ОХУ-ын мөрдөн шалгах хороо онгоцны ослыг мөрдөн шалгаж байгаагаа мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Наймдугаар сарын 23-ны орой Москвагийн ойролцоо осолдсон нисэх онгоцны 10 зорчигчийн дунд хувийн зэвсэгт хүчний Вагнер бүлгийн тэргүүн Евгений Пригожин, үйл ажиллагаа хариуцсан захирал Дмитрий Уткин зэрэг 6 офицер байсан тухай Оросын иргэний агаарын тээврийн удирдах газраас мэдээлсэн. Одоогоор Оросын Мөрдөн шалгах хороо энэхүү ослын шалтгааныг мөрдөн шалгаж байгаа юм байна. Аврагчид 10 зорчигчийн цогцсыг олсон, таниулах шинжилгээ хийсний дараа мэдээллийг батлах төлөвтэй байна. Харин Вагнер компани Пригожинийг ослоор амь үрэгдсэн болохыг баталсан гэж Оросын зарим хэвлэлийн мэдээг Ассошейтэд Пресс иш татан мэдээлж байна.

Гурван нисгэгч, долоон зорчигчтой Москвагаас Санкт-Петербург чиглэлд хөөрсөн тус онгоц хөөрснөөс хойш 30 минутын дараа Москвагаас 100 км-ийн зайд осолдсон юм байна. Эмраер-135 загварын нисэх онгоц агаарын орон зайг ашиглах зөвшөөрлийг тогтсон журмын дагуу авч, нислэг үйлдэж байсныг Нислэгийн удирдах газраас мэдэгджээ.

Пригожины сууж явсан онгоц хоёр удаа дэлбэрэлт болсны дараа унасан гэж Ройтерс мэдээлснийг Энэ-Эйч-Кэй иш татсан байна. Хоёр хоногийн өмнө Африк тивд бичсэн Пригожиний дүрс бичлэгийг Вагнер бүлгийг цахим сувгуудаар цацаж байсан.

Тэрээр уг бичлэгт Оросын нөлөөг тив бүрт нэмэгдүүлэхийн төлөө, ялангуяа Африк тивийг Өрнөдийн давамгайллаас чөлөөлөхийн төлөө ажиллаж байгаагаа ярьсан юм байна. Евгений Пригожин Путины ойрын хүрээлэлд байсан. Оросын Украинд хийж байгаа дайны явцад Бахмутын тулалдааны талбарт Вагнер бүлэг амжилттай давшсанаас хойш олон нийтийн сүлжээгээр байр сууриа хүчтэй илэрхийлж, Оросын эрх баригчдад хатуу шаардлага тавьж байсан. Гэвч Оросын батлан хамгаалах яамтай зөрчилдөж, улмаар өнгөрсөн 6-р сарын сүүлээр Кремлийн эрх баригчдын эсрэг бослого гаргах гээд бүтэлгүйтсэн. Энэ нь тэдний харилцааг муутгаж, Пригожиний хувьд маш том эрсдэл авч ирсэн гэж шинжээчид үзэж байсан. Тухайн үед Путин Оросын ард түмэн, армийн итгэлийг эвдлээ гэж Пригожинийг буруутгаж байсан ч түүнийг цэргүүдийнхээ хамт Беларус руу гарахыг зөвшөөрсөн.

Ослын мэдээ гарах үеэр Оросын ерөнхийлөгч Курскийн тулааны ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд үг хэлж байсан ч ослын талаар ямар нэг зүйл хэлээгүй байна. Олон улсын зүгээс энэ ослын талаар байр сууриа илэрхийлж байна. АНУ-ын ерөнхийлөгч Байден “юу болсныг мэдэхгүй ч ийм зүйл болсонд гайхахгүй” гэж мэдэгдсэн байна.

Франц улс “энэ ослыг тойрсон нөхцөл байдлын талаар эргэлзэх үндэслэл байж магадгүй гэж мэдэгдсэн байна. Мөн Америкийн Дайны судалгааны хүрээлэн Орос 6-р сарын үйл явдлаас хойш Вагнер бүлгийг устгах, сулруулах ажиллагааг хийж ирсэн. Пригожиний үхэл тус бүлгийг бие даасан байгууллага байхаа больсныг илтгэх сүүлийн дохио байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.

Одоо Африк, Беларус болон бусад газруудад байрлуулсан Вагнерын олон мянган цэргийн хувь заяа хэрхэх вэ, тэд энэ осолд ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэдэг гол асуудал гэж Аль Жазира онцолсон байна.


Сэтгэгдэл

зочин [59.153.86.88] 2023-08-27 07:58:14

Пригожин. Одоо. байхгүй. болчихсон магтаж болно муулж болно Путин. айх. аюулаа. дарчихлаа

Zochin [66.181.161.254] 2023-08-25 17:38:04

ODOO OPOCD IRGENII DAIN EXELNE.

Зочин [66.181.189.154] 2023-08-25 18:43:58

tgj ch shahgue hha putinii medeld buh ym ochloo wagner ukrainii 4 oblast BRICS ged


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.