БНХАУ Пакистаны хамгийн том АЦС-ыг барьж байгуулна
Пакистанд иргэний зориулалттай хамгийн том АЦС-ын барилгын шав тавих ёслол боллоо. Нийт 3.5 тэрбум гаруй ам.долларын өртөгтэй, хоногтоо 1200 мВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай энэ АЦС-ыг Хятад улсын санхүүжилтээр барьж байгуулах юм байна. Пакистан, Хятадын цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны өлгий гэгддэг Пакистаны төвийн бүсийн Чашма хотод болсон ёслолд тус улсын Ерөнхий сайд Шебаз Шариф болон Хятадын албаны хүмүүс оролцсон байна.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Бээжин Чашма хотод нийтдээ 1300 мВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, цөмийн эрчим хүчний дөрвөн цахилгаан станц байгуулжээ. Пакистаны Ерөнхий сайд шав тавих ёслол дээр хэлсэн үгэндээ “Цэвэр, үр ашигтай, харьцангуй хямд төсөр эрчим хүч үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэл дэх хоёр талын хамтын ажиллагаа бол манай хоёр улсын найрамдлын бэлэг, басхүү бусад улс оронд үлгэр жишээ юм” гэж онцолжээ. "Чашма-5" буюу "С-5" гэж нэрлэгдэж байгаа шинэ АЦС-д аюулгүй байдал, найдвартай ажиллагааны хувьд илүү боловсронгуй болгож сайжруулсан “Hualong One” буюу HPR1000 нэртэй Хятадын даралтат усан цөмийн 3 дахь үеийн технологийг суурилуулах юм байна.
Шинэ АЦС-ын төсөл 2030 онд дуусахыг Пакистаны Цөмийн энергийн комиссын тэргүүн мэдээлжээ. Өмнө зүгийн боомт хот Карачид барьж ашиглалтад оруулсан, тус бүр нь 1100 мВт-ын хүчин чадалтай хоёр АЦС-д Бээжин HPR1000 технологио нийлүүлснээр Пакистаны цөмийн эрчим хүчний үйлдвэрлэл хоногт 3500 мВт хүртэл нэмэгджээ.
Хятадын төрийн өмчит Цөмийн үндэсний корпорац буюу цөмийн эрчим хүч үйлдвэрлэлийн хоёр дахь том компани CNNC-ийн бүтээсэн HPR1000 реакторын илүү ашигтай худалдан авагчдыг дэлхий даяар бий болгох хүрээндээ Хятад улс Пакистантай иргэний зориулалтын цөмийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байгааг шинжээчид мөн хэлдэг байна.
“Бүс ба зам” санаачилгын хүрээнд Бээжин сүүлийн 10 жилийн хугацаанд Пакистанд хоногийн 8000 мВт хүчин чадалтай нүүрсний голдуу 14 цахилгаан станц барьж ашиглалтад өгчээ.
Тэр бүх төсөл “Авто замын сүлжээ, хурдны зам, боомтууд болон аж үйлдвэрийн цогцолборуудыг Хятадын шууд хөрөнгө оруулалт, эсвэл хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулах “Хятад-Пакистаны эдийн засгийн коридор” санаачилгын хүрээнд хэрэгжсэн байна.
Энэ мега төсөл 2030 онд өндөрлөх үед төслийн өртөг 62 тэрбум ам.долларт хүрэх юм байна. Улмаар “Хятад-Пакистаны эдийн засгийн коридор” санаачилга Пакистаны эдийн засгийн хүндрэлийг улам гүнзгийрүүлж, валютын нөөц нь шавхагдахад түлхэц үзүүлж, тус улсыг гадаад өрөө төлж барагдуулах нөхцөлгүй болгож байна гэж шүүмжлэгчид буруутгадаг байна.
Харин Пакистан, Хятадын албаны хүмүүс энэ шүүмжлэлийг няцааж, “Хятад-Пакистаны эдийн засгийн коридор” санаачилга хэрэгжиж эхэлснээс хойших 10 жилд эдийн засгийг эрчимжүүлж, орон нутгийн иргэдэд 200.000 орчим ажлын байр бий болгосон гэж мэдэгддэг байна. Хятадын Засгийн газрын болон арилжааны банкуудын нийт зээл Исламабадын гадаад өрийн бараг 30 хувийг бүрдүүлдэг байна.
Сэтгэгдэл
Зочин [139.5.219.231] 2023-07-17 12:05:42
Пакистан улс овжин юмаа