Ши Жиньпин: БНХАУ нээлттэй, хамтын ажиллагааг дэмжсэн эдийн засгийн бодлого явуулна

Aдмин / Гадаад мэдээ

Энэ сарын 2-оос 6-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотноо Олон улсын худалдаа үйлчилгээний чуулга уулзалт болж байна. Энэ чуулга уулзалтад дэлхийн 75 орны 2200 гаруй бизнес эрхлэгч, компанийн төлөөлөл оролцож байгаа гэсэн мэдээлэл байна. “Нээлттэй байдал хөгжилд хөтөлнө, хамтын ажиллагаа хожил авчирна” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй тус чуулганы үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин зайнаас үг хэлж, дэлхийн 2 дахь том эдийн засагтай орны хувьд дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд нээлттэй, хамтарсан эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрээр олон улсын худалдааны харилцаанд үйлчилгээний худалдаа голлох байр суурьтай байгааг онцолсон байна. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд худалдааны харилцаагаа өргөжүүлэхийг хүсвэл үйлчилгээний салбарыг түлхүү дэмжих шаардлагатай болсныг онцолжээ. Өсөн нэмэгдэж байгаа үйлчилгээний салбарыг бэхжүүлэхийн тулд дижиталчлал, ногоон эрчим хүч төвтэй технологи, инновацыг дэмжих, бизнесийн шинэ хэлбэрүүдийг хөгжүүлэх нь эдийн засгийн даяаршлын гол түлхүүр юм гэдгийг нэмж дурджээ.

Эдийн засгийн даяаршлыг энэ мэт аргаар дэмжиж өгөх нь дэлхийн эдийн засаг тогтворжих үндэс суурь юм гэж тэрээр дурдсан байна. БНХАУ “Нээлттэй хаалга”-ны бодлого хэрэгжүүлж эхэлсний 45 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна.

Үүнийг тохиолдуулан, энэ удаагийн чуулганы хүрээнд дэлхийн бүх улс оронтой нээлттэй, харилцан ашигтай худалдааны хамтын ажиллагааг өрнүүлэх эрмэлзэлтэй байгаа гэдгийг Ши Жиньпин онцолсон. Олон улсад өргөжүүлэн тэлэх сонирхолтой байгаа ногоон эрчим хүч, технологийн салбараас гадна харилцаа холбооны салбар, аялал жуулчлал болон бусад мэргэжлийн салбарыг дэмжих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Түүнчлэн "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд үйлчилгээний худалдаа болон дижитал худалдааг хөгжүүлэх төлөвлөгөөтэй гэдгийг мэдээлсэн юм. Чуулганд хэлсэн үгийнхээ төгсгөлд Ши Жиньпин чөлөөт худалдааны бүсийн ач холбогдол болоод эдийн засгийн хувьд тусгаарлагдмал байхын аюулын талаар үзэл бодлоо илэрхийлж, үгээ өндөрлүүлсэн байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.