БНСУ 2024 онд эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж төсвөө танана
БНСУ-ын Сангийн яамнаас ирэх онд төсвөө танаж, эдийн засгийн тогтворгүй байдалд бэлтгэн бүсээ чангална гэж мягмар гарагт мэдээлсэн байна. Ирэх 2024 оны төсвөө 654 их наяд вон буюу 495 тэрбум америк доллар байхаар тооцож гаргасан байна. Энэ нь 2005 оноос хойш анх удаа төсвийн төслөө маш бага хэмжээгээр нэмэгдүүлсэн тохиолдол болж байна.
БНСУ-ын эдийн засгийн энэ оны төсөв 638 их наяд вон байна. Ирэх жил 2.8 хувиар төсвөө нэмэгдүүлж байгаа нь сүүлийн 19 жилийн хугацаан дахь хамгийн бага өсөлт гэж Сангийн яамнаас нь мэдэгдсэн юм. Энэ оны төсвийн нэмэгдэл 5.1 хувьтай байсан байна. БНСУ-ын эдийн засаг сүүлийн жилүүдэд алдагдал ихтэй, үндэсний өрийн хэмжээ мянган их наяд воноос давсан үзүүлэлттэй байгаа нь ирэх онд бүсээ чангалах шалтгаан болж байна гэдгийг Сангийн яамны сайд Чү Кёнху албан ёсны мэдэгдэлдээ дурдсан байна.
Ирэх жилүүдэд улсынхаа санхүүгийн чадамжийг хэвийн байдалд хадгалахын тулд төсвийн хөрөнгийн нэмэгдлийг 3 хувь дотор барих нь зүйтэй гэж БНСУ-ын Засгийн газраас мөн үзэж байгаа юм.
Мягмар гарагт сайд нарын танхимаас гарсан энэхүү төсвийн саналыг энэ баасан гарагт Үндэсний ассамблейн хурлаар өргөн барьж хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа гэж мэдэгдсэн байна. Төсвийг нь танаж байгаа салбаруудад судалгаа, хөгжүүлэлтийн салбар орж байна. Судалгаа, хөгжүүлэлтийн салбарт энэ жил 31 их наяд вон төсөвлөсөн бол ирэх жил 25 их наяд вон төсөвлөх юм байна. Харин энэ салбараас танасан төсвийн хөрөнгөө хиймэл оюун ухаан, биотехнологи, чип үйлдвэрлэлийн салбарт нэмж хөрөнгө оруулна гэж мэдэгджээ.
Мөн халамжийн салбар, ногоон эрчим хүч, аж үйлдвэрийн салбар, аюулгүй байдлын салбарт тус тус төсвөө нэмэгдүүлэх саналыг дэвшүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ гадаад харилцааны салбарт 7.6 их наяд вон төсөвлөсний дийлэнх нь Умард Солонгосын асуудлаар дэлхий нийттэй ил тод харилцах, хамтын ажиллагаа явуулахад зарцуулагдах юм байна.
Мөн Украин улсад дайны дараах сэргээн босгох ажиллагаанд 130 тэрбум воны тусламж үзүүлнэ гэж төлөвлөжээ. БНСУ эдийн засгаа тогтворжуулахын тулд эдгээр арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байна. Гэхдээ ирэх онд эдийн засгийн алдагдал, үндэсний өрийн хэмжээ нэмэгдэх нь гарцаагүй гэдгийг Сангийн яамнаас нь дурдсан юм.
Энэ оны эдийн засгийн алдагдал 58.2 их наяд вон байсан бол ирэх онд 92 их наядад хүрэх тооцоо байна.
Мөн үндэсний өрийн хэмжээ энэ оныхоос даруй 60 их наядаар өсөх хандлагатай байна. БНСУ-ын Засгийн газраас 2027 он гэхэд төсвийн алдагдал, өрийн асуудлыг тогтворжуулна гэсэн зорилго тавьж буй аж.
Сэтгэгдэл