Энэтхэгийн сансрын аппарат Сарны өмнөд туйлд амжилттай газардлаа
“Чандраян-3” сансрын станцын нэг хэсэг болох “Викрам” буугч аппарат орон нутгийн цагаар 18:04 цагт Сарны гадаргуу дээр амжилттай газардлаа. Ингэснээр Энэтхэг улс АНУ, ЗХУ ба БНХАУ-ын дараа Саран дээр сансрын аппаратаа зөөлнөөр газардуулж чадсан дөрөвдэх улс, Сарны өмнөд туйлд аппаратаа буулгаж чадсан хамгийн эхний улс болж чадлаа.
Энэ түүхэн үйл явдлыг улс орон даяар бахархан тэмдэглэж байгаа бөгөөд Ерөнхий сайд Нарендра Моди хэлэхдээ “Энэтхэг улс одоо Саран дээр очлоо, бусад улсын хүрч чадаагүй газарт бид хүрч чадлаа” гэв. ӨАБНУ-д болж буй БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй тэрбээр газардах үйл явцыг шууд дамжуулсныг үзжээ.
Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллагын /ISRO/ захирал Шредхара Паникер Соманат хэлэхдээ “аппарат амжилттай газардсан нь зөвхөн бидний хийж гүйцэтгэсэн ажил биш ээ, энэ бол ISRO-гийн үе үеийн эрдэмтдийн бүтээсэн үйл хэрэг” гэлээ.
“Викрам” модуль хэдхэн хоногийн өмнө Оросын “Луна-25” аппарат Саран дээр унаж сүйрсэн газраас 100 км-ийн зайд газардсан байна. Өмнө нь 2019 онд Энэтхэг улс хоёрдахь удаагаа Сар руу аппаратаа илгээж, зөөлөн газардуулахаар оролдсон боловч бүтэлгүйтэж байжээ.
Сарны өмнөд туйлын гадаргуу маш гүвгэр түвгэр бөгөөд том жижиг тогоонууд, бул чулуу ихтэй учраас энд газардах нь маш их эрсдэлтэй.
Isro-г үүсгэн байгуулагч Викрам Сарабхайн нэрээр нэрлэсэн буугч аппаратын хурдыг 1,68 км/сек-ээс 0 болгон багасгаснаар аюулгүйгээр зөөлөн газардуулж чадсан байна. Одоо Сарны тоос буух хүртэл хэдэн цаг хүлээсний дараа буугч аппаратын хаалга нээгдэж, тусгай шатыг суурилуулах ба түүгээр «Прагъян» гэдэг нэртэй явагч аппарат Сарны гадаргуу дээр бууж ирэх ёстой. Уг аппарат маш удаан буюу секундэд нэг сантиметрийн хурдтайгаар хөдөлж, замд тааралдах чулуунууд, жижиг тогоонуудын гэрэл зургууд ба бусад мэдээллийг цуглуулж эхэлнэ.
Цуглуулсан бүх мэдээллийг эхлээд буугч аппаратад, дараа нь тойрог замын станц руу дамжуулсны дараа Дэлхий рүү илгээх юм. “Викрам”-ыг буулгахдаа, Сарны нэг хоног нь Дэлхийн 14 хоногтой тэнцдэгийг тооцон, Саран дээр шинэ өдөр эхлэхийг тааруулжээ. Ингэснээр буугч аппаратны нарны зай хураагуурыг цэнэглэх хугацаа хангалттай болсон байна.
Өмнөд туйлд буусны учир
Сарны өмнөд туйл нь оньсого мэт олон нууцыг агуулж байдаг. Тухайлбал, Нарны гэрэл хэдэн тэрбум жилийн туршид тусаагүй том тогоонуудын дотор талд -248 °C хүртэл хүйтэн байдаг. Иймээс тэнд мөс байж магадгүй байгаа нь өмнөд туйлыг сонирхож буйн гол шалтгаан юм.
Энэтхэгийн буугч модуль ба Сарнаа явагч аппарат нь Сарны агаар мандал, гадаргууг судлах багаж төхөөрөмжөөр сайтар тоноглогдсон бөгөөд илүү гүнзгий судалгаа хийж, хэрвээ ус байгаа бол түүнийг илрүүлэх бүрэн боломжтой.
Хэрвээ Саран дээр мөс байх аваас энэ нь ирээдүйд хүмүүс тэнд суурьших боломжтой гэсэн итгэл найдварыг төрүүлнэ. Ус бол зөвхөн хүмүүсийн ундны хэрэглээ биш бөгөөд түүнийг хүчилтөрөгч ба устөрөгчийн атомуудад задалснаар пуужингийн түлш болгох ашиглах юм. Эл тохиолдолд Сар нь сансрын уудам руу хийх цаашдын аяллын дамжин өнгөрөх бааз болох учиртай.
Шинжээчдийн дүгнэн харьцуулснаар “Чандраян-3” төслийн өртөг харьцангуй хямд буюу 6,1 тэрбум рупи /75 сая доллар/ байжээ.
Мягмар гарагийн өглөө Энэтхэгийн Шинжлэх ухаан, технологийн сайд Жетендра Сингх “Чандраян-3” станцыг үйлдвэрлэж буй бүх үйл явцыг харуулсан 2 минутын хурдасгасан бичлэгийг нийтэлсэн байна.
Сэтгэгдэл