ӨАБНУ: Бүс ба зам санаачилгын хүрээнд БНХАУ-тай тогтоосон харилцаа шинэ түвшинд хүрсэн
Энэ жил 10 жилийн ой нь тохиож байгаа Бүс ба Зам санаачилгад дэлхий даяар 152 улс нэгдсэн байдаг. Мөн олон улсын 32 байгууллагатай хамтын ажиллагааны гэрээтэй байдаг юм. Бүс ба зам санаачилга нь Ази, Европ, Африк тивийн орнуудын дэд бүтэц, эдийн засаг, худалдааны харилцааг ойртуулах зорилготой. Тэгвэл бусад орны зүгээс тус санаачилгыг олон янзаар авч үздэг. Зарим нь Бүс ба Зам санаачилгад нэгдсэнээрээ дэд бүтэц, эдийн засгийн хувьд хөгжих боломж нээгдлээ гэж хардаг бол зарим улс санаачилгын хүрээнд БНХАУ-ын нөлөө улам нэмэгдэж байна гэж үздэг юм.
Бүс ба Зам санаачилгын хүрээнд хоёр орны харилцаа сайжирч, шинэ түвшинд хүрсэн жишээгээр Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсыг нэрлэж болно. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсаас Хятадад суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сияабонга Квеле Хятадын CGTN агентлагт өгсөн ярилцлагадаа Бүс ба Зам санаачилгын ач холбогдлын талаар дурдсан байна. Анх энэ санаачилга олон улсад танил болж байх үед хамгийн түрүүнд дэмжиж, нэгдсэн орнуудын нэг нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс юм.
Санаачилгад нэгдсэн Африкийн бусад орнуудын нэгэн адилаар дэд бүтэц хурдацтай хөгжиж байгаа, мөн Африкийн орнуудын худалдааны харилцаа өсөн нэмэгдэхэд эергээр нөлөөлж байна гэдгийг онцоллоо. Тэр дундаа Африк тивд чөлөөт худалдааны бүс өргөжин тэлэхэд Хятадын үүрэг оролцоо өндөр байгааг ч дурдсан байна. Африкийн орнууд эрчим хүчний хомсдолд өртсөн энэ цаг үед Хятадын компаниуд сайн дураараа холбогдож, туслалцаа үзүүлэхээр санал болгодог гэдгийг мөн дурдсан.
Тэгвэл Долоогийн бүлгээс хамгийн анх Бүс ба Зам санаачилгад нэгдсэн Итали улсын тухайд санаачилгаас гарах сонирхолтой байгаагаа илэрхийлж эхэлсэн байна. Өнгөрсөн 7-р сарын 30-ны өдөр Итали улсын батлан хамгаалахын сайд Гвидо Крозетто хэвлэлд өгсөн ярилцлагадаа Итали улс Бүс ба Зам санаачилгад нэгдсэн нь гэнэтийн, хөнгөн хуумгай шийдвэр байсан гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Итали улс анх Бүс ба Зам санаачилгад нэгдэхдээ Хятад руу гаргах экспортын хэмжээгээ нэмэгдүүлнэ гэсэн зорилготой байсан ч эсрэгээрээ Хятадаас Итали улсад орж ирэх импортын хэмжээ асар их нэмэгдсэн гэдгийг хэлж байна.
Ирэх оны 3-р сард санаачилгад нэгдсэн орнууд хамтын ажиллагааны гэрээгээ сунгахаар төлөвлөж байна. Тэр үед Итали улс гэрээгээ сунгахгүй гэсэн байр суурийг илэрхийлж эхэлсэн байна. Одоогоор Итали улсад тулгарч байгаа гол сорилт нь хэрхэн харилцаагаа сэвтээхгүйгээр Бүс ба Зам санаачилгаас гарах вэ гэдэг асуудал болоод байгаа юм. Олон улсын тавцанд Хятад улс эдийн засгийн өрсөлдөгч орон боловч мөн түншлэлийн харилцаатай учир үүнийгээ хэрхэн тэнцвэржүүлэх вэ гэдэг нь чухал асуудал болоод байгааг Гвидо Крозетто тайлбарласан байна.
Сэтгэгдэл