Америкийн цэргийн талаар KCNA мэдээлжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНАСАУ-ын төрийн мэдээллийн төв агентлаг (KCNA) өнгөрсөн долоодугаар сард тус улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн АНУ-ын цэргийн албан хаагчийн талаар өнөөдөр мэдээлэл нийтэлжээ. Панмунжомын хамгаалалтын бүсэд 2023 оны долоодугаар сарын 18-ны өдөр Өмнөд Солонгос дахь Америкийн армид алба хааж байсан байлдагч Трэвис Кинг Умардын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн хэрэг гарсан билээ.

Панмунжомын хамтарсан хамгаалалтын бүсэд жуулчдыг дагалдан явсан Т.Кинг долоодугаар сарын 18-ны 15:30 цагт Солонгосын Ардын армийн хилийн цэргүүдийн хянаж буй бүсэд зориудаар нэвтэрсэн байна.

Байцаалтын үеэр Трэвис Кинг БНАСАУ-ын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба АНУ-ын армид түүнтэй хүнлэг бусаар харьцаж, арьсны өнгөөр ​​ялгаварлан гадуурхаж байсныг эсэргүүцэж, тус улсад ирэхээр шийдсэнээ хэлжээ. Тэрбээр мөн Америкийн тэгш бус нийгэмд сэтгэл дундуур байдаг учраас БНАСАУ эсвэл гуравдагч улсаас дүрвэгчийн статустай орогнол хүсэх бодолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Байлдагч Т.Кинг бусдад халдаж, нийтийн өмчид хохирол учруулсан хэргээр Өмнөд Солонгост түр хоригдож байсан бөгөөд долоодугаар сарын сүүлчээр Техас муж улсын Форт-Блисс дэх бааз руу буцаж сахилгын шийтгэл хүлээх ёстой байсан талаар өмнө нь мэдээлж байв.

Д.Онон

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.