NASA: Энэ оны долоодугаар сар 1880 оноос хойших хамгийн халуун сар боллоо
Энэ оны долоодугаар сар дэлхийн цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун сар болсон талаар АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ эрдэмтэд мэдээлэл хийлээ. Даваа гарагт танилцуулсан “NASA”-гийн тайланд дурдсанаар, энэ оны долоодугаар сар өмнөх бүх он жилүүдийн долоодугаар сараас илүү дулаан байгаад зогсохгүй тус байгууллагын 1880 оноос эхлэлтэй ажиглалтын түүхэн дэх хамгийн халуун сар болжээ.
Мөн 2023 оны долоодугаар сар нь 1951-1980 оны долоодугаар саруудын дунджаас цельсийн 1.18 хэмээр халуун байжээ. Ялангуяа Өмнөд Америк, Хойд Африк, Хойд Америк, Антарктидын буланд олон жилийн дунджаас ойролцоогоор 4 хэмээр илүү халуун байв.
Долоодугаар сард урьд хожид үзэгдээгүйгээр хэт халсныг энэ оны тавдугаар сард далайн гадаргын температур өссөнтэй холбон тайлбарласан байна. “NASA”-гийн судлаачдын таамаглаж буйгаар, далайн гадаргын температур нэмэгдсэнээс үүдэлтэй томоохон өөрчлөлтүүд ирэх оны 2-4 дүгээр сар хүртэл ажиглагдах төлөвтэй байна.
Долоодугаар сард хэт халалтад Ази, АНУ, Европын оршин суугчид илүүтэй нэрвэгдсэн ба Канад, Грект хүчтэй ойн түймэр дэгджээ.
Нэгэн судлаач хэлэхдээ, “Энэ бүхэн хэвийн бус гэдгийг шинжлэх ухаан тодорхой харуулж байна, дэлхий даяар дулаарч байгаад хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарал голлон нөлөөлж байна” гэв. Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтөн, экосистемд нөлөөлж байгааг анхааруулаад, дэлхийн дулаарал үргэлжлэхийн хэрээр эдгээр нөлөөлөл улам нэмэгдэх төлөвтэй байгааг “NASA” сэрэмжлүүлжээ.
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл
Зочин [118.79.44.68] 2023-08-17 15:56:23
nadad medegdsengui