Дэлхийн олон бүс нутаг хэт халалт, үер усны гамшигт өртөж байна
Дэлхийн олон бүс нутагт цаг агаарын нөхцөл харилцан адилгүй эрс тэс байдалтай байна. Европын өмнөд хэсэг, Германы хэд хэдэн бүс нутгаар аагим халуу шатаж байгаа бол Сахараас гаралтай өөр нэг агаарын урсгалын нөлөөгөөр энэ амралтын өдрүүдэд Италийн зарим хэсгээр урьд үзэгдээгүй хэт халуун болж байна.
Харин Азийн зарим бүс нутгаар борооны улирал аюул дагуулж, одоогийн байдлаар 100 гаруй хүний амь эрсэдсэн тухай мэдээлж байна. Сүүлийн хоёр долоо хоногт Энэтхэг, Хятад, Япон зэрэг хэд хэдэн улсад ширүүн аадар борооны улмаас үерийн гамшиг, хөрсний нуралт үүсч, хүмүүс хэдэн зуу, мянгаараа дүрвэж дайжихад хүрлээ.
Хойд Энэтхэгт сүүлийн хоёр долоо хоногт үер, хөрсний нуралтад өртөх болон барилга байшинд даруулах зэргээр 100-аад хүний амь эрсэдсэн тухай эрх баригчид нь мэдээлж байна.
Өмнөд Солонгост хүчтэй аадар борооны улмаас гурван хүн сураггүй болж, долоон хүн гэмтэж бэртсэн тухай Гамшигтай тэмцэх төв албанаас нь мэдээлсэн бол, баасан гарагт Өмнөд Чунчон мужийн Нонсанд хөрсний нуралт болж хоёр хүн барилгын нурангид дарагдан амь үрэгджээ. Филиппиний албаныхан мөн халуун орны хар салхи болох аюулын сэрэмжлүүлэг зарлаж, нийслэл Манилагийн нисэх онгоцны буудлын нислэгүүд цуцлагдсан байна.
Энэ долоо хоногийн эхээр Японы Кюшю аралд мөн урьд үзэгдээгүй их үер бууж, наад зах нь найман хүний амь эрсэдсэн. Энэ үеэр Кюшю арлын хэмжээнд 420 мянгаад хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд мөн уржигдар аадар борооны улмаас 4000-аад айл өрх тог цахилгаангүй болж, 135 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Тэгвэл Грекийн нийслэл Афинд сүүлийн хоёр долоо хоногийн турш шөнөдөө цельсийн 25 хэмээс буухгүй байгаа юм байна. Грекийн эрх баригчид хүргэлтийн албадын үйлчилгээг үд дундаас орой 17:00 цаг өнгөртөл зогсоож, мөн эртний түүхт Акрополь хэсэгтээ хаалгаа барьжээ.
Энэчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас дэлхийн хойд бүсэд байгаль цаг уурын онц аюултай үзэгдлийн давтамж улам ихсэж, хүлэмжийн хийн ялгаруулалтыг эрс багасгах шаардлага улам бүр хурцаар тавигдаж байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас анхааруулж байна. Үерийн аюул нэмэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг ч, дулаан агаар мандалд ус ихээр хуримтлагддаг учир дэлхийн дулаарлын нөлөөгөөр бороо хур эрс ихсэх магадлал улам нэмэгдэж байгааг эрдэмтэд хэлж байна.
Уур амьсгалд мэдэгдэхүйц нөлөөтэй Номхон далайн Экватор хавийн усны гадаргуу дахь температурын өсөлт буюу Эль-Ниньо үзэгдэл долоон жилийн дараа дахин эхэлж байгааг эрдэмтэд өнгөрөгч хавраас анхааруулжээ. Үүний зэрэгцээ Япон зэрэг хөгжингүй орнууд байгалийн гамшигтай тэмцэх бэлтгэл харьцангуй сайтай байгааг тус байгууллагын шинжээчид тэмдэглэж байна.
Хөгжлөөр буурай олон оронд сэрэмжлүүлэг мэдээлэл нийтэд хангалттай хүрдэггүй, үер усны аюулаас хамгаалах байгууламж байхгүй шахам, мөн гамшиг ослын үеийн иж бүрэн удирдлагын тогтолцоо бүрэлдээгүй зэрэг эрсдэлт хүчин зүйл олон байгааг Дэлхийн цаг уурын байгууллагын Гидрологи, ус, криосферийн газрын захирал Стефен Уленбрук ярьсан байна.
Сэтгэгдэл
Зочин [202.9.46.116] 2023-07-17 11:57:11
Хууль зөвхөн байгальд л байдаг.