Үйлийн үр

Aдмин / Нүүр

Хүний ертөнцөд хоёр төрлийн хууль үйлчилж байдаг. Нэг нь төрийн хууль, нөгөө нь үйлийн үрийн хууль. Төрийн хуулийг зөрчиж хүнд гэмт хэрэг үйлдсэн хүнийг хорь, гучин жил шоронд хорих, бүх насаар нь шоронд хорих эсвэл цаазаар авах шийтгэл төрөөс ногдуулдаг. Зарим эрх мэдэлтэй, баян, зальхай хүмүүс авилга газар авсан оронд төрийн хуулийг хичнээн зөрчсөн ч авилгадаад ямар ч шийтгэлгүй өнгөрдөг. Тийм хүмүүст төрийн хууль үйлчилдэггүй. Гэхдээ үйлийн үрийн хуулиас хэн ч бултаж чадахгүй. Үйлийн үрийн хуулиас хэн ч зайлж, аргацааж чадахгүй. Үйлийн үр эндүүрдэггүй. Хамаг амьтан үйлийн үрийн хуульд захирагдана.

Үйлийн үрээс зугтааж гардаг нэг ч амьтан үгүй. Чи хаана ч очсон, хаашаа ч зугтаасан, ууланд нуугдсан ч, агуйд нуугдсан ч, далайд нуугдсан ч, сансарт нуугдсан ч үйлийн үр чамайг олоод л очно.

Карма буюу үйлийн үрийн тухай сургаал Бурхны номлолд чухал байр эзэлдэг.Үүнийг мэдэхгүйгээр сансраас ангижирч, бүрмөсөн гэтэлж чадахгүй. Үйлийн үрийг нимгэлж таслаагүй цагт хүмүүс сансарт ахин дахин төрөл авч мөнх эргэлдэх болно. Үйлийн үрийг таслаагүй цагт эцэс төгсгөлгүй олон төрөл дамжсаар хэдэн ч галав болдог. Нэг галав 1 сая 360 000 жил үргэлжилдэг гээд бод доо.

”Карма” гэдэг нь самгардиар “үйл” гэсэн утгатай үг. Утгачилж хэлбэл ямар нэгэн учир шалтгаантай холбоотойгоор урьд өмнө үйлдсэн янз бүрийн үйлийн үр дүнд хуран хуримтлагдсан нөөц хүчийг хэлж байгаа юм.

Лам багш нар: “Карма буюу Үйлийн үр бол хүмүүсийн ухамсарт үлдсэн мөр юм” хэмээн айлдсан байдаг. Хүмүүс бид хэлсэн, үйлдсэн бүх зүйлээ яг л компьютерийн файлд хадгалдсан мэт санаж байдаг. Үйлийн үрийн хуулиар бидний өнгөрсөн үеийн санасан бүх зүйл маань ирээдүйн амьдрал болон дараа төрлийг тодорхойлж байдаг ажээ. Алимны үрийг хавар хөрсөнд суулгавал намар нь алим л ургаж хурааж авдаг, хорт ургамлын үр хөрсөнд цацвал хорт ургамал л ургадаг.

Үйлийн үр дөрвөн үндсэн шинжтэй.

Үүнд:

1. Үйлийн үрийн хууль гарцаагүй үнэн.Тодорхой үйлийг үйлдсэний дараа тодорхой үр дүн гардаг.

2.Үйлийг үйлдээгүй бол үр дүн гарахгүй.

3.Нэг ч гэсэн үйл үйлдэхэд үр дүн нь заавал гардаг.

4.Үйлийн үр улам арвиждаг. Нэг үрээс олон үр гардаг.

Хүний ирээдүйд шууд нөлөөлдөг энэхүү хүчийг карма гэдэг аж. Хэрэв сайн үйл бүтээвэл буян хурж түүний нөөц хүч,тэр үйлийг үйлдсэн хүний ирээдүйд сайнаар нөлөөлдөг. Муу үйл үйлдвэл нүгэл хурж, муу үйл үйлдсэн үйлийн эрхээр ирээдүйд муугаар нөлөөлдөг.

Орчин үеийн хүн өөрт тохиолдсон элдэв бэрхшээл, элдэв зовлон, элдэв өвчинг яагаад надад тохиолдов? хэмээн гайхаж гутардаг. Яагаад надад өвчин тусав?, Яагаад би хулгайд өртөв?, Яагаад миний автомашин мөргөлдөв? Яагаад би санхүүгийн хувьд сүйрэв? Яагаад би ажлаас халагдав? Яагаад би эхнэрээс салав? Яагаад би ядуурав? хэмээн гасалдаг. Тэгэхлээр танд тохиолдож байгаа сайн ,муу зүйлүүд бүгд үйлийн үр юм. Та бол өөрөө үйлийн үр юм.

Таны эргэн тойронд цэцэг дэлгэрсэн сайхан газар, сайн хүмүүс, амгалан байдал тохиолдож байвал сайн үйлийн үр дүн. Таны эргэн тойронд муухай газар, муу хүмүүс, аюул түгшүүр тохиолдож байвал таны муу үйлийн үр.

Ламрим сударт: “Үйлийн үр дор сүсэглэснээр авах, гээхийг мөрдөх нь ихэд сайн хэмээн бясалга. Бурмын модны хөрөнгийг газарт суулгаваас үр нь амтлаг гарна. Дэгд мэт гашуун хөрөнгийг суулгаваас гашуун үр гарна. Буян үйлдвээс амар амгалан гарна. Нүглийг үйлдвээс зовлон гарна. Гадаад уг үр арвиддаг. Дотоод уг үр илүү их арвиддаг” хэмээн өгүүлдэг. Хүн нүгэл үйлдвэл тэр дор нь наманчлах хэрэгтэй аж. Наманчлахгүй бол нүгэл нь арвижиж өсөөд байдаг аж.

Ламрим сударт өгүүлсэн нь: “Хэн нэгэн хүн өөрт үзэгдсэн бөөсийг ихэд үзэн ядаж уг бөөсийг нясалж аллаа гэж бодъё. Хэрэв тэр хүн бөөс алсан нүглээ тэр дор нь наманчлахгүй бол нэг сарын дараа тэр үйлийн үр нь хүн алсны дайтай нүгэл болно” гэжээ.

Бидний өвөг дээдэс маань залуу үедээ хандаж “Өөртөө битгий лай хураа. Сайн хүн болоорой. Буян ном үйлдээрэй” гэдэг нь их зөв сургаал юм. “Лай” гэдэг нь түвдээр “нүгэл” гэсэн үг юм. Тэхлээр хүн бүр арван хар нүглийг цээрлээд, арван цагаан буяныг үйлдэх нь хамгийн зөв зам гэсэн үг.

Ламрим сударт үйлийн үрийг нимгэлэх, хилэнцийг багасгахад дөрвөн хүчний ёсыг дурдсан байдаг. Үүнд эхлээд нүглээс залхах сэтгэлийг үүсгэх хэрэгтэй хэмээн заасан. Дараа нь ерөндөгийн хүчийг үүсгэх хэрэгтэй. Энэ нь буддын судар унших, бодь сэтгэлийг үүсгэх, хоосон чанарыг онох болой. Дараа нь нүгэл гэмээс буцах хүчийг олох хэрэгтэй. Энэ нь хортой хоолыг жигшдэг шиг нүгэл хилэнцийг аминд тулсан ч дахин үйлдэхгүй хэмээн гэмших сэтгэлийг төрүүлэх хэрэгтэй. Дараа нь шүтээний хүчийг олох хэрэгтэй.Энэ нь гурван эрдэнэд аврал одуулах, нүгэл уналыг наманчлах, эдгээр дөрвөн хүчний наминчлал боомтлолд шамдах хэрэгтэй. Нүгэл хичнээн олон үйлдээд наманчилчихвал зүгээр болчихдог юм байна хэмээн буруу бодож болохгүй. Хүн хөл гараа хугалчихаад дахин хугалж болно хэмээн боддоггүйн адил хилэнцийг дахин үйлдэнэ хэмээн бодож болохгүй” хэмээн өгүүлжээ.

Үйлийн үр нь боловсорсон тухай олон жишээ буддын сударт байдаг. Үйлийн үрийн тухай эртний хийгээд сүүлийн үеийн хэдэн жишээ дурдъя. Хүний ертөнц бол тэр аяараа л үйлийн үр байдаг даа.

Буддын сударт бичсэн сонгодог жишээ НЭГ

Нэгэн удаа Хутагт Маудгалян бинваад идээ барихаар айлд морилжээ.Тэр айлын эзэн өвөр дээрээ хүүгээ суулгаж загасны зутан идэж байх аж. Гэрийн эзэн дэргэдээ цомцойн сууж байсан хар жингэр нохойд яс шидэж өгөхийг Маудгалян хутагт хараад тэдгээрийн урьд төрлийг шинжиж хамт явсан нутгийн мэргэн хүнд хандаж ийнхүү айлджээ. Хутагт өгүүлрүүн: Гэрийн эзний идэж буй загас нь энэ хүний өмнөх төрлийн эцэг нь юм байна.Гэрийн эзний эцэг нь гэрийнхээ хойно байдаг нуураас олон удаа загас гохдон барьж идсэн тул нас нь егүүдсэн даруй тэр нуурын дотор загас болон төржээ. Хүү нь олон зуун удаа загас барьж идэвч эцэг нь дахин дахин загас болон төрсөөр байна.

Тэр хар жингэр нохой бол гэрийн эзний өмнөх төрлийн эх нь мөн байна.Тэр эмэгтэй их шуналтай хүн байсан тул хэнд ч өглөг өгч байсангүй.Тэр эмэгтэй нүглийг цээрлэж сахил сахиж байгаагүй тул гэртээ сэтгэл нь хоргодсоор дараах төрөлдөө жингэр нохойн төрөл авчээ. Хожим нь олон дахин нохой болж төрөх аж. Гэрийн эзний өвөр дээр сууж байгаа тэр нялх хүүхэд бол түүний эхнэртэй садарлаж байсан нэгэн байна. Нэгэн шөнө үүнийг мэдсэн гэрийн эзэн заль гаргаж тэрхүү эрийг хороосон тул эхнэрт нь тачаадаж байсан тэр эр ийнхүү гэрийн эзэгтэйн хэвлийд нь тогтжээ” хэмээн айлдав гэнэ .

Жишээ хоёр

Эрт цагт Кашьяпа бурханы үед самади даяан үйлдэгч нэгэн гэлэн явж байгаад элээндав гэдэг модны навч зулайг нь шүргэж эрвэгэнүүлсэнд ихэд уур нь хүрч “Будда ийм хорлолтой цааз тогтоох гэж” хэмээн хараагаад хориглосныг үл тоон тэр навчийг тасдан хаяснаар дараа төрөлдөө Элээндав нэрт лус болон төржээ.Тэрхүү лусын зулай дээр ургасан элээндав мод салхинд найгах бүрт ёзоороос нь идээ бээр, цус нөж цувирдаг ийм зовлонтой лус болоод ирээдүйн Майдар бурхан залрах хүртэл энэ хэвээрээ байхаар урт настай болжээ.

Жишээ гурав

Нэгэн даяанч гэлэн самади бясалгал хийхээр нэгэн газар завилан суусан боловч тэнд олон гэлэнгүүд бурханы зарлиг номыг ихэд чангаар уншсанаар тэр гэлэн бясалгаж чадахгүйд хүрчээ. Тэр гэлэн ихэд уурсаж: “Кашьяапа бурханы энэ гэлэнгүүд шөнийн туршид мэлхий мэт гуаглаад юм” хэмээн хараажээ. Энэ нүглийнхээ төлөөсөнд тэр гэлэн дараагийн 500 төрөлдөө мэлхий болон төржээ.” Багахан гэмт явдалд тоомжиргүй хандсанаар ахин сэргэх тамд төрнө, ангид наманчилахуй тэргүүтнийг үл тоосноос болж халуун тамд төрмүй” хэмээн сударт өгүүлжээ.

Жишээ дөрөв

Нэгэн удаа алс зэлүүд газар нэгэн лам олон жил ууланд агуйд ганцаар бясалгаж өвгөн настай ч болж, гэгээрэлд хүрэх ч дөхөж. Нэг сайхан өглөө агуйнаасаа гараад хартал хажууд нь төөрчихсөн нэгэн хөөрхөн янзага учраа олохгүй зогсож байж гэнэ. Эхийг нь анчид хороосон бололтой, ганц янзага их өрөвдмөөр харагджээ. Өвгөн лам янзагыг дэргэдээ байлгаж өвс жимс усаар хооллож, ээцстээ янзага, лам хоёр ихэд идээшин дасчээ. Өвгөн лам ч янзагандаа ихэд хайртай болжээ. Өвгөн лам нас нь өндөр болж гэгээрлийн сүүлчийн шатанд хүрч нирваанд одохоор бэлдэж байв. Сүүлчийн өдөр, сүүлчийн мөч ирэхэд өвгөн лам “Надаас хойш энэ муу миний янзага минь яана даа” хэмээн бодсоор өөд болжээ. Гэтэл нирваанд одох ёстой байсан өвгөн лам дараа төрөлдөө ууланд бэлчих нэгэн гөрөөсний хэвлийд янзага болон тогтжээ.

Сүүлийн үеийн үйлийн үрийн жишээ

Жишээ нэг

Монгол улсад одооноос зуу тавь гаруй жилийн өмнө монголын баруун хязгаар нутагт “Цэцэн Лу жанжин гүн” гэж нутаг усандаа алдаршсан Лувсандондов хэмээх хүн амьдардаг байжээ. Лу гүний нутаг тэр үед одооны Увс аймгийн Хан Хөхий орчим байжээ Нэгэн удаа Лу гүний нутаг хошуунаас ахмад ,залуу хоёр аянчин эр нийслэл Хүрээ рүү аян замд гарчээ..Замын уртад ахмад настай аянчин нь анх удаа холын аянд яваа залуудаа бүх туршлага,арга замаа зааж сургасаар явж гэнэ.Ялангуяа нийслэл Хүрээнд очоод хаана буух, арьс, ширээ хэн гэдэг хятад наймаачинд өгдөг, ямар үнээр зардаг, олсон мөнгөөрөө эргүүлээд гурил, будаа, даавуу, даалимба хаанаас авч нутагтаа очоод хэрхэн борлуулж дахин мөнгөө хэрхэн өсгөдөг тухай нэгд нэгэнгүй ярьж өгчээ.

Өвгөний ярьсан болгоныг залуу эр толгойдоо бат хадгалжээ. Өдөр хоног өнгөрсөөр тэд явсаар нийслэл Хүрээнд дөхөж очсон гэнэ.Өвгөн залуу хоёр Хүрээ орохын өмнөх сүүлчийн шөнө хоноглох газраа буужээ. Гэтэл залуу нь өвгөнийг тэр шөнө алчихмаар санагдаад болдоггүй гэнэ.

Тэр нүгэлт санаа нь улам лавшраад бүр байж суулгахгүй болж гэнэ. Нэг мэдсэн чинь өнөөх залуу эр өвгөнийг цохиод алчихсан байв. Залуу ихэд сандарч өвгөний цогцсыг нь тэр хоноглосон газраа булчихжээ. Нөгөөх залуу маргааш өглөө нь Хүрээнд очиж өвгөний түүнд хэлж ярьж зөвлөж байсны дагуу бүх ажлаа бүтээж дуусгаад Хүрээнд хэд хоноод нутаг буцаж гэнэ. Залуу эр Хан Хөхий нутагтаа ирэхэд нь хамт явсан өвгөн яасан бэ? гэсэн хэрэг босч иржээ. Залуу эр ч анхны байцаалтаар хэргээ амархан хүлээв. Хэрэгтэн залуу өвгөнийг алсан газраа зааж өгчээ. Хэрэгтнийг байцааж байсан Лу гүн маш ухаалаг сэргэлэн ,гярхай хүн байсан тул залуугийн ярианаас дүгнэлт хийж өөрийн түшмэдүүддээ тэр газрыг ухахдаа өвгөний цогцос гарч ирсний дараа дахин доош нь үргэлжлүүлэн ухахыг тушаасан аж. Түшмэдүүд энэ тушаалыг гайхан хүлээн авч тэр газрыг ухахад залуутай хамт явсан нөгөө өвгөний цогцос гарчээ. Тэд бас дахин доош нь үргэлжлүүлэн ухахад олон жилийн өмнө булсан бололтой нэгэн хүний араг яс гарч ирсэн аж. Тэр үед хүнийг санаатай алсан хэрэгтэний толгойг нь цавчин авч цаазар шийтгэдэг байжээ.

Гэтэл Лу цэцэн гүн өнөөх алуурчин залууг цаазаар авалгүй ялыг нь хөнгөлж алс хол газар цөлж шийтгэсэн аж. Яагаад хэргийг хөнгөлөв? гэсэнд Лу гүн ингэж айлджээ.:-Олон жилийн өмнө намайг залуу байхад манай энэ нутгаас хоёр аянчин жин тээж нийслэл Хүрээ орсон юм.Тэдний нэг нь саяын алуулдаг өвгөн, нөгөө нь саяын алуурчин залуугийн эцэг нь хамт явсан юм.Тэр аянаас саяын алуурчин залуугийн эцэг нь буцаж ирээгүй юм. Тэр өвгөнийг тухайн үед байцаасан боловч тэр үед өвгөн залуу настай ,хүчтэй чанга эр байсан тул хэргээ хүлээлгүй ,ял авалгүй өнгөрсөн юм. Гэвч саяны явдлаар цээрлэлээ хүлээжээ. Өвгөний хүүрийн дороос гардаг араг яс бол алуурчин энэ залуугийн эцэг юм. Эцгийнх нь ясыг сахисан дэв яг тэр газар энэ хүүд шингэж энэ хэргийг үйлдүүлжээ. Ингэж өс хонзонгийн үйлийн үр үеэс үед , сүнснээс сүнсэнд дамждаг юм” хэмээн хэлсэн гэдэг. Лу цэцэн гүн үйлийн үрийн хуулийг гайхалтай сайн мэддэг ийм л ухаантай түшмэл байжээ.

Жишээ хоёр

Одооноос хоёр зуун жилийн өмнө Япон улсад болсон явдал.Төв замаас хол байдаг нэгэн дэн буудлын эзэн япон эр, эхнэрийн хамт буудалдаа ирж хоносон хүний мөнгөтэйг нь мэдээд уг хүн буудалд хоноод маргааш нь жаахан холдож явмагц буудлын эзэн сэлмээ авч араас нь гүйцэн очиж алаад мөнгийг нь авдаг байжээ.Энэ хэргийг шуналтай эхнэр нь байнга сэдэж эр нөхрөө ятган хийлгэдэг байв.Ийм байдлаар тэр хоёр арав гаруй хүний амийг хороож, мөнгийг нь дээрэмджээ.Амь гуйсан хүнийг ер өрөвдөхгүй алдаг байв.Гэтэл нэг өдөр буудлын эзэн япон эр өөрийн хийсэн хэрэгтээ учиргүй их гэмшиж яаж нүглээ наманчлах вэ ? гэж өдрийн бодол,шөнийн зүүд болов.Эхнэр нь дахин хүн алж мөнгө олохыг ятгасан боловч тэр ер тоосонгүй.Япон эр бодож бодож өөрийн дэн буудлаас холгүй зайтай нэгэн хавцал руу явав. Энэ хавцлын жижиг зөргөөр аян замын хүн заавал дайрч явдаг бөгөөд морьтой хүн,явган хүн явж байхдаа зарим үед халтирч гүн хавцал руу нисч унаж үхдэг байж.Нэг жилд ийм байдлаар арваад хүн хавцал руу унаж үхдэг байв. Япон эр тэрхүү хавцалтай уулыг ганцаар нүхэлж морьтой хүн явах зам гаргаж буян үйлдэхээр санаа шулууджээ. Япон эр тэр уулыг нүхлэн малтсаар гурван жилийн нүүр үзэж дуусах цаг ч дөхжээ.Гэтэл түүнийг 18 настай залуу самурай эрэн ирж өөрийн алуулсан эцгийн өшөөг авахаар ирснийг мэдэгдэж тулалдаанд дууджээ.

Өнөөх буудлын эзэн байсан япон эр хэргээ хүлээж алуулахад бэлэн байгаагаа хэлж нэгэн зүйлийг хүсчээ.Алуурчин япон эрийн ухаж байгаа нүхэн зам дуусахад ердөө хэдхэн сар үлдэж байгаа тул уг ажлыг дууссаны дараа өшөөгөө авахыг өнөөх япон эр хүсчээ.

Эцгийн өшөөг авахаар ирсэн япон залуу энэ хүсэлтийг зөвшөөрчээ.Хийх юмгүй арваад хоног хүлээсэн япон залуу сүүлдээ өшөөт дайсан япон эрийн нүхэн зам ухаж буй ажилд туслахаар шийдэж нөгөө талаас нь ухаж өгөхөөр болж гэнэ.Хоёр өшөөтөн өдөр шөнөгүй ажиллаж гурван сарын дараа нөр их ажил дуусч хоёулаа нүхэн замаа дуусган уулзалдаж буяны их үйлсээ бүтээсэндээ хамтран баярлаж уйлалдан тэврэлджээ.Үүний дараа өнөөх буудлын эзэн байсан япон эр нөгөө залууд хандаж: “За миний буяны ажил бүтсэн тул одоо би үхэхэд гомдолгүй.Та намайг алж эцгийнхээ өшөөг авна уу” гэжээ. Гэтэл хамт зовж, хамт буяны ажил бүтээсэн мөнөөх залуу самурайд өшөө авах сэтгэл өчүүхэн ч үлдсэнгүй, нулимс унагаад дуугүйхэн яваад өгчээ.Энэ бол хэдийгээр нүгэл үйлдсэн хүн үнэнхүү нүглээ гэмшин наманчилж буяны үйл бүтээвэл сайн үйлийн үр аяндаа боловсордог гэсэн үйлийн үрийн хууль үйлчилж байгаа нь тэр ажээ.

Жишээ гурав

Орчин үед Монголд болсон нэгэн бодит үйл явдал. Энэ хэргийг хорьдугаар зууны ерээд оны монголын хэвлэлд мэдээлсэн байсан. Тэр эмэгтэйг Саран гэдэг /нэрийг нь өөрчлөв/. Сараа наяад оны дундуур нийслэл хотын нэгэн дунд сургуулийг онц төгсөж Монгол улсын их сургуульд элсэн оров. Ангидаа хамгийн хөөрхөн, хамгийн ухаантай, онц сурдаг нь Сараа байв.Сараагийн аав,ээж нь нэгэн яам тамгын газар ажилладаг, боломжийн амьдралтай айл байв.Тэр үргэлж тэргүүний сурагч, тэргүүний оюутан байв.Урлагийн үзлэг болсон ч Сараа хамгийн сайхан дуулдаг, аятайхан бүжиглэчихдэг охин байж.Спортын тэмцээн болсон ч Сараа сагсан бөмбөг сайн тоглочихдог байв.Мэдээж нэг ангийн болон бусад ангийн хөвгүүд Сараад дурладаг, танилцах юмсан, найз нь болох юмсан, нөхөр нь болох юм сан гэцгээдэг байж. Сарааг дунд сургуулийн есдүгээр ангид сурч байхад нь хөдөөний нэгэн хөвгүүн аймгаас хотод шилжиж иржээ.

Тэр хөвгүүн даруу, ажилсаг, сурлага нь дунд зэргийн байсан бөгөөд түүнтэй үерхэхийг оролддог байсан боловч Сараа түүнийг нэг нүдээр ч тоож хардаггүй байв. Тэр хөвгүүнийг Дөлгөөн гэдэг /нэрийг нь өөрчлөв/. Дөлгөөн Сараад захиа өгч найз нь больё гэхэд Сараа “Би чамтай хэзээ ч суухгүй, хэзээ ч би чиний эхнэр болохгүй” гэдэг байж. Дөлгөөн ХААИС-д элсэн оржээ.Үе үе дунд сургуулийн нэг ангийнхан үдэшлэг, бааранд хамт ордог байсан боловч Сараа Дөлгөөнийг урьдын адил нэг нүдээрээ ч тоож хардаггүй, нэг үг ч сольдоггүй байжээ. Дөлгөөн үдэшлэгийн дараа Сараагийн хувцасыг нь бариад өмсгөж өгөөд “Чамайг хүргэж өгөх үү” гэхэд “Чамаар яах юм бэ?” гээд огт өөр нэгэн баян айлын хөвгүүн оюутан ч юм уу, эсхүл хэн нэгэн залуу багш дагаад явчихдаг байсан аж. Дөлгөөн: “Сараа намайг яаж тоох вэ дээ.

Сараа маань надад сар шиг хол байна даа” гээд инээгээд л хоцордог байж.

Сараа үе тэнгийн найз охидууддаа өөрийнхөө ирээдүйн нөхрийнхөө тухай ярихдаа “Миний нөхөр болох залуу бол хамгийн шилдэг, хамгийн баян, хамгийн ухаантай, эрдмийн зэрэг хамгаалсан, хамгийн сайхан залуу байх ёстой, намайг хатан хаан мэт хүндэлдэг залуу байх ёстой” гэдэг байжээ.

Сараа их сургуулийн гуравдугаар курст сурч байхдаа оюутны нэгэн үдэшлэг нийслэл хотын нэгэн дээд сургуулийн залуу багшид дурлаж түүнээс хоёр хүүхэдтэй болсон гэнэ.Сараа тэрхүү багш залуутайгаа нэг хэсэг хамт амьдарч байтал нөгөө нөхөр нь үргэлж архи дарс ууж, бусад охидын хойноос хөөцөлдөж, зугаа цэнгэл хөөдөг, амин хувиа хичээсэн хүүхэмсэг нэгэн байж таарчээ. Сараа удалгүй аргагүйн эрхэнд түүнээсээ салж хоёр нялх хүүхэдтэй хоцорчээ. Сараа ажлаасаа гарч хоёр хүүхдээ асрах болов. Энэ үед Сараагийн эх,эцэг хоёр нь ойр ойрхон нас барж, Сараа өөрөө ч ажилгүй, бага насны хоёр жижиг хүүхэдтэй хоцорч, өрх толгойлсон эмэгтэй болсон байна.Тэр хүнд үед нь нэг ангийн хуучин нөхөд нь цугларч, эх эцгийн хойтохыг нь уншуулж оршуулгын ажил явдалд нь тусалж түүнд хандив мөнгө өгч их тус болжээ.

Дөлгөөн ч бусдаас илүү Сараад тус болж байв. Дөлгөөн нэгэн компанид ажилд орчихсон амьдралаа төвхнүүлээд авчихсан гоонь эр болсон байлаа. Ангийнхан нь Сарааг ятгаж Дөлгөөнтэй хамт амьдрахыг зөвлөжээ. Дөлгөөн ч Сараад учирлажээ.Сараа эцэстээ зөвшөөрчээ.Хэзээ ч түүнтэй суухгүй гэсэн Сараа “давахгүй гэсэн даваагаар гурав давна” гэгчээр амьдралын хүнд үедээ Дөлгөөнтэй суухаас өөр замгүй болсон аж.

Дөлгөөн Сараагийн хоёр хүүхдийг нь өөрийн хүүхэд мэт асран халамжилж сургууль соёлынх нь зардлыг төлж сургуулийг нь төгсгөж хүний зэрэгт хүргэв. Дөлгөөн Сарааг хатан хаан мэт хүндэлж, гэр бүлийн бүх ачааг өөртөө үүрч байлаа.Сараагийн том хүү дунд сургууль төгсссөны дараа бүтэлгүйтэж эхэлсэн байна.Хэд хэдэн удаа гэрээсээ эд зүйлс хулгайлан авч ломбардад тавьж мөнгө авч архи дарс ууж эрүүлжүүлэхэд оржээ. Бас хулгайн хэрэг хийж шоронд орохдоо тулсан байна. Түүний бусдад учруулсан бүх хохирлыг нь Дөлгөөн төлж тэр хүүг шоронгоос мултлав.

Нэгэн удаа Дөлгөөн ажлаасаа оройтож иртэл нөгөө том хүү нь гэрт нь бас л архи уучихсан байхлаар нь “Чи ингэж архи ууж амьдралаа сүйтгэж болохгүй” хэмээн сургахад тэр хүү: “Чи муу хойд эцэг яах гээд байгаа юм.Чи намайг сургах юм уу.Чамайг алчихна шүү” хэмээн агсан согтуу тавиад эхэлжээ. Дөлгөөн “Чи хүн шиг байгаарай” гээд тэр хүүг нэг удаа монгол ёсоор хонгонд нь алгадаад тавьчихаж. Үүнийг харсан Сараа ихэд хилэгнэж Дөлгөөн рүү давшилж: “Чи муу новш, миний хүүд гар хүрнэ гэнээ. Энэ чиний хүү биш. Чамд хамаагүй” гээд гал тогооны өрөө рүүгээ ухасхийж нэг том балиус хутга барьчихсан дайрч ирээд “Арай ч үгүй байлгүй дээ” гэж бодохын зуургүй Дөлгөөний зүрх руу шууд хутгалжээ. Дөлгөөн ч цусаа урсган эмнэлгийн тусламж ч авч чадалгүй тэр дороо нас баржээ. Ийм нэгэн эмгэнэлт явдал Монголд ерээд онд болж Шүүхээр энэхүү эрүүгийн хэргийг шийдсэн ажээ.

Дүгнэлт: Сараа бүх талаар тэргүүний сурагч, тэргүүний оюутан байсан.Гэвч түүнд нэг том нүгэл байлаа.Тэр нь бусдыг үл тоох ихэмсэг бардам сэхүүн зан.

Тэр ирээдүйн нөхөр нь болох хүн ийм ч байх ёстой, тийм ч байх байх ёстой гэсэн хатуу шалгуур үзүүлэлт тавьчихаад тэрхүү буруу үзэлдээ маш их ач холбогдол өгчихсөн байсан. Сараа анхнаасаа омог бардам зангаа татаж авахгүй улам лавшруулсан. Бүр хүүхэд байхын Дөлгөөнийг үл тоох ихэмсэг бардам зан нь бүх насаараа нэмэгдсэн үү болохоос огт хорогдоогүй. Омог бардам сэхүүн зан нь түүний үйлийн үрийг улам зузаалсаар хар савыг нь дүүргэж, том нүгэлтэн болгожээ. Хэрэв Сараа түүний ирээдүйн нөхөр заавал ийм тийм байх ёстой гэсэн өндөр шалгуур тавиагүй бол, бусад хүний энэрэнгүй сайхан сэтгэлийг үнэлж чаддаг, бусдыг алагчилалгүй хүндэлж чаддаг байсан бол, хэрэв өөрөө сайхан сэтгэлтэй хүн байсан бол, хэрэв үйлийн үрийн хуулийг мэддэг байсан бол хар үйлийн үрийн сав нь дүүрэхгүй байх байсан. Гэвч тэр бүсгүй үйлийн үрийнхээ хар савыг улам дүүргэсээр эцэстээ алуурчин болжээ. Энэ бол эмгэнэлтэй харамсмаар түүх юм. Бидний эргэн тойрон ийм бодит эмгэнэлт явдал өч төчнөөн болж байдаг. Гагцхүү хүн бүрт энэрэхүй сэтгэл дутсанаас, үйлийн үрийг ухамсарлах сэтгэл дутсанаас ийнхүү үйлийн хар сав нь дүүрч зовлонд унадаг ажээ.

Тэгэхлээр сүсэгтэн бид Гүрү римбүүчий багшийн “Өнөөдөр та юу хийж, юү үйлдэж байна, өмнөх насандаа та ийм л байсан, ирээдүйд дараах төрөлдөө та тийм л байх болно “ гэсэн айлдварыг сайн санаж явах хэрэгтэй.

Хүмүүс бид үйлийн үрийн гинжинд олон галвын турш хүлэгдэж, сансрын мөнхийн хоригдол болсон юм байна гэдгээ сайтар ойлгож ухамсарлах хэрэгтэй. Иймд хүмүүс бид үйлийн үрийн гинж нисваанисийг тасар цавчиж сансрын зовлонгийн хүрднээс чөлөөлөгдөх ёстой, сансрыг гэтлэх ёстой. Мянган бурхан хүрээлээд ч, Бурхан багш түг түмэн шавь нарынхаа хамт авралын ном уншаад ч тухайн хүний үйлийн үрийг арилгаж чадахгүй аж. Тухайн хүн үйлийн үрээ өөрөө л бүтээж, өөрөө л эдэлдэг. Сайны үйл сайнаар боловсорно. Муу үйл муугаар боловсорно. Сайн үйл үйлдвэл амгалан ирнэ. Муу үйл үйлдвэл зовлон ирнэ.

Энэ замбуутивд хамгийн хүчтэй зүйл юу вэ? Орчин үеийн хүмүүс “атомын бөмбөг” гэж хариулах байх. Энэ замбуутивд хамгийн хүчтэй зүйл бол үйлийн үрийн хүч юм. Үйлийн үрийг хэн ч дийлж чадахгүй. Нүгэл үйлдэж баяжсан хүн, нүгэл үйлдэж албан тушаал авсан хүн, хүн алж хүрээ талсан хүн урт насалж болно л доо. Гэхдээ зөвхөн энэ насандаа. Энэ насандаа үйлийн үр нь боловсроогүй бол хойд насандаа заавал үйлийн үр нь боловсордог.

Христийн болон Исламын номлолд үйлийн үрийн тухай сургаал байдаггүй. Гэвч Ийсус: “Хүн хүүхэд шиг цайлган цагаан сэтгэлгүй бол диваажинд очиж чадахгүй” хэмээн сургадаг байжээ. Хятадын эртний гүн ухаантан Лао –цзы “Бид эргээд хүүхэд болох хэрэгтэй” гэж сургадаг байжээ. Орчин үеийн энэтхэгийн их гэгээнтэн Равви Шанкар багш: “Хүн хүүхэд шиг чин сэтгэлээсээ баярладаг, хүүхэд шиг чин сэтгэлээсээ аливаа зүйлд ханддаг байх хэрэгтэй” хэмээн сургадаг ажээ. Энэ бүх сургаал юуг хэлээд байна вэ? гэхлээр хүн нисваанист муу сэтгэлээр өдөөгдөж, нүгэл үйлдэх бус, хүүхэд шиг цэвэр ариун сэтгэлтэй амьдарч, буян үйлдвэл амгалан жаргалтай болно гэсэн санаа юм.

Хүн болгонд үйлийн үрийн хар, цагаан гэсэн хоёр л сав байдаг. Эрт цагт Түвдэд нэгэн энгийн хар хүн гэгээрсэн хүн болохоор шийдэж гэнэ. Хоёр том уут хийгээд нэг уутны хажууд цагаан чулуу, нөгөө уутны хажууд нь хар чулуу овоолоод аглаг зэлүүд газар суугаад бясалгаж гэнэ. Муу бодол төрөнгүүт нэг уутандаа хар чулуу хийгээд, сайн бодол төрөнгүүт нөгөө утандаа цагаан чулуу хийгээд байжээ.Эхлээд нэг уутанд нь дан хар чулуу дүүрээд байж гэнэ. Олон хоног бясалгасны дүнд аажмаар сайн бодол төрж хар уут цагаан уутны чулуу тэнцүү болж байв. Эцэстээ дан цагаан чулуу уутанд нь дүүрэн болдог болов. Ингэж бясалгасны үр дүнд тэр хүн хүн гэгээрч гэнэ. Тэгэхлээр хүн бүр үйлийн үрийн хар, цагаан савныхаа учрыг сайн мэдэх хэрэгтэй ажээ.

Хүн элдэв буруу үйл хийгээд үзэн ядалт, уур, омог, шунал тачаал, гомдол гутрал зэрэг сэтгэлийн сөрөг хөдөлгөөнд ороод ирэхлээр үйлийн үрийн хар сав нь аяндаа дүүрээд ирдэг аж. Энэ үед дээд тэнгэрээс тухайн хүнд сануулга дохиог өөрт нь элдэв муу юм тохиолдох байдлаар жишээлвэл, осолд орох, өвчин тусах, хулгайд юмаа алдах, тухайн хүний ойр дотны хэн нэг нь нас барах зэрэг хэлбэрээр илгээдэг аж. Буян үйлдэж, муу үйлийн үүдийг хаагаад хамаг амьтныг хайрлаж, тайван дөлгөөн, энэрэхүй асрахуй сэтгэлээр амьдарч, сэтгэлийн бүх сөрөг хөдөлгөөнөөс чөлөөлөгдөж чадвал үйлийн үрийн хар савын хэмжээ нь багасч, буяны цагаан сав нь дүүрч, хувь заяа нь тэгшрээд ирдэг аж.

Сайн цагийн мянган Бурхан төрөөд ч

Сансар нисваанисийг тонилгож чадах уу?

Буян ном хомсдсоноос болж нүгэл нилэнц арвиддаг бус уу

Бузар хилэнц арвидсанаас болж буян ном хомсддог бус уу

Үхэл, мөнх бусын энэхэн хорвоод

Үйлийн үрээс өөр юу ч алга даа, хүмүүс минь

Нүгэл хилэнц дүүрсэн энэхэн хорвоод

Нирваан амгаланд хүрэхээс өөр зөв зорилго байна уу, хүмүүс минь

Доржийн СҮХБААТАР


Сэтгэгдэл

ЗОЧИН [66.181.186.60] 2024-06-16 16:59:59

Хүн нэг насны/ турш өөрийгөө бүтээддэг тэр бүтээсэн/ авяас дадалыг үйлийн үрийн балчиг гэсэн байдаг

Зочин [202.126.89.30] 2023-09-02 08:35:57

Бөөс алаад хүн алсан шиг болох гэнэ. Улаан цайм худал хуурамч юм бичихээ өольчих

Зочин [202.55.188.114] 2023-09-01 19:39:55

бурханы хууль гэж буддаг хэлээд бна уу? будда ведийн шашнаас суралцаж бясалгасаар гэгээрсэн гэж түүхэн дээр нь бичээтэй бдаг биш билүү? бас кинон дээрээ ч тэр нь гарч л бдагшд. вед буюу ертөнцын мэдээллийн сангаас өөр гэгээнтнүүдийн авчирсан сургаалийг судлаж суралцаж явсаар цааш хуучирсан цаг үедээ нийцээгүйг нь сайжруулан сольж илүү хөгжүүлсэн л бдаг биз дэ. Зүгээр юу ч мэдэхгүй нэг нөхөр гэнэт өвчин зовлон харж цочирдоод л бодсоор байгаад гэгээрчих ч юу л бол. Галзуурч л магадгүй байх. Хангалттай эрдэм номонд суралцаж боловсорсон хүн л тийм оюунлаг байдлаар хандах нь тодорхой. Гэхдээ одоо бол түүнээс дутахааргүй, зарим нь илүү гарахаар сурч боловсорсон залуус олон л болсон. Тэгсэн хэрнээ одоо болтол шинээр ертөнцыг таньж, бурхны сургааль гаргаж ирэх хүн гарахгүй бга юмб?. будда гэх тэр хүн байгаль дэлхийн жинхэнэ бурханд л залбирдаг бсан бх. яиар нэг түвд юмуу энэтхэг хүний баримал, хүний зохиосон дүрэм журам бол хэний ч зохиож болох л зүйл. байгаль дэлхий тэнгэр бурхан бол

Зочин [202.55.188.114] 2023-09-01 19:54:16

буддаг ганц бурхан гэж шүтмээргүй л бган. тэр будда нь бурхан тэнгэр гм дээшээгээ шүтэж мөргөж л бсан бга. бурхан бол хүн гэж бодохгүй бна

Зочин [202.55.188.114] 2023-09-01 19:50:04

..бол ямар нэг байшин дотор юмуу шашин гэх тус тусдаа өөр нэртэй байгууллагуудын аль нэгэнд эсвэл аль нэг улсад л харьяалагддаг зүйл биш. тэр харьяаллыг улс төрийнхөн л ашиглаж тоглолт явуулдагыг нь зогсоох хэрэгтэй. тус тусдаа бурхныг шүтдэг өөр өөрийн арга барил хэв маягтай бхад л болно. гэтэл заавал хүний тоглоомонд орж (хүчээр оруулсан л да) тоглоод байх хэрэг юу бна? яахав хамсч глобал байхад ашиглаж болох ч сөрөг тал нь ашиггүй бга биз дэ. бүр эртний жинхэнэ эх сурвалжыг дурьдаж болох ч орчин үед өөрсдөө хамгийн их мэдлэгийн оргилд гарч бга үе нь одоо бишүү? сармагчин бснаасаа хойш кк

[203.98.76.249] 2023-09-01 12:58:36

ҮХ хууль дүрэм журам гэж байхаар энэ сургалиа ил тод хаас айгүй тавь. зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв гэж байхаар үйл үйлээ дагадаг үнээ тугалаа дагадаг. ИХГишүүд мөхлийг дагадаг гээд бич


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.