ОХУ-ын төв банкнаас рублийн ханшийг тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ өсгөлөө
ОХУ-ын рублийн ханш оны эхэнтэй харьцуулахад дөрөв дахин суларсныг өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл үүний эсрэг арга хэмжээ авахын тулд ОХУ-ын төв банкнаас бодлогын хүүгээ өсгөх шийдвэрийг Мягмар гарагт гаргасан байна. Үндэсний валютын ханш суларч байгаа нь ОХУ-ын эдийн засаг элгээрээ хэвтэнэ гэсэн үг биш юм. Гэхдээ тодорхой хэмжээнд эдийн засгийн хүнд нөхцөл байдал үүснэ гэдгийг Орос судлаач эрдэмтэд үзэж байна.
Рублийн ханш сулрахад Москвагийн зүгээс цэрэг батлан хамгаалахын салбарт зарцуулж байгаа төсөв, мөн барууны орнуудын ОХУ-д тавьсан эрчим хүчний экспортын хориг нөлөөлсөн гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Рублийн ханш бага зэрэг сулрах нь Москвад зарим талаараа ашигтай байсныг эдийн засгийн шинжээчид хэлж байна. Ханш бага үед газрын тос, байгалийн хийг экспортолж олсон доллароо өссөн дүнгээр рубль болгож, улсын төсөв, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжтой байдаг.
Гэхдээ энэ удаагийн ханшийн сулралт хүлээлтээс хэт давуу, мөн эрчим хүчний түүхий эдийн экспорт зогсонги байдалтай байгаа нь эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг бий болголоо гэж тайлбарлаж байна. Рублийн ханш суларсан даруйд ОХУ-ын төв банкны удирдлагууд уулзалт зарлаж, бодлогын хүүгээ өсгөх шийдвэр гаргасан байна. Бодлогын хүүгээ 3,5 хувиар өсгөн 12 хувьд хүргэсэн байна.
Даваа гарагийн байдлаар 101,04 рубль нэг доллартой тэнцэж байсан бол бодлогын хүү өссөний дараа нэг доллар 98 рубльтэй тэнцэж ирсэн гэдгийг төв банкнаас зарлалаа. Өнгөрсөн хугацаанд ОХУ-ын төв банк болон Кремлээс эрчим хүч экспортлогчдын олсон долларын орлогыг рублиэр солих аргаар улсын төсвийг бүрдүүлж байсан ч эцэстээ энэ арга нь үр дүнгээ өгөхөө больж, рублийн ханш туйлдаа хүртэл буурлаа гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Түүнчлэн экспортын хэмжээ буурч, импортын хэмжээ нэмэгдсэн нь инфляцын түвшинд нөлөөлөөд байна. Одоогоор ОХУ-ын инфляц 7,6 хувиас нэмэгдсэн байгаа нь цаашид рублийн ханш дахин сулрах эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Сэтгэгдэл
З [202.9.46.212] 2023-08-16 17:28:39
Тиимдээ
зочин [202.9.47.55] 2023-08-16 16:24:12
юцн сүртэй юм манайд 3450 болоод л байна