Вьетнамын компанийн үнэлгээ Форд, Женерал Моторсын үнэлгээнээс давжээ
Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “VinFast” компанийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээ арилжааны эхний өдрөө “Ford” болон “General Motors” (GM) компаниудынхаас давжээ.
Одоогоор ашиг олоогүй байгаа хэдий ч тус компанийн хувьцаа Нью-Йоркт анх удаа арилжаалагдахдаа тус бүр нь 37 ам.доллараас давсан байна. Ингэснээр “VinFast”-ийн зах зээлийн үнэлгээ 85 тэрбум ам.долларт хүрсэн нь Ford /48 тэрбум доллар/ ба GM /46 тэрбум доллар/-ийнхээс хамаагүй өндөр үзүүлэлт юм. Улмаар Вьетнамын хамгийн баян хүнээр хэдийнээ тодроод буй “VinFast” компанийн захирал бөгөөд үүсгэн байгуулагч Фам Нхат Вуонгийн хөрөнгийн хэмжээ 39 тэрбум ам.доллароор өслөө.
Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд болон шинэ үйлдвэрлэгчдийн аль аль нь эрчимтэй тэлж буй цахилгаан машины зах зээлд байр сууриа эзлэхийн төлөө ширүүн өрсөлдөж байгаа билээ.
“Хөрөнгө оруулагчид цахилгаан машины ирээдүйг өөдрөгөөр харж байгаа бөгөөд хямд ажиллах хүчинтэй Зүүн Өмнөд Азийн Вьетнам улс АНУ-ын хувьд өрсөлдөгч болж чадна гэж үздэг. Геополитикийн нөхцөл байдлыг харвал Хятад бус Вьетнам улс өрсөлдөгч байх илүү магадлалтай” гэж Шанхайд төвтэй “Automobility” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Билл Руссо ярьжээ.
“VinFast” хувьцааны уламжлалт борлуулалтын оронд "Spac" буюу тусгай зориулалтын худалдан авалтын компани хэлбэрээр зах зээлд гарч ирж байна. Хувийн компанийн хувьцааг олон нийтэд санал болгох хүргэх зардал ихтэй үйл явцыг хурдасгахын тулд гарааны компаниуд "Spac"-ийг түлхүү ашигладаг байна.
Америкийн “Lordstown Motors”, “Faraday Future” зэрэг хэд хэдэн цахилгаан машин үйлдвэрлэгчид сүүлийн гурван жилд уг хэлбэрийг ашиглан хувьцаагаа олон нийтэд нээлттэй санал болгожээ. Гэсэн хэдий ч эдгээр компани нэгдсэнээс хойш зах зээлийн үнэлгээ нь 90 гаруй хувиар унасан байна.
Б.Руссогийн хэлснээр, “VinFast”-ын хувьд “Vingroup”-ын дэмжлэгийг авч байгаа тул нөхцөл байдал өөр байх болно. Гэхдээ томоохон компаниуд зах зээлд давамгайлахын төлөө өрсөлдөж байгаа тул “VinFast” ч мөн адил ширүүн өрсөлдөөнтэй нүүр тулна. Тухайн зах зээлд тэргүүлж буй Илон Маскийн “Tesla”, хөрөнгө оруулагч Уоррен Баффетийн дэмжлэгтэй “BYD” компаниуд борлуулалтаа нэмэгдүүлэхийн тулд үнээ бууруулсаар байна. Энэ оны эхний хагаст “VinFast” 11 300 цахилгаан машин үйлдвэрлэсэн бол “Tesla” мөн хугацаанд 889 мянга гаруй машиныг зах зээлд нийлүүлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл