БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар сүүлийн таван сарын турш уналттай гарав
Урд хөршид үйлдвэрлэлийн идэвх энэ сард тав дахь сараа дараалан буурсан дүнтэй гарсан нь энэ салбар бодлогын дэмжлэг шаардсан хэвээр байгааг харууллаа гэж олон улсад дүгнэж байна. Үйлдвэрлэл, барилга, үйлчилгээний салбарын тэргүүлэх үзүүлэлт PMI индекс буюу худалдан авалтын менежерийн индекс дэлхийн хоёр дахь том эдийн засгийн тухайд энэ сард 49.7 хувьтай гарчээ.
Энэ үзүүлэлт өнгөрөгч долоодугаар сарын 49.3 хувийн үзүүлэлтээс 0.04 хувиар өссөн байна. Ингэхдээ голч үнэлгээг 50 хувьд авч үздэг. Үзүүлэлт 50-иас дээш гарвал эдийн засаг тэлж, харин 50 хувьд хүрэхгүй бол агшиж байна гэж үзэх үндэс болдог байна.
Хятадын дотоодод төдийгүй гадна зах зээлд эрэлт тааруу байгаа нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг сэргэх төлөвийг ийнхүү сааруулж байгааг ажиглагчид тэмдэглэж байна.
Дээрх шалгуур үзүүлэлт хамгийн сүүлд, цар тахал эхлээгүй байх үед л 3 сараас дээш хугацаагаар бууралттай гарч байсан гэж үзвэл одоогийн үзүүлэлт үйлдвэрлэгчид дунд сөрөг санаа сэтгэгдэл амь бөхтэй байсаар байна гэж дүгнэх үндэстэй байна.
Улмаар Хятадын томоохон банкууд мөн энэ жилийн төлөвөө Засгийн газрынхаа зорилтот 5 хувийн түвшнээс доогуур түвшин рүү буулгасан нь үл хөдлөхийн салбарын уналт, хэрэглээний зардлын үзүүлэлт сул байгаа, мөн зээллэгийн өсөлт буурсан зэргээс үүдэж эдийн засгийн сэргэлт удааширсантай холбоотой байна.
Өчигдөр л гэхэд Хятадын үл хөдлөхийн салбарт тэргүүлэгч “Country Garden” компани дефолт зарлаж магадгүй байгаагаа анхааруулсан.
Үүний өмнө тус компани оны эхний хагас жилд долоон тэрбум ам.доллар буюу дээд хэмжээний алдагдал хүлээснээ тайлагнасан байна. Энэ нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл хэр гүнзгий хямралд орсныг илтгэж байгаа хэрэг гэж олон улсын шинжээчид бичжээ. Энэ салбар холбогдох бусад аж үйлдвэрийн хамтаар Хятадын ДНБ-ий 4/1 шахам хувийг бүрдүүлдэг. Тиймээс эрх баригчид нь бодлогын хүүг бууруулах гэхчилэн дэмжих бодлогоо үргэлжлүүлэхээс аргагүй болж байна.
Энэ үүднээс өнгөрөгч ням гарагт хувьцааны арилжаанд ногдуулдаг тэмдэгтийн хураамжийг хоёр дахин бууруулж, энэ нь 2008 оноос хойш анх удаа татвар бууруулсан явдал болсон байна.
Мөн анх орон сууц худалдан авч байгаа иргэдэд хөнгөлөлттэй зээл олгох журам нэвтрүүлж, төрийн мэдлийн хэд хэдэн банк бас одоо хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн хүүгээ бууруулах чиглэлтэй байна. Энэ бүх арга хэмжээ, эрчим хүчний шинэ төрлийн үүсгүүр бүхий автомашины өндөр дүнтэй худалдан авалтыг урамшуулахад чиглэсэн чамгүй олон алхмын ард хэрэгжиж байна. Гэхдээ л өрийн эрсдэл нэмэгдэх болгоомжлолоос шалтгаалж огцом ахиц гарах магадлал тун бага гэж шинжээч үзэж байна.
Сэтгэгдэл