Washington Post: Монгол Улс Хятад, Оросын сүүдрээс гарахыг эрмэлзэж байна

Aдмин / Улстөр

Энэ оны зургаадугаар сарын сүүлийн долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжинг зорьсон. Тэрбээр Хятадын дарга Ши Жиньпинтэй Ардын их хурлын танхимд уулзаж, өмнөд хөрштэйгээ худалдаа, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэх олон гэрээ хэлэлцээрийг байгуулсан юм. Харин үүнтэй зэрэгцэн Монголын эрх баригчид Улаанбаатар хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе Фернандестай уулзаж, чухал ашигт малтмал, газрын ховор элементийн нөөцийг ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Эдгээр ашигт малтмал нь дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтэд голлох үүрэг гүйцэтгэх бөгөөд Монголд арвин нөөц бий.

Нийт 3.4 сая хүн амтай, далайд гарцгүй Монгол нь Хятад, Орос гэсэн асар том хоёр хөрштэйгээ олон талаар нягт холбоотой хэвээр байгаа ч ардчилсан замаар сонгогдсон Засгийн газар нь эдийн засгаа төрөлжүүлэх, Япон, БНСУ зэрэг бүс нутгийн бусад гүрнүүд, цаашлаад барууны орнуудтай харилцаагаа өргөжүүлэхээр тууштай ажиллаж байна.

Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт Вашингтонд айлчилж, Цагаан ордонд АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харристай уулзсанаас гадна Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллоид Остин нартай тусдаа уулзав. Харвардын их сургуульд боловсрол эзэмшсэн шинэчлэлийн үзэлт Ерөнхий сайд ашигт малтмал, тэр дундаа зэсийн салбарт хамтран ажиллах талаар хэлэлцэж, иргэний агаарын тээврийн салбарын “Нээлттэй тэнгэр” гэрээнд гарын үсэг зурсан юм.

“Монгол Улс “гуравдагч” хөршийн бодлогоо өргөжүүлж байгаа бөгөөд гадаад харилцааны тэнцвэрийг хадгалахад энэ бодлого нэн чухал” гэдгийг Л.Оюун-Эрдэнэ Вашингтон дахь Монголын Элчин сайдын яамны байранд “Washington Post” сонины сэтгүүлчид өнгөрсөн долоо хоногт ярилцлага өгөх үеэрээ хэлээд, АНУ бол Монголын хамгийн чухал “гуравдагч” хөршүүдийн нэг гэж үздэгээ онцлов.

Гэхдээ улс орных нь баримталж буй байр суурь нь нарийн төвөгтэй хүчин зүйлсээр нөхцөлдөж буйг Монголын Ерөнхий сайд олж хардаг. Тус улс цахилгаан эрчим хүч, шатахуун болон бусад олон төрлийн бүтээгдэхүүн импортлох тал дээр Орос, Хятадаас ихээхэн хамааралтай. Түүнчлэн Монголын эдийн засгийг Хятадаар дамжин өнгөрдөг замууд, боомтуудтай илүү сайн холбох дэд бүтцийн шинэ хэлэлцээрүүдийг Бээжинтэй байгуулна гэж найдаж байна. Москвагийн нөлөөний хүрээнд олон жил байсан Монгол Улс ЗХУ задран унасны дараа ардчиллын замыг сонгосон ч олон талын хамааралт байдал нь хэвээр үлдсэн. Монгол Улс өнгөрсөн онд Оросын түрэмгийллийг зэмлэн буруушаасан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг батлах санал хураалтын үеэр түдгэлзсэн санал өгсөн юм.

Дундад зууны үеийн Монголын их байлдан дагуулагч Чингис хааны хөрөг зургийн өмнө өгсөн ярилцлагынхаа үеэр Л.Оюун-Эрдэнэ улсынхаа парламентын ардчилал болон АНУ-тай хуваалцаж буй үнэт зүйлсийг бахархан дурдав. Гэхдээ АНУ-ын Конгресст үзэл суртлын дайсагнасан хандлага илэрч, олон хууль тогтоогчид Хятадтай шууд сөргөлдөхийг турхиран шахаж буйг сэрэмжлүүллээ.

Л.Оюун-Эрдэнэ “Хэрэв шинэ Хүйтэн дайн дэгдвэл эхнийхээсээ тэс өөр, улам хүнд хэцүү байх болно” гэж хэлээд, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологиуд хурдацтай хөгжиж байгаатай холбоотойгоор дэлхий дахинд зөрчил мөргөлдөөнөөс учирч болзошгүй аюул заналын талаар дурджээ. Түүний хэлснээр, Хятадын “хөгжлийн замнал”, үнэт зүйлс нь АНУ-ынхаас тэс ондоо хэдий ч дэлхийн хоёр том хүчирхэг гүрэн уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэх зэрэг дэлхий дахинд тулгамдаж буй олон сорилт бэрхшээлийг даван туулахад хамтран ажиллах боломжтой.

Хэдийгээр эх орон нэгтнүүд нь Бээжингийн эсрэг байр сууриа ил тод илэрхийлдэг боловч Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ, Орос, Хятад хоёрын аль нь ч улс оронд нь аюул занал учруулахгүй гэдгийг цохон тэмдэглэлээ. Бид шууд хил залгаа оршдог хоёр хөрштэй, бид хоорондоо засаглалын тогтолцоо, зарим үнэт зүйлсийн хувьд ялгаатай. Гэхдээ хоёр хөрш маань Монголын ард түмний сонгосон хөгжлийн замналыг ойлгож, өөрсдийнхөөс нь ялгаатай байдаг хэдий ч бидний хөгжлийн замналыг хүндэтгэдэг” гэж Л.Оюун-Эрдэнэ ярилаа.

Гэхдээ Монгол Улс хэтийн төлөв, харах хүрээгээ тэлэх хүсэл зорилготой. Улаанбаатарт суугаа АНУ-ын Элчин сайдын хэлсэнчлэн “ээдрээтэй, ил тод бус, урьдчилан таамаглах аргагүй” хэмээн тодорхойлж байсан улс төрийн хүндхэн нөхцөл байдлыг даван туулах чиглэлд гаргасан Засгийн газрынхаа хүчин чармайлтыг Л.Оюун-Эрдэнэ онцлон дурдаад, “хууль журмыг гажуудуулан авлигын сэдлээр хэрэгжүүлж байгаа нь Монгол Улсыг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахааргүй болгож, импортлогчид ба экспортлогчдын хувьд хүндрэл үүсгэж байгааг” нэмж хэллээ.

Монголд авлигын эсрэг эрс хатуу тэмцэл өрнөж байна. Үүний зэрэгцээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулан хууль тогтоох байгууллагын бүрэлдэхүүнийг өргөжүүлж, Герман, Шинэ Зеланд зэрэг орнуудын адилаар пропорционал тогтолцоо бүхий холимог системээр сонгуулийг явуулахаар тогтлоо. Эдгээр арга хэмжээ нь засаглал, ил тод байдлыг сайжруулах, ялангуяа ашиг орлого ихтэй уул уурхайн салбарын үйл ажиллагааг сайжруулахад тустай гэдгийг Л.Оюун-Эрдэнэ хэлэв. “Өнгөрсөн хугацаанд бид зарим нэг алдаа хийсэн, харин одоо хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж байна” гэж тэрбээр ярилаа.

Монгол орон зэс, уран, газрын ховор элементүүд зэрэг арвин баялаг нөөцтэй тул боломж бололцоо ихтэй. “Газрын ховор элемент, лити, кобальт зэрэг чухал ашигт малтмалын эрэлт ирэх арван жилд 600 хүртэлх хувиар өсөх төлөвтэй байгаа”-г “Financial Times” онцолж байв. Түүнчлэн Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглалаар, зэсний эрэлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэж, жилд 50 сая тоннд хүрнэ. Дэлхий даяараа 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхийн тулд цөмийн эрчим хүчний салбарт нэг жилд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг ирэх таван жилийн хугацаанд гурав дахин нэмэгдүүлж, 125 тэрбум долларт хүргэх шаардлагатай байна.

Л.Оюун-Эрдэнэ ирэх арван жилийн эцэс гэхэд улсынх нь дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/ гурав дахин өсөх боломжтой гэж харж байна. Ийм хэтийн төлвийг тодорхойлох гол үлгэр жишээ нь Монголын өргөн уудам говьд орших Оюутолгой зэсийн уурхай байж болох юм. Энэхүү уурхайг үндэстэн дамнасан “Rio Tinto” компани ажиллуулдаг бөгөөд Монголын Засгийн газар хувьцааны цөөнх хэсгийг эзэмшдэг. Оюутолгой бол дэлхийн зэс, алтны хамгийн том ордуудын нэг бөгөөд компани ба Монголын засгийн газрын хооронд олон жил үргэлжилсэн маргааны эцэст гүний уурхайн олборлолтыг гуравдугаар сард эхлүүлсэн билээ.

Олборлолт өсөж эхэлж байгаа хэдий ч цаашид хээл хахуулийг таслан зогсоох, ил тод байдлыг сайжруулж, дэд бүтцийн салбарт дорвитой хөрөнгө оруулалт оруулах шаардлагатай. Монголчуудад заяасан энэ их баялаг нь нийлүүлэлтийн сүлжээний тэргүүлэх салбаруудыг хөгжүүлэх боломжийг олгоно гэдэгт Л.Оюун-Эрдэнэ итгэлтэй байна. “Монгол Улс зөвхөн уул уурхайн орон байх ёсгүй. Бусад салбарт ч бидэнд асар их нөөц бололцоо бий” хэмээн Л.Оюун-Эрдэнэ хэлээд “Монгол Улс эх газарт түгжигдсэн боловч оюун санааны хувьд түгжигдээгүй” гэдэг өөрийн хэлэх дуртай үгийг эш татлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.