Ливид дэгдсэн зэвсэгт мөргөлдөөнд 27 хүн амиа алджээ

Aдмин / Гадаад мэдээ

Триполи хотын өмнөд захад зэвсэгт бүлэглэлүүдийн хооронд болсон мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүний тоо 27 болж нэмэгдсэн тухай "Аl Jazeera" телевиз мэдээллээ. Мөн 160 хүн шархдаж, мөргөлдөөн болж буй дүүргээс 234 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. Өмнө нь есөн хүн нас барж, олон арван хүн шархадсан тухай мэдээлж байв.

Ливийн Үндэсний эв нэгдлийн засгийн газраас (GNU) мягмар гарагийн орой мэдэгдсэнээр, 444 дүгээр бригадын командлагч Махмуд Хамзаг төвийг сахисан талд шилжүүлэх тохиролцоонд хүрсэн байна. Улмаар “GNU”-ийн тэргүүн Абдель Хамид Дбейба гал зогсоох тушаал өгчээ. М.Хамзаг баривчилсны дараа Триполи хотод наймдугаар сарын 14-өөс зэвсэгт мөргөлдөөн дэгджээ.

Тохиролцоонд хүрсний дараа Сук эль-Жумаа дүүргийн ахлагч нар Хамзаг "Митига" агаарын цэргийн баазад GNU -ын Жанжин штабын даргад хүлээлгэн өгсөн тухай Ливийн “Al Ahrar” телевизийн суваг мэдээлсэн байна. Түүнийг хэрхэх тухай асуудлыг мөрдөн байцаах комисс шийдвэрлэх ёстой. Гэвч командлагчийг Жанжин штабт хүлээлгэн өгсний дараа ч гэсэн Триполи хотод үе үе буун дуу гарч, мөргөлдөөн үргэлжилсээр байгаа ажээ.

Одоогийн байдлаар Ливид “de facto” хоёр засгийн газар ажиллаж байна. Тодруулбал, тус улсын зүүн нутагт парламентын бүрдүүлсэн засгийн газар ба Триполи хотод төвтэй А.Дбейба тэргүүтэй Ливийн Үндэсний эв нэгдлийн засгийн газар юм.

Өнгөрсөн оны зургаадугаар сарын 22-нд Женевийн хэлэлцээрийн дагуу НҮБ-аас тогтоосон шилжилтийн хугацаа дууссан бөгөөд үүнээс өмнө Ливи улсын ерөнхийлөгч, парламентыг сонгосон байх ёстой байв. 2021 оны 12 дугаар сард хийхээр товлосон сонгууль Үндсэн хуулийн зохицуулалт байхгүйгээс үүдэн цуцлагджээ.


Сэтгэгдэл

Зочин [59.153.115.11] 2023-08-21 20:57:43

Обама Каддафийг л унагачих юм бол Ливичүүд жаргах гээд байна гээд байсан. Худлаа байж дээ. Тухайн үед би далдагнацан тэр ярианд нь итгэчихсэн сууж байсан. Одоо бол АНУ-н ЗГ-н хэлсэн ширхэг үгэнд итгэдэггүй. Ирак, Афганистан гэж улсуудад баахан л дайн хийсэн, хичнээн ч хүн үрэгдсэн юм бүү мэд. Одоо Иракд АНУ биш Иран нөлөөллөө тогтоосон, Афганистанд АНУ биш Талибан эзэн суусан. Маш олон хүний амийг үрсэн хэрнээ ямар ч үр бүтээлгүй дайн. Бодхоор зэвсэг үйлдвэрлэгч компаниудын хувьцаа эзэмшдэг хэдэн нөхдүүд л өөрсдийн мөнгөний төлөө лоббидоод дайн хийлгээд байдаг юм биш үү. Пауэл гээд нэг нөхөр НҮБ дээр Иракийн үй олноор хөнөөх зэвсгийн нотлох материал гэж хуруу шилэнд гурил ч юм уу нэг цагаан нунтаг үзүүлж байгаад л НҮБ-н зөвшөөрөлгүй дайн эхлүүлсэн, даан ч дараа нь тэр зэвсгээ олоогүй. Оронд нь баахан л гулдмай алт олсон. Зэвсэг олоогүй шалтгаанаа манай тагнуулын мэдээ буруу байсан юм шиг байлээ гээд л өнгөрсөн. Багадаа 200 мянган хүн энэ худал үгнээс нь бол үрэгдсэн. Хайран.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.