Мауи арлын түймэр газар авахад өндөр хүчдэлийн шугамууд нөлөөлсөн гэж үзжээ
Наймдугаар сарын 8-наас хойш ассан Мауи арлын түймэрт өртөж амиа алдсан хүний тоо 110 болж өссөнийг Хавай мужийн захирагч мэдээлсэн. Түймрийн учруулсан хохирлын хэмжээг тооцоолохын аргагүй байна гэдгийг нэмж хэллээ. Аврах ажиллагааны явцад хохирогчдын тоо цаашид нэмэгдэх магадлалтайг ч хэлж байна.
Түймэрт өртсөн Мауи арлын ирээдүй бүрхэг байна гэж мэргэжилтнүүд дүгнэж байгаа юм. Түймрийн голомт одоогоор нарийн тодорхой болоогүй ч цар хүрээ нь нэмэгдэхэд өндөр хүчдэлийн шугамууд нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна. Түүнчлэн түймэр суурин газарт дөхөж ирэхэд гамшгийн дохиолол ажиллаагүй талаар иргэдийн зүгээс хэлсэн байна.
Гэвч түймрийн өмнөхөн цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд хуурайшилт ихтэй, салхины эрч хүчтэй байхыг анхааруулж байсан байна. Энэ тохиолдолд ой хээрийн түймэр гарах нь тодорхой байдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ой хээрийн түймэр гарч магадгүйг цаг уурын байгууллагаас анхааруулсаар байсан ч Хавай мужийн эрчим хүчний газраас урьдчилсан сэргийлэх арга хэмжээ аваагүй хэмээн буруутгаж эхэлжээ. Суурин газартай ойрхон түймэр гарч эхлэхэд өндөр хүчдэлийн шугамуудад гал авалцахаас сэргийлж, цахилгааныг таслах ёстой байсан ч тийм арга хэмжээ аваагүй аж.
Үүний улмаас түймэр илүү өргөн хүрээг хамарч, хот суурин газарт түймэр хүрэх нөхцөл бүрдсэн гэж тайлбарлаж байна. Хавайн эрчим хүчний газрын хэвлэлийн төлөөлөгч энэ асуудал дээр эсэргүүцсэн байр суурь илэрхийлсэнгүй. Харин гамшгийн дараах сэргээн босгох ажиллагаанд төвлөрч ажиллаж байна гэж хэвлэлд мэдээлэл өгчээ.
Түүнээс гадна түймэр гарч эхлэхэд ажиллах ёстой байсан Мауи арлын гамшгийн дохиолол ном журмаараа ажиллаагүй гэдгийг нутгийн иргэд хэлж байгаа юм. Мауи арал дээр нийтдээ 80 орчим гамшгийн дохиолол байдаг, тэдгээр нь цунами зэрэг байгалийн гамшгийг урьдчилан мэдээлж дугарах ёстой байдаг юм. Гэвч энэ удаагийн гамшгийн үеэр аюулыг сэрэмжлүүлж, дохиолол дугараагүй гэдгийг иргэд мэдүүлж байна. Хэрвээ орон нутгийн гамшгаас сэргийлэх үйл ажиллагаа сайн байсан бол хохирогчдын тоо ингэж нэмэгдэхгүй байсан гэж ард иргэдийн зүгээс буруутгаж байгаа юм.
Сэтгэгдэл