Хахууль авч иргэдийг хил давуулсан байж болзошгүй цэргийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ
Хахууль авч, хууль бусаар хүмүүсийг хил давуулсан хэрэгт холбогдсон Украины цэргийн албан хаагчдыг ажлаас нь халсан байна.
Владимир Зеленский 30 гаруй хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, бүс нутгийн цэрэг татлага хариуцсан бүх цэргийн дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн болохоо баталжээ. Тэрээр дайны үед дээрх үйлдэл нь эх орноосоо урвасан хэрэг гэв.
Энэ үйл явдал нь Украины сөрөг довтолгооны ажиллагаа үргэлжилж байгаа буюу зэвсэгт хүчнийг бэхжүүлэх хүчин чармайлтын үеэр болж байна. Ерөнхийлөгчийн тамгын газраас гаргасан мэдэгдэлд, авлигын хэргүүд нь “Украины үндэсний аюулгүй байдалд заналхийлж, төрийн байгууллагуудад итгэх итгэлийг сулруулж байна” гэжээ.
Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн цэргийн дарга нарыг орлох албан хаагчдыг дайны талбарт туршлагатай, тагнуулын байгууллагаас шалгасан нэр дэвшигчдээс сонгоно гэж үргэлжлүүлэв. Дээрх албан тушаалтнууд бэлнээр болон криптовалют хэлбэрээр хахууль авсан болон цэргийн насны, эх орныхоо төлөө байлдах ёстой ч Украинаас гарах гэж буй иргэдэд тусалсан зэрэг хэрэгт буруутгагдаж байна гэж Зеленский олон нийтийн сүлжээнд нийтэлсэн видео бичлэгтээ дурджээ.
Украины дайчилгааны ерөнхий дүрмийн дагуу байлдааны чадвартай 18-аас дээш насны бүх эрчүүд цэрэгт татагдах бөгөөд 60-аас доош насны ихэнх насанд хүрсэн эрэгтэйчүүд тус улсаас гарахыг хориглосон юм.
"Бид бүх бүс нутгийн цэргийн комиссаруудыг халсан”, “Энэ албыг дайн гэж юу болохыг, мөн дайны үед хахууль авч буй нь эх орноосоо урвасан хэрэг гэдгийг сайн мэддэг хүмүүс удирдах ёстой” гэв.
Тэрээр цэрэг татлагын тогтолцоо "Зөв ажиллахгүй байна" гэж хэлээд "Тэд дайчидтай хэрхэн харьцаж, үүрэгт ажилдаа хандаж байгаа нь зүгээр л ёс суртахуунгүй зүйл" гэж нэмж хэлэв.
Орон нутгийн армийн байгууллагуудад шалгалт хийсний дараа авлига илэрсэн байна. Улс даяар буюу бүх бүс нутгийн албан тушаалтнуудын 33 холбогдогчтой 112 эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хууль бус үйлдлүүд тогтоогдоод байна гэв.
Украин, Орос аль аль нь 2022 оны 2-р сарын дайралтаас хойш хэдэн цэрэг амь үрэгдсэн талаар мэдээлээгүй ч дайн тулаан үргэлжилсээр байгаа тул аль аль нь армиа өргөжүүлэх тал дээр онцгойлон анхаарч байна.
Авлигын эсрэг тэмцэл нь Зеленскийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй хамгийн сүүлийн санаачилга юм. Нэгдүгээр сарын 11-ний өдөр авлигын хэрэгт буруутгагдсан албан тушаалтнууд албан тушаалаа орхиж, тус улсын Дээд шүүхийн даргыг тавдугаар сард авлига авсан хэргээр саатуулжээ.
Төрийн үйлчилгээний авлига Украинд удаан үргэлжилсэн асуудал байсаар ирсэн бөгөөд үүнийг шийдвэрлэх нь тус улс нь Европын холбоо зэрэг барууны байгууллагуудад элсэхийн тулд давах ёстой сорилтуудын нэг юм.
Транспэрэнси Интернэшнл байгууллагаас жил бүр гаргадаг авлигын төсөөллийн индексээр Украин 180 орноос 116-д жагссан ч сүүлийн жилүүдэд хийсэн хүчин чармайлтаар түүний байр суурь мэдэгдэхүйц дээшилсэн байна.
Эх сурвалж: https://www.bbc.com
Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар
Сэтгэгдэл
Гахх [202.21.124.132] 2023-08-18 16:38:38
Угаасаал Монголтой адилхан авилгалдаа живсэн л бсан шдээ олон жилийн өмнө.