээлт өрнөдийн албаныханд байсан.

Швед Анкаратай өнгөрсөн онд байгуулсан хэлэлцээрийн бүх заалтыг биелүүлсэн тул Анкара зөвшөөрлөө өгөх ёстой гэдэг байр сууринаас өрнөдийнхөн, тэр дундаа АНУ-ын зүгээс түлхэц үзүүлж байгаа юм.

Гэвч Туркийн Ерөнхийлөгч Шведийн парламентаар саяхан баталсан терроризмын эсрэг хуулийг үр өгөөжгүй гэж нэрлээд, Курдистаны ажилчны намын дэмжигчдийг Стокхолмд чөлөөтэй жагсаал цуглаан хийхийг зөвшөөрдөг байдлыг эцэс болгохыг шаардсан байна. Ингээгүй нөхцөлд Анкара Скандинавын хойгийн энэ улсыг НАТО-д элсүүлэх шийдвэрийг батлахгүй гэж мэдэгдсэнийг Шведийн "Samnytt" сонинд мэдээлжээ.

Улмаар Реджеп Тайип Эрдоганы шаардлагыг биелүүлнэ гэдэг нь Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах буюу иргэний эрх, эрх чөлөөг боогдуулсан хэрэг болно гэдгийг ажиглагчид тэмдэглэж байна.


Сэтгэгдэл

Зочин [83.254.136.127] 2023-06-29 02:32:12

Turk bitgii zuvshuur, bidnii tatvar nrmegdene gai gai, elseed ashiggui, ediin zasag haymraad geed uilan duugaraad baij yadargaa vee


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.