Далбаагаар тоноглогдсон ачааны хөлөг онгоц анх удаа далайд гарлаа

Aдмин / Гадаад мэдээ

Их Британид зохион бүтээсэн Pyxis Ocean гэдэг нэртэй, асар том далбаанууд бүхий ачааны хөлөг онгоц анх удаа далайд гарчээ. Уг хөлөг онгоцыг түрээслэдэг далайн тээврийн Cargill компанийн удирдлагын хэлснээр, дэлхийн далайн тээврийн салбар нүүрсхүчлийн хийн хаягдлын 2,1 хувийг ялгаруулж буй энэ үед шинэ технологи нь нүүрстөрөгчийн хаягдлыг багасгахад томоохон үүрэг гүйцэтгэх зорилготой юм байна.

Хөлөг онгоцыг нисэх онгоцны далавчийг санагдуулам хэлбэртэй WindWings хатуу далбаатай болгосноор түлш зарцуулалт 30 хувиар буурна гэж зохион бүтээгчид тооцоолжээ.

Pyxis Ocean ачаа тээврийн хөлөг онгоц Хятадаас Бразилыг чиглэн хөдөлсөн бөгөөд энэ бол шинэ төрлийн хатуу далбааг анх удаа бодитойгоор туршиж буй тохиолдол болой.

37,5 м өндөр далбаануудыг салхин хөдөлгүүрийг хийдэг материалаар хийсэн тул удаан эдэлгээтэй бөгөөд хөлөг онгоц боомтын зогсоолд ирэх үед далбаанууд хумигдаж, далайд гарах үед дэлгэгдэнэ. Энэхүү шинэ технологийг хамгийн анх удаа спортын далбаат завинуудад ашигласан байна. Далбааг анх Британийн BAR Technologies компанид зохион бүтээсэн бөгөөд тус компани Бен Эйнсли ахлагчтай далбаат завины тамирчдын багийг түшиглэн байгуулагдсан аж.

Компанийн захирал Жон Купер-ийн ярьснаар, Pyxis Ocean далайд гарсан нь далайн тээврийн салбар дахь эргэлтийн үе бөгөөд хэдэн жилийн дараа шинэ хөлөг онгоцнуудын тал хувийг шинэ төрлийн далбаагаар тоноглох ажээ. “Хамгийн гол нь хэмнэлт. Тодорхой хэлбэл, өдөрт 1,5 тн түлш хэмнэнэ, хэрвээ хөлөг дээр 4 далбаа угсарбал өдөрт 6 тн түлш хэмнэнэ, энэ бол том тоо” гэж тэрбээр ярилаа.

Хатуу далбааг Британид зохион бүтээсэн боловч Хятадад үйлдвэрлэсэн учир нь импортолж буй гангийн өртгийг бууруулахад Их Британийн төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхгүй байсантай холбоотой гэнэ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, салхины энергийг далайн тээвэрт ашиглах нь судалгааны тун ирээдүйтэй чиглэл ажээ.

Манчестерийн их сургуулийн судлаач Саймон Буллок ярихдаа “далайн тээврийн салбар жилд 837 сая тонн нүүрсхүчлийн хий ялгаруулж байгаа атал шинэ төрлийн цэвэр түлш мөддөө гарч ирэхгүй нь, иймээс хөлөг онгоцуудыг далбаатай болгох зэрэг арга хэмжээг шуурхай авах хэрэгтэй” гэлээ.

Далайн тээврийн судалгаагаар дагнадаг Clarksons Research компанийн захирал Стивен Гордон-ы ярьснаар, сүүлийн нэг хугацаанд шинэ технологийг ашиглаж буй хөлөг онгоцуудын тоо хоёр дахин нэмэгдсэн, гэхдээ дэлхийн далайн тээврийн флотод ашиглагдаж буй 110 мянга гаруй хөлөг онгоцноос ердөө 100 орчим нь далбаат хөлөг онгоцууд байгаа ажээ. Нөгөөтэйгүүр, чингэлэг тээвэрлэгч гэх мэт зарим төрлийн хөлөг онгоцуудын хувьд далбаат технологи болон технологийн бусад шийдлүүд тохирохгүй байж болох юм.


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.192] 2023-08-22 20:27:00

L s


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.