Амазоны ойг сэргээхэд 500 сая доллароор тусална гэж Ж.Байден амлав
Амазон мөрний сав газрын ойг сэргээхэд таван жилийн хугацаанд 500 сая долларын тусламж үзүүлнэ гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Бразилын төрийн тэргүүн Луис Инасиу Лула да Силвад амлажээ. Хоёр улсын төрийн тэргүүн нар лхагва гарагт утсаар ярилцсаны дараа Цагаан ордны хэвлэлийн алба энэ тухай мэдээллээ.
“Хоёр ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хамтран ажиллах, Уур амьсгалын асуудлаарх НҮБ-ын Суурь Конвенцид оролцогч талуудын 28 дугаар Бага хуралд /СОР28/ бэлтгэх, Амазоны санг дэмжихэд зориулж 500 сая доллар төсөвлөхийг Конгрессоос хүсэх зэрэг асуудлуудыг хэлэлцсэн” гэж дээрх мэдээлэлд дурджээ.
Түүнээс гадна, хөрсний доройтолд орсон Амазоны болон Бразилын бусад бүс нутгийн газрыг сэргээх зорилгоор АНУ 1 тэрбум доллар хүртэлх хэмжээний мөнгийг татан төвлөрүүлэх гэж байгаа ажээ.
Байден, Лула да Силва нар утсаар ярилцах үеэрээ олон улсын болон бүс нутгийн асуудлуудыг хэлэлцсэн байна. Тухайлбал, хөдөлмөрийн зохистой нөхцлийг хангах асуудлаар хоёр тал хамтарсан санаачилгыг дэвшүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд уг санаачилгыг ирэх 9 дүгээр сард Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганаар хэлэлцүүлэх ажээ. Хэлэлцүүлэгт Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон үйлдвэрчний эвлэлүүдийн төлөөлөгчид оролцох юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ агентлаг"
Сэтгэгдэл